Хойд Солонгосын нийслэл Пёньян хотод олон улсын марафоныг зургаан жилийн завсарлагааны дараа анх удаа дахин зохион байгуулж, гадаадын хоёр зуугаад тамирчныг хүлээн авлаа. Энэхүү марафон нь 1981 онд анх эхэлж, улс төрийн удирдагч Ким Ир Сений төрсөн өдрийг тохиолдуулан жил бүр дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг уламжлалтай байв.
Сүүлд 2019 онд 950 гадаадын оролцогчтой зохиогдож байсан уг тэмцээн Ковид-19 цар тахлаас шалтгаалан дараа жил нь цуцлагдаж, Хойд Солонгос хилээ бүрэн хаасан юм. Улмаар тус улс 2023 оны дунд үеэс эхлэн хязгаарлалтаа аажмаар сулруулж, өнгөрсөн жилээс зөвхөн Оросын жуулчдад нийслэл хотынхоо үүдийг нээжээ.
Хамгийн сүүлийн марафонд оролцсон гадаадын иргэд зохион байгуулалттай аяллын багт хамрагдах шаардлагатай байсан бөгөөд цар тахлаас өмнөх үеийнхтэй ижил нөхцөлөөр нэвтэрсэн байна. Бээжин хотод байрладаг "Koryo Tours" аяллын агентлаг нь энэ арга хэмжээний “эксклюзив түнш” бөгөөд Бээжингээс нисэх зургаан өдрийн хөтөлбөрийг 2195 еврогоор санал болгожээ.
Марафоны маршрутад Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн, Японы колоничлолын эсрэг тэмцлийн бэлгэдэл болох Ялалтын хаалга, мөн шинжлэх ухаанчдын амьдардаг гэж тооцогддог “Ирээдүйн гудамж” зэрэг Пёньяны гол дурсгалт газрууд багтсан байна.
Уралдаан эхэлж, төгсдөг цэнгэлдэх хүрээлэн үзэгчдээр дүүрч, олон хүн алтан шар өнгийн цаасан туг намируулан, оролцогчдыг урамшуулж байжээ. Хойд Солонгосын тамирчин Пак Кум Донг “Ард түмний минь итгэл, харц надад ядрах мөч бүрд тэвчээр өгсөн” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.
Тэмцээний үр дүн олон нийтэд ил болоогүй байгаа бөгөөд 2024 оны хоёрдугаар сард Хойд Солонгос барууны зарим жуулчныг зүүн бүсийн алслагдсан Расон хот руу нэвтрүүлсэн ч удалгүй аяллыг дахин зогсоожээ.
Эх сурвалж: BBC News, Reuters