УИХ-ын гишүүн Б.Түвшин тэргүүтэй нэр бүхий гишүүд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан бөгөөд УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Хуулийн төслөөр маргааш буюу дөрөвдүгээр сарын 8-нд Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнд хэлэлцүүлэг хийнэ.
Хуулийн төсөлд гурван зүйлийн нэмэлт өөрчлөлтийг тусгасан байна. Үүнд,
-Өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн Ажил гүйцэтгэх гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах,
-Ажил олгогч ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах,
-Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоох зэрэг өөрчлөлтийг тусгажээ.