Цахилгаан автомашины (EV) батерейг дахин боловсруулах нь хүндхэн ажил. Гэсэн ч тэдгээрийн агуулдаг литий, никель, кобальт, графит зэрэг ховор металлын эрэлт нэмэгдэхийн хэрээр хуучин батерейнаас эдгээрийг гарган авах шинэ, ухаалаг арга замууд бий болсоор байна.
Английн өмнөд баруун хэсэгт байрлах Altilium гэх компанийн лабораторид батерейг “дахин төрүүлж” байна. Гэхдээ эхлээд тэдгээрийг нунтаг болгож бутлана. Үр дүнд нь үүссэн “хар нунтгийг” (black mass) тусгай лабораторид химийн аргаар задлан боловсруулж, литий, никель, кобальт, графит зэрэг үнэт түүхий эдийг ялгаж авдаг.
Яагаад дахин боловсруулах нь чухал вэ?
-
IEA-ийн мэдээллээр, 2023 онд дэлхийд зарагдсан автомашины таван нэг нь цахилгаан байсан.
-
Ховор металлууд тодорхой бүс нутагт төвлөрсөн: никелийн тал илүү нь Индонезид, кобальтын гуравны хоёр нь Конгод олборлогддог. Эдгээр газарт хүний эрхийн асуудал хурц байна.
-
Алтилум болон ижил төстэй компаниудын зорилго бол батерейг дахин ашиглах замаар эдгээр олборлолтыг багасгах, хаягдалгүй эдийн засагт шилжих явдал юм.
Altilium хэрхэн ажилладаг вэ?
-
Батерейг бутлаж “хар нунтгийн” хэлбэрт оруулна.
-
Уг нунтгийг хүхрийн хүчлээр шингээж, гидрометаллурги аргаар металлыг ялган авдаг.
-
Графит, никель, кобальт, манган зэргийг тус тусад нь ялгаж, дахин боловсруулах боломжтой түүхий эд болгон батерей үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг.
-
Эцсийн зорилго бол Их Британид “хаалттай EV батерейн нийлүүлэлтийн гинжин хэлхээ” бий болгох.
Хэдий хүртэл дахин ашиглах боломжтой вэ?
Imperial College-ийн профессор Анна Ханкины хэлснээр, батерейг дахин цэнэглэж ашиглах боломж хязгаартай. Эцэстээ бүх батерей бутлагдаж, түүхий эд нь дахин боловсруулагдах шаардлагатай болдог. Мөн шинэ батерейнуудын бүтцийг дахин боловсруулахад хялбар болгох чиглэлээр үйлдвэрлэгчид ажиллах шаардлагатай.
Тогтвортой ирээдүйн түлхүүр
-
2040 он гэхэд литий, никелийн хэрэглээний 50 хувийг дахин боловсруулалтаар хангах боломжтой гэж судлаачид үзэж байна.
-
Европын Холбоо 2023 онд шинэ батерейн зохицуулалт баталж, 2025 оноос эхлэн дахин боловсруулах үр ашиг, түүхий эдийн агууламжид илүү өндөр шаардлага тавихаар болсон.
-
Дахин боловсруулалт нь зөвхөн байгаль орчны биш, мөн геополитикийн ач холбогдолтой. Ховор түүхий эдийн импортоос хэт хамааралтай байх нь эрсдэл дагуулна.
Цахилгаан машины батерейг дахин боловсруулах нь зөвхөн хаягдлыг бууруулах биш, дэлхийн улс орнуудын эдийн засаг, ногоон шилжилтийн ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл болоод байна.
Эх сурвалж: BBC Future, IEA, Imperial College London