Оросын нэрт шатарчин, дэлхийн 10 дахь аварга Борис Спасский 88 насандаа Москва хотноо таалал төгслөө гэж Оросын Шатрын холбооны ерөнхийлөгч Андрей Филатов мэдээлэв.
Б.Спасский 1937 онд Ленинград хотод төрж, таван настайдаа шатар тоглож сурсан байна. Тэрбээр 1953 онд Бухарест хотод болсон олон улсын тэмцээнд оролцож, олон улсын мастер цол хүртсэн бол 1955 онд залуучуудын дэлхийн аварга болж, их мастерын болзлыг биелүүлжээ.
Тэр 1969 онд Тигран Петросяныг хожиж, дэлхийн аварга болсон ч 1972 онд Америкийн шатарчин Роберт Фишерт хожигдож аваргын цолоо алдсан юм.
Спасский ЗХУ-ын аваргаар 1961, 1973 онд хоёр удаа шалгарч, Дэлхийн шатрын олимпиадад Зөвлөлтийн шигшээ багийн бүрэлдэхүүнд зургаан удаа түрүүлж, нэг удаа мөнгөн медаль хүртжээ.
1973 онд Францын ЭСЯ-ны ажилтантай гэрлэж, тус улсад суурьшсан тэрбээр 1984, 1986 онуудад Францын шигшээг ахлан Дэлхийн шатрын олимпиадад оролцсон байна. Харин 2012 онд ОХУ-д эргэн ирж, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй ажилласан бөгөөд 2018 онд Оросын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Тэрээр олон улсын 60 гаруй тэмцээнд оролцож, 19 удаа тэргүүн байр эзэлсэн юм.
ФИДЕ-гийн мэдээлснээр, өнөөдөр Монакод өндөрлөсөн эмэгтэйчүүдийн Гран-При тэмцээний хаалтын ёслолын үеэр түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсох аж.
Эх сурвалж: rbc.ru