АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын татварын бодлого дэлхийн худалдааны дайн дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийх хандлагатай болжээ. Үүний улмаас Ази, Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээлүүд өнөө өглөө огцом уналттай эхэллээ.
Японы Nikkei 225 индекс 6.40 хувиар, Topix индекс 6.62 хувиар буурч, сүүлийн арван найман сарын доод түвшинд хүрчээ. Мөн Өмнөд Солонгосын Kospi индекс 5.01, Kosdaq 4.37 хувиар тус тус буурсан байна. Австралийн S&P/ASX 200 индекс 5.34 хувиар уналаа. Энэ нь хоёрдугаар сараас хойш 11 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин Хонконгийн Hang Seng индексийн фьючерс хэлцлийн үнэ 22 772 нэгжид хүрч, өмнөх хаалтынхаас бага зэрэг буурсан үзүүлэлттэй байв.
Трампын захиргаа тариф бууруулах талаар бусад орнуудтай хэлэлцээр хийх боломжтой гэж хөрөнгө оруулагчид найдаж байсан ч энэ найдвар талаар болж, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерсүүд ч мөн доошилсон байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын газрын тосны WTI маркийн нэг торх нефтийн үнэ 60 ам.долларын босгоос доошилж, 3 гаруй хувиар буурч 59.74 ам.доллар болжээ. Энэ нь 2021 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшин болж байна.
АНУ-ын удирдлагууд инфляц болон эдийн засгийн хямралын болгоомжлолыг үл харгалзан тарифын бодлогыг хадгалах байр суурь илэрхийлжээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн баасан гарагт Хятад улс АНУ-ын бараанд шинэ тариф оноохоо зарласнаар хоёр улсын хоорондох худалдааны зөрчил хурцадсаар байна. Хөрөнгө оруулагчид энэ үйл явцыг дэлхийн худалдааны дайн эхлэх эхлэл хэмээн харж байгаа тул хөрөнгийн зах зээлүүд гүн хямралд орж болзошгүй нөхцөл үүсээд байна.
Эх сурвалж: BBC News, Nikkei Asia, Reuters