Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн энэ улирлын сүүлийн тоглолт өнөөдөр болох бөгөөд АПЭС-ын залуус “Уурхайчид”-ыг, “Завхан Бродерс” “Сэлэнгэ Бодонс”-той тоглох хуваарьтай байна.
Эдгээр тоглолтын үр дүн улирлын байрлалд шууд нөлөөлөх бөгөөд плей-оффын тоглолтууд гуравдугаар сарын 9-нөөс эхэлнэ. Лигийг “Хүлэгүүд” баг 19 хожил, найман хожигдолтойгоор тэргүүлж байгаа бол “Бишрэлт Металл” долоо дараалсан хожлынхоо ачаар хоёрдугаар байрт шалгарлаа. Плей-оффын шатанд “Хүлэгүүд” баг “Уурхайчид” эсвэл “Дархан Юнайтед”-тай таарах магадлалтай бөгөөд “Бишрэлт Металл” багийн өрсөлдөгч өнөөдрийн тоглолтоос шалтгаалан тодорно.
Үүнээс гадна эмэгтэйчүүдийн лигийн аваргын төлөөх цувралын ээлжит тоглолт өнөөдөр болох бөгөөд “Омни Хүлэгүүд” баг “Улаанбаатар Амазонс”-той хоёр дахь жилдээ финалд өрсөлдөж байна. Одоогоор цуврал 2:2 харьцаатай байгаа тул өнөөдөр хожсон баг аваргын цом өргөхөд нэг алхам ойртох юм.