АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер-тэй пүрэв гарагт уулзаж, Орос-Украины хооронд энх тайвныг тогтоох хүчин чармайлтын талаар ярилцлаа. Трампын хэлснээр, АНУ аль хэдийн Орос, Украинтай яриа хэлэлцээ эхлүүлсэн бөгөөд ахиц дэвшил гарч байгаа аж.
Уулзалтын өмнө К.Стармер Их Британийн хаан III Карлын захидлыг Трампад гардуулсан бөгөөд уг захидалд түүнийг Их Британид төрийн айлчлал хийхийг урьжээ. Хариуд нь АНУ-ын Ерөнхийлөгч ойрын хугацаанд Их Британид айлчлахаа мэдэгдсэн байна.
Украинд Европын энхийг сахиулах хүчийг байрлуулах асуудлыг К.Стармер айлчлалынхаа өмнө АНУ-д уриалсан юм. Харин Трамп гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа энхийг сахиулагчдыг байрлуулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг онцолжээ. Мөн хэрэв тохиролцоонд хүрвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тохиролцоог зөрчихгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
К.Стармер бол энэ долоо хоногт Трамптай уулзсан Европын хоёр дахь удирдагч бөгөөд өмнө нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Вашингтонд айлчилсан билээ.
Яриа хэлэлцээний үеэр К.Стармер "Москва дахин түрэмгийлэхээс сэргийлэхийн тулд энхийн гэрээ байгуулсан тохиолдолд Украины аюулгүй байдалд баталгаа олгох"-ыг шаардах төлөвтэй байгаа аж. Мөн хоёр орны худалдааны харилцаа, хиймэл оюун ухаан, эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Эх сурвалж: DW