2024 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд "Бусдад дээрэмдүүлсэн" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Уг мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Samsung S-23 загварын гар утас, 400,000 төгрөгийг дээрэмдсэн 17-18 насны эрэгтэй “А”, “Д”, “М”, эмэгтэй “А”, “Ш” нарын бүлэг этгээдийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргээс баривчилжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг оройн цагаар сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах, баталгаат такси үйлчилгээг ашиглан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Мөн дээрх хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв