Оны эхний хоёр сарын байдлаар “Гаалийн тухай хууль” зөрчиж, улсын хилээр архи, согтууруулах ундаа нэвтрүүлэхийг завдсан зөрчил гарсаар байна. Энэ хугацаанд нийт 611 литр архи, 1398 литр шар айраг, 35.5 литр виски хураан авчээ.
Гаалийн ерөнхий газрын Хяналт бүрдүүлэлтийн газрын Гаалийн улсын байцаагч Н.Амартүвшин иргэдийг гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч архи, согтууруулах ундааг хилээр нэвтрүүлэхгүй байхыг анхааруулсан байна.
Харин зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлсийг гаалийн журмын дагуу тодорхой хэмжээний согтууруулах ундааг татваргүй нэвтрүүлэх боломжтой. Үүнд:
- Архи – 2 литр
- Дарс – 2 литр
- Шар айраг – 3 литр
- Янжуур тамхи – 200 ширхэг (1 блок)
Эдгээр хэмжээгээр бол татвар, тусгай зөвшөөрөлгүйгээр хилээр оруулах боломжтой. Гэвч сүүлийн үед гарал үүсэл нь тодорхойгүй, ихэнхдээ БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, хуурамч байж болзошгүй архи нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байгаа аж.
Өнгөрсөн оны мөн үед 162 литр архи, 20 литр спирт хураан авч байсан бол энэ онд хураагдсан хэмжээ огцом нэмэгдсэн нь энэ төрлийн хууль бус үйлдэл ихэссэнийг харуулж байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар