Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангайгаас Хүннү хот чиглэлд шинээр салбар төмөр зам барихаар төлөвлөж, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Тус төмөр замын нийт урт нь 102 км бөгөөд замын голын даац 25 тонн, гүүрэн байгууламжийн урт 2.5 км, ус зайлуулах 115 хоолой баригдах юм.
Шинэ төмөр замаар зорчих галт тэрэгний хурд 90 км/цаг байх тооцоолол гарсан бөгөөд энэ нь тээврийн бүтээмжийг нэмэгдүүлж, бүс нутгийн хөгжилд чухал түлхэц үзүүлэх хүлээлттэй байна. Уг зам нь нийслэлийн зүүн өмнөд бүсийн дэд бүтцийн холболтыг сайжруулж, Хүннү хотын хөгжилд стратегийн ач холбогдолтой юм.
Түүнчлэн “Шинэ Зуунмод” хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд тус хотын нэрийг албан ёсоор “Хүннү хот” болгон өөрчилсөн нь энэ бүтээн байгуулалттай уялдаж байгаа юм.
Энэхүү шинэ төмөр замын төсөл нь Улаанбаатар хот орчмын төвлөрлийг сааруулах, тээвэр ложистикийн сүлжээг өргөтгөх, шинэ суурьшлын бүсүүдийг хөгжүүлэх урт хугацааны зорилттой нийцэж буй томоохон дэд бүтцийн төсөл юм.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, УБ хотын хөгжлийн бодлого.