Энэтхэг бол крикетэд хэтэрхий дуртай улс гэдгийг хиймэл оюун ухааны ChatGPT систем мэдэхгүй байхын аргагүй бололтой. OpenAI-ийн үүсгэн байгуулагч Сам Алтман өөрийн дүр төрхийг “анимэ хэв маягаар крикетчин болговол” гэж асуухад, тэр даруйдаа Энэтхэгийн хөх өмсгөлтэй, цохиур барьсан дүрийг бүтээжээ.
Алтман уг зургийг X (хуучнаар Twitter)-т нийтэлсний дараа Энэтхэгийн хэрэглэгчдийн дунд хүчтэй шуугиан дэгдсэн бөгөөд олон хүн түүнийг багийнх нь өмсгөлтэй хараад баяртай байгаагаа илэрхийлсэн бол зарим нь харин түүний зорилгыг хардаж эхэлсэн байна.
– “Сам Энэтхэгийн хэрэглэгчдийг татах гэж их хичээж байна”
– “Тэр 40 тэрбум долларын хэдийг нь Энэтхэгт зарцуулах вэ?” гэсэн мэт асуултууд цахим орчинд хөвөрчээ.
Зарим хэрэглэгч Алтманы сүүлийн үеийн нийтлэлүүдийг харахад Энэтхэгийг хэт магтаж буйг анзаарч, “энэ гэнэтхэн гарч ирсэн хайр юунаас үүдэлтэй вэ, нууц стратеги явагдаж байх шиг” хэмээн бичсэн нь олон хүний анхаарлыг татав.
Энэхүү хар бараан таамаглалуудын нэгээхэн хэсэг нь үнэний ортой байж болзошгүй. Учир нь Алтман энэ зургийг нийтлэхээс өмнө Энэтхэгийн хиймэл оюун ухааны хэрэглээг магтан "дэлхийг гүйцэж түрүүлж байна" гэж бичсэн нь мөн л олны анхаарлыг татаж, хэвлэлүүд нийтлэл болгон хүргэжээ.
Нэмж хэлэхэд, тэрбээр Studio Ghibli хэв маягаар хийсэн Ерөнхий сайд Нарендра Моди болон Дональд Трамп хоёрын хиймэл дүрслэлийг дахин түгээсэн нь сошиал ертөнцөд шинэ хэлэлцүүлэг үүсгэсэн байна.
Сам Алтманы энэхүү “Энэтхэгт хандах гэнэт илрэх халуун сэтгэл” нь зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бизнесийн сонирхолтой холбоотой. Тухайлбал, Энэтхэгийн хиймэл оюун ухааны зах зээл 2025 он гэхэд найман тэрбум долларт хүрнэ гэж Олон улсын худалдааны байгууллага тооцоолж байна.
MediaNama сайтын үүсгэн байгуулагч Нихил Пахвагийн хэлснээр, “Иймэрхүү сүржин мэдэгдлүүд нь хэрэглэгчийн тооны асар том зах зээлтэй шууд холбоотой” гэв. Тэрбээр "Энэтхэг бол бүх AI платформын хувьд том хэрэглэгчийн баазтай, ChatGPT нь DeepSeek зэрэг хямд өрсөлдөгчдөөс шахагдах болсон тул Алтман Энэтхэгийн хэрэглэгчдээ алдахгүйн тулд ийм алхмууд хийж байна" гэж тайлбарлажээ.
Технологийн сэтгүүлч Прасанто К.Рой ч мөн адил байр суурьтай байна. Түүний хэлснээр, “Гэнэт илэрсэн хайр биш, энэ бол бизнес” юм.
Эх сурвалж: BBC News