x

Социализм ба Коммунизм

Маркс, Энгельсийн томъёолсноор коммунизм болоод социализм нь нэгэн ижил утгыг илэрхийлдэг бөгөөд ямар нэгэн онцын ялгаагүйгээр ээлжлэн хэрэглэгддэг юм. 1917 он хүртэл бүхий л марксист бүлгэмүүд болон сектүүд эдгээр хоёр нэршлийг нэг утгаар хүлээн авдаг байв. Коммунист намын тунхагийг өөрсдийн онолын цор ганц номлол гэж үздэг байсан марксист улс төрийн намууд өөрсдийгөө социалист нам хэмээн нэрлэдэг байлаа. Тэдгээр намуудаас хамгийн нөлөөтэй, гишүүд олонтой Герман нам гэхэд л “Социал Демократ Нам” гэсэн нэрийг намдаа өгч байв. 1917 оноос өмнө марксист намууд улс төрийн амьдралд аль хэзээний хүчээ аваад байсан ба Итали, Франц болон бусад улсуудад социалист гэх нэршил коммунист гэх нэршлийг орлож эхлээд байв. 1917 оноос өмнө ямар ч марксист этгээд коммунизм болоод социализмыг ялгаж салгаж зүрхлэхээргүй байлаа.

1875 онд “Германы Социал Демократ Намын Гота Програмын Шүүмж” зохиолдоо Маркс ирээдүйн коммунист нийгмийн доод (өмнөх) болоод дээд (дараах) шатыг тайлбарлан зааг ялгааг нь харуулсан байдаг. Гэхдээ тэрээр коммунизмыг дээд үе шат, социализмыг доод шат хэмээн огт хэлээгүй юм.

Марксийн үндсэн суурь догмануудынх нь нэг нь социализм байгалийн хуулийн дагуу зайлшгүй бий болно гэсэн бодол байлаа. Капиталист үйлдвэрлэл өөрийн үгүйсгэлээ төрүүлэх ба үйлдвэрлэлийн хэрэгслийн нийтийн өмчид суурилсан социалист системийг бий болгоно.

Kапитализм нь капиталист үйлдвэрлэлийн төрөлхийн хуулийн дагуу өөрийгөө устгана. (Marx, Das Kapital, 7th ed. (Hamburg, 1914), Vol. I, p. 728. Publisher’s Note: In English edition, p. 836.)

Kапитализмаас социализм руу шилжих процесс нь хүний хүслээс үл хамаарна.( Marx, Zur Kritik der politischen Ökonomie, ed. Kautsky (Stuttgart, 1897), p. xi. Publisher’s Note: In English edition by Kerr, pp. 11-12; by Eastman, p. 10.)

Хүн төрөлхтний хувьд үүнийг хурдлуулах, саатуулах, хойшлуулах боломж үгүй. Үйлдвэрлэлийн хүч бүрэн дүүрэн хангалттай хэмжээнд боловсрохоос өмнө ямар ч нийгмийн зохион байгуулалтын хэлбэр устаж үгүй болохгүй. Мөн өмнөх нийгмийн хэвлийгээс оршин тогтноход нь шаардлагатай материаллаг нөхцөл байдал үүсэн бий болоогүй цагт ямар ч үйлдвэрлэлийн шинэ, хөгжингүй технологи шинээр төрөх боломжгүй. (Ibid., p. xii. Publisher’s Note: In English edition by Kerr, p. 12; by Eastman, p. 11.)

Энэхүү онол нь мэдээж Марксын өөрийнх нь улс төрийн үйл ажиллагаа болоод тэдгээр үйл ажиллагааг зөвтгөхөд хэрэглэгддэг номлолуудтай харш. Маркс капитализмаас социализм руу шилжих шилжилтийг хувьсгал болоод иргэний дайны тусламжтайгаар гүйцэлдүүлж чадах улс төрийн нам зохион байгуулах гэж чармайж байлаа. Марксын онолыг сохроор баримтлагчдын нүдээр намынх онцлог шинж нь Маркс болоод түүнийг дэмжигчдийн хүчирхийлэл үйлдэх гэсэн санаа сэдэлд нь чин үнэнч байх явдал байв. Тэдний зорилго нь бослого дундаас эрх мэдэлд хүрч пролетарийн диктатур тогтоох, мөн цаашлаад хөрөнгөтөнгүүдийг устган дарж авах явдал байсан юм. 1871 оны Парисын Коммунардуудын бослогыг яг ийм маягийн иргэний дайны төгс жишээ хэмээн үзэж байв. Парисын бослого мэдээж харамсалтайгаар бүтэлгүйтсэн. Гэсэн ч дараагийнх нь амжилттай болно гэдэг горьдлогыг хүмүүс тээж байлаа.

Европын улс орнууд дахь марксист намуудын авч ашигласан тактикууд нь Карл Марксын эдгээр өөр хоорондоо зөрчил бүхий хоёр номлолын аль алинтай нь үл нийцэж байв. Социализм гарцаагүй ирнэ гэдэгт тэд үнэмшиж байгаагүй мөн хувьсгалд ч итгээгүй. Тэд парламентын aрга замыг сонгосон. Тэд сонгуулийн саналын араас хөөцөлдсөн бөгөөд өөрсдийн төлөөлөгчдөө парламентэд суулгаж байлаа. Тэд ардчилсан үзэл баримтлалтай намууд болон хувирсан ба парламентaд бусад өрсөлдөгч намууд шигээ л аашилцгааж байв. Зарим улс орнуудaд тэд бусад намуудтай түр зуур эвсэн нийлж байсан ба үе үехэн л социалист намын гишүүд засгийн газарт багтан орж байв. Дэлхийн нэгдүгээр дайны дараа социалист намууд нэлээдгүй олон парламентад олонхийг бүрдүүлж байлаа. Зарим улсад социалистууд дангаар удирдлагыг гартаа авсан байсан бол өөр бусад зарим оронд хөрөнгөтөн намуудтай нийлж засгийн эрхийг барьж байв.

1917 оноос өмнө тэдгээр социалистууд ортодокс марксизмын үл хувирах хатуу чанд зарчмыг баримталдаг хэмээн дүр эсгэж байсан буюу социализм зайлшгүй ирнэ гэдгээ ахин дахин давтсаар л байв. Тэд өөрсдийн намын хувьсгалч шинж чанарыг онцлон тэмдэглэж байлаа. Хэн нэгэн тэдний хувьсгалч хүсэл эрмэлзэлэлд нь эргэлзсэн хандлага гаргахаас илүүтэйгээр юу ч тэдний уур хилэнг бадраадаггүй байлаа. Гэсэн ч тэд үнэндээ бусад намуудтай л ижил парламентын л намууд байв.

Маркс, Энгельсийн сүүлийн бичвэрүүдэд илэрхийлэгдсэн марксист өнцгөөс бол капитализмыг хязгаарлах, зохицуулах, сайжруулахад чиглэгдсэн бүхий л арга хэмжээ бол капиталист эволюцийн хуулийг үл огоорсон харанхуй бүдүүлэг байдлаас бий болсон “жижиг хөрөнгөтний” зүгээр л нэг утгагүй учиргүй явдал юм. Жинхэнэ социалистууд капиталист эволюцийн замд ямарваа нэгэн саад тотгор учруулах ёсгүй. Капитализм өөрийн хөгжлийн биелэлийг бүрэн гүйцээсний үндсэнд социализмыг авчирч чадна. Kапитализмын хөгжилд садаа хийх гэсэн тиймэрхүү арга хэмжээг явуулах нь пролетариудын ашиг сонирхолд ашиг тусаар бага байгаад зогсохгүй бүр ч хор хөнөөлтэй. Үйлдвэрчний эвлэл хүртэл ажилчдын нөхцөл байдлыг сайжруулахад хангалттай байж чадах арга зам биш. Интервенционизм өргөн олонд сайнаар тусаж чадна гэдэгт Маркс итгэж байгаагүй. Цалингийн доод хэмжээ, тааз үнэ, хүүгийн түвшинг хянах, нийгмийн хамгаалал гэх зэрэг арга хэмжээнүүд нь социализмыг авчрах урьдчилсан алхмууд гэдэг санааг тэрээр хүчтэйгээр эсэргүүцэж байлаа. Коммунизмын дээд шатанд л гүйцэлдэж чадах цалингийн систем үгүй болох явдал руу тэрбээр зүтгэж байв. Капиталист нийгмийн хүрээн дэх хөдөлмөрийн таваарын шинж чанарыг хууль батлаад л үгүй хийх гэсэн санааг тэрээр ихэд тохуурхан хүлээн авах байсан бизээ.

Гэсэн ч Европ дахь социалист намууд Кайзерийн Германы Sozialpolitik (Бисмаркийн засгийн газрын явуулсан халамжит төрийн бодлого) болоод АНУ-ын Шинэ Чиг (New Deal)-д муугүй хандаж байв. Энэ нь Жорж Сорел болоод Синдикализмын бодлогын эсрэг явдал байлаа. Хөрөнгөтөн гэр бүлээс гаралтай, аймхай хулчгар сэхээтэн Сорел социалист намуудыг хөрөнгөтөн сэхээтнүүдээр дүүрэн доройтож байна хэмээн хурцаар шүүмжилдэг байв. Тэрээр нийт ард түмэнд угаас цусанд нь байдаг хэрцгий догшин байдлыг сэргэхийг болон тэднийг сэхээтэнлэг хулчгаруудаас өөрсдийгөө чөлөөлөхийг нь харахыг хүсэж байв. Сорел бослогоос бусад бүхий л зүйлсийг юман чинээнд тооцдоггүй байсан. Тэрбээр хорлон сүйтгэх ажиллагаа болоод дайрч довтлох байдлыг дэмжиж үүнийгээ сүүлчийн аугаа их хувьсгалын эхний алхам гэж бодож байлаа.

Биеэ тоосон, хийх ажилгүй сэхээтэн болоод баян бизнес эрхлэгчид болон тэдгээр сэхээтнүүдээс дутахгүй лазан, ихэмсэг өв залгамжлагчдийнх нь дунд л тэрбээр амжилт олж байв. Тэр илт мэдэгдэхүйцээр олон түмнийг хөдөлгөж чадаагүй. Баруун болоод төв Европын марксист намуудын хувьд түүний цогтой, ширүүн шүүмжлэл нь яршиг болохоос цааш хэтрээгүй юм. Tүүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь ердөө л Оросын Болшевизм болон Италийн Фашизмын эволюцид нөлөө үзүүлсэн түүний үзэл санаагаар л хязгаарлагдана.

Болшевикуудын сэтгэлгээг ойлгохын тулд бид дахиад л Карл Марксын сургаалыг дурдах шаардлагатай. Капитализм нь хэдхэн өндөр хөгжилтэй улсуудаар хязгаарлагдаaд дуусахгүй эдийн засгийн түүхэн үе шат юм гэдэгт Маркс гүнээ үнэмшсэн байлаа. Капитализмд дэлхийн бүх хэсгүүдийг капиталист болгон хувиргах хандлага байдаг. Хөрөнгөтнүүд бүхий л улс үндэстнүүдээс капиталист болохыг шахан шаардана. Капитализм сүүлчийн амьсгалаа авах үед капитализмын сүүлийн үе шатанд оршин буй бүхий л ертөнц тэр чигээрээ социализмд хүрэх шилжилтэндээ бүрэн бэлтгэгдсэн байх болно. Социализм дэлхий өнцөг булан бүрт нэгэн зэрэг бий болно.

Энэхүү мэдэгдэл нь түүний маш олон алдааных нь өчүүхэн хэсэг төдий. Улс орон бүрт капитализмын хөгжлийн асар том ялгаанууд оршдог гэдгийг өнөөдөр марксистууд хүртэл үгүйсгэдэгүй мөн чингэж ч чаддаггүй. Марксын түүхийн тайлалын өнцгөөс харахад капитализмаас өмнөх нийгэм гэж тайлбарлагдах маш олон улс байдаг гэдгийг тэд мэддэг. Тэдгээр улсуудад хөрөнгөтнүүд хараахан удирдлагыг гартаа аваагүй байдаг бөгөөд социализм бий болоход чухал урьдач нөхцөл болсон капитализмын түүхэн үе шатыг туулаагүй байдаг. Тэдгээр улсууд тэгэхээр өөрсдийн хөрөнгөтний хувьсгалыг хийх ёстой бөгөөд тэдгээр улсуудыг социалист болгох эсэхийг ярихаас өмнө капитализмын бүхий л үе шатуудыг туулуулах ёстой. Тэдгээр улсуудад Марксистуудын авч хэрэгжүүлж болох цор ганц бодлого нь хөрөнгөтнүүдийг ямар нэгэн нөхцөлгүйгээр эхлээд засгийн эрхийг авахад нь, дараа нь худалдаа наймаа хийхэд нь дэмжих юм. Марксист намын хувьд маш удаан хугацааны турш хөрөнгөтний либерализмд хүлцэнгүй хандахаас өөр хийх зүйл, даалгавар байгаагүй. Түүхийн материализмыг зөв хэрэгжүүлэх явдал нь түүхийн материализмын цорын ганц даалгавар бөгөөд энэ нь Оросын Марксистуудад ч хамааралтай. Капитализм тэдний улсыг социализмд ороход бэлэн болгох хүртэл тэд үг дуугүй хүлээх ёстой байх байсан билээ.

Гэсэн ч Оросын марксистууд хүлээхийг хүсээгүй юм. Тэд аливаа нэгэн улс түүхэн эволюцийн үе шатуудын аль нэгийг нь алгасах боломжтой гэх Марксизмын шинэ хувилбарыг авч ашиглахад хүрсэн. Шинэ онол нь марксизмын өөрчлөн сайжруулалт бус харин түүнээс үлдсэн сүүлчийн хэсгийг хүртэл үгүйсгэсэн явдал гэдгийг мэдсээр байж нүд анин өнгөрөөсөн юм. Энэ нь хэрэв хүн социализмыг нийтийн сайн сайханд капитализмаас илүү ашиг тустай гэж үзэж байвал хүн ямар ч үед социализмыг авч хэрэгжүүлэх боломжтой гэх марксизмаас өмнөх болоод Марксист бус социалист номлол руу илэрхий эргэж буцсан явдал байлаа. Энэ нь диалектик материализм болоод хүн төрөлхтний эдийн засгийн эволюцийн хуулийг нээсэн гэх марксист онолд шингэсэн бүхий л мистицизмыг ил гарган ирж буй юм.

Марксист детерминизмээс өөрсдийгөө чөлөөлснийхөө дараа Оросын марксистуудын хувьд өөрийн улсдаа социализмыг нутагшуулах хамгийн зохистой тактикийг хэлэлцэх нь чөлөөтэй болж ирсэн. Эдийн засгийн асуудлуудаар тэд нэгэнт санаагаа чилээхээ больсон байв. Тэдэнд цаг нь болсон, болоогүй эсэх нь ч хамаагүй байв. Тэдэнд төрийн эрхийг хүчээр булаан авах гэсэн ганц л хүрэх ёстой зорилт байлаа.

Олонхийн саналыг авч чаддаггүй юм гэхэд ядаж хангалттай хэмжээний хүмүүсийн дэмжлэг авч чадах юм бол урт хугацааны амжилт олох боломжтой хэмээн нэг бүлгэм мэтгэж байлаа. Харин нөгөө бүлгэм нь үүн шиг цаг үрсэн үйл ажиллагааг дэмжээгүй. Тэд ширүүн цохилтыг санал болгож байлаа. Хувьсгалын тэргүүний бүлэг гэгчээр фанатикуудын жижиг бүлгийг зохион байгуулаж ажиллуулах шаардлагатай. Удирдагчид захирагдах хатуу чанд сахилга бат болон нөхцөл шаардахгүй дуулгавартай байдал нь эдгээр мэргэжлийн хувьсгалчдыг гэнэтийн дайралтанд бэлэн болгоно. Тэд Хаант засгийг халан орыг нь залгах ба улсаа хааны цагдаагийн уламжлалт арга барилын дагуу удирдах ёстой юм.

Эхний үзэл санааг баримтлагсад болох Меньшевикүүд (цөөнх) болон удаах санааг дэмжих Большевикуудыг (олонх) нэрлэхэд ашиглагдаж буй нэршлүүд нь 1903 онд өнөөх тактикийн асуудлыг хэлэлцэхээр зохион байгуулагдсан уулзалтын хүрээнд явагдсан санал хураалтын үр дүнтэй хамааралтай. Эдгээр хоёр бүлгийг өөр хооронд нь тусгаарлаж буй цорын ганц ялгаа нь ямар тактик хэрэглэх ёстой вэ гэсэн л асуудал юм. Тэд хоёул эцсийн зогсоол бол социализм гэдэг дээр санал нэгтэй байв.

Сектүүдийн аль аль нь тус тусын үзэл баримтлалаа Маркс, Энгельсийн бичвэрүүдээс ишлэн зөвтгөж байлаа. Энэ нь мэдээж Марксист заншил билээ. Аль аль сектүүд тэдний хувьд ариун шүтээн болсон номнуудаасаа өөрсдийн байр суурийг хамгаалах зүйлсийг нээн олох бүрэн боломжтой байв.

Большевикуудын удирдагч Ленин нутаг нэгтнүүдээ өөрийн дайснууд болон тэдний удирдагч Плехановоос хол илүү ойлгодог байлаа. Плехановтой адилаар барууны улсуудын стандартуудыг оросуудад ашиглах гэсэн алдааг Ленин гаргаагүй. Тэрбээр гадаад эмэгтэйчүүд (хатан хаан II Екатерина г.м орч.) Оросод засгийн бүрэн эрх мэдлийг хоёр ч удаа гартаа аван насан туршдаа захирсан туршлагыг мартаагүй байлаа. Хааны нууц цагдаагийн газрын террорист аргууд нь амжилттай хэрэгжсэнийг тэрбээр мэдэж байсан бөгөөд мөн тэдгээр аргуудыг хөгжүүлж сайжруулна гэдэгтээ итгэл дүүрэн байсан. Тэрбээр хэрцгий дарангуйлагч байсан ба оросууд дарангуйллын эсрэг тэмцэх зориг тэнхээ дутмаг гэдгийг ойлгож байсан юм. Кромвелл, Робеспьер, Наполеон нарын адилаар тэрбээр санасандаа заавал хүрэх гэдэг булаан эзлэгч бөгөөд олон нийтэд хувьсгалч сэтгэхүй үгүй гэдэгт гүнээ итгэсэн нэгэн байлаа. Золгүй II Николай хаан сул дорой хүн байсан учраас Романовынхоны засаглал унах нь илэрхий байсан. Парламентийн засаглалын зарчмыг үнэнчээр дагасан явдал нь социалист хуульч Керенскийн уналтын шалтгаан болов. Ленин дарангуйлагч болохоос өөр зүйлд хэзээ ч анхаарал хандуулаагүй учир амжилтанд хүрсэн бөгөөд оросууд Догшин Иван хааны залгамжлагч буюу дарангуйлагчийн хүслэн болсон байлаа.

II Николай хааны засаглал жинхэнэ хувьсгалт өөрчлөлтөөр төгсгөвөр болоогүй юм. Түүний засаглал дайны талбарт л сүйрчихсэн (Дэлхийн Нэгдүгээр дайн орч.) юм. Керенскийн зохицуулж үл хүчрэх анархи байдал бий болов. Санкт-Петербургын гудамжин дахь мөргөлдөөнүүд Керенскийг авч хаясан бөгөөд хэсэг хугацааны дараа Ленин өөрийн гэсэн Брюмерийн арван наймныг (Марксын хувьсгалт төрийн эргэлтийн талаар бичсэн зохиолын нэр орч.) тоглосон билээ. Большевикууд террор үйлдэж байсан ч тэд Үндсэн хуулийн ассамблейн гишүүдийн хорь гаруй хувийг эзэлж байсан ба Ленин Үндсэн хуулийн ассамблейг (2-р сарын хувсгалын дараа Оросод Үндсэн хуульт ёс тогтоох үүднээс зохион байгуулагдсан ардын төлөөлөгчид буюу нэг ёсны ардчилсан парламент) юу ч үгүй болгов. Богино настай “либерал” үүлэн чөлөө үүгээр төгслөө. Орос орон чадваргүй, дорой Романовынхны гараас жинхэнэ дарангуйлагчдын гарт ингэж шилжсэн билээ.

Оросын эзэн болоод Ленин сэтгэл ханасангүй. Тэрбээр социализмыг зөвхөн Оросод бус бүхий л улс орнуудад бий болгох хувь тавилантай гэдэгтээ бат итгэлтэй байлаа. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс гэх түүний өөрийн засгийн газартаа өгсөн албан ёсны нэр нь Оростой холбогдолтой зүйл агуулаагүй. Энэ нь дэлхийн засгийн газрын цөм байхын тулд зохион бүтээгджээ. Гадаад иргэншил бүхий журмын нөхөд цөмөөрөө засгийн газрын хууль ёсны эрхийн дагуу уг засгийн газарт үнэнч байх ёстой бөгөөд тэдний өөдөөс тэмцэхээр зориглосон гадаадын хөрөнгөтнүүд бүгд урвагч хэмээн буруутгагдаж ялын дээд хэмжээ хүртэх ёстой гэдэг утгыг далдаар илэрхийлж байв. Барууны улсууд аугаа их сүүлчийн хувьсгалын босгон дээр байгаа гэдэгт Ленин огт эргэлзээгүй. Тэр өдөр бүр хувьсгалтай холбоотой хэл чимээг чих тавин суудаг байв.

Амжилт олох төлөв байгаагүй ч тэр хувьсгалт өөрчлөлтөөс сэргийлэхээр оролдох Европ дахь цор ганц бүлэг Лениний санаанд байлаа. Тэдгээр нь социалист намуудын толгойд гарсан сэхээтэн ангийн гишүүд юм. Ленин тэдгээр хүмүүсийг парламентат засаглалыг дэмжсэн мөн өөрийнх нь дарангуйлах хүсэл эрмэлзэлийг жигшин зэвүүцсэнийх нь төлөө урт хугацааны турш үзэн ядаж байв. Социалист намууд өөрийн улсын дайнд ялах хүчин чармайлтыг дэмжсэний учир Ленин тэдгээр хүмүүсээс хариуцлага нэхсэн бөгөөд тэдэнд уурлан хилэгнэж байлаа. 1917 онд дуусгавар болсон Швейцарийн цөллөгөнд байхдаа л Ленин Европын социалист намуудыг хагалан бутаргаж эхлээд байв. Дараа нь тэрбээр Оросын большевикуудыг удирдан чиглүүлж байсан тэр л дарангуйлах арга барилаараа удирдаж байсан шинэ Гуравдугаар Интернационал гэгчээ (Коминтерн) байгуулав. Тэрхүү шинэ намдаа тэрбээр Коммунист нам гэх нэр хайрлав. Уг Коммунист намын гишүүд Европын бусад социалист намуудтай буюу тэднийхээр нийгмээс урван тэрслэгчидтэй үхэн үхтлээ тулалдах ёстой байсан бөгөөд зэвсэгт ажилчдын хүчээр засгийн эрхэнд гарч хөрөнгөтнүүдийг үндсээр нь устгах үүрэгтэй байв. Социализм болон коммунизмыг нийгмийн системийнх нь хувиар Ленин ялгаж зааглаж байгаагүй. Түүний зорилго нь социализмын эсрэг зогсох коммунизм байгаагүй юм. Зөвлөлтийн Засгийн газрын албан ёсны нэр нь Зөвлөлт Социалист (коммунист биш) Холбоот Улс. Ингэж холбож үзвэл тэр социалист, коммунист гэх хоёр нэршлийг нэг утгаар авч үздэг уламжлалт нэр томъёог өөрчлөхийг хүсээгүй. Тэр ортодокс Марксизмын хувьсгалт зарчмыг тууштайгаар дэмжигч өөрийн партизануудыг зүгээр л коммунистууд харин өөрийн тактикийн аргачлалаа коммунизм гэж нэрлэдэг байсан учир нь тэрээр тэднийгээ капиталист мөлжигчдөд хөлслөгдөн үзэл санаа нь бузартсан Каутский болон Алберт Томас нарын Социал Демократ лидерүүдээс ялгахыг хүссэн юм. Тэдгээр капитализмыг хамгаалан үлдээхийн хүслэн болсон урвагчид бол жинхэнэ социалистууд биш бөгөөд цорын ганц жинхэнэ Марксистууд бол арилашгүй муу муухайгийн илэрхийлэл нэгэнт болсон “социалист” гэх нэрнээс татгалзсан хүмүүс юм гэдгийг Ленин цохон тэмдэглэж байлаа.

Ийм л учраас коммунист болон социалист гэх нэршил ялгаатай хэлбэрээ олжээ. Москва дахь дарангуйлагчид бууж өгөөгүй марксистууд өөрсдийгөө социал демократ, товчоор бол социалист гэдэг байв. Коммунистуудтай адилаар тэдний эцсийн зорилго нь социализмыг амьдралд хэрэгжүүлэх, байгуулах ба харин санасандаа хүрэх хамгийн зохистой арга зам бол жирийн иргэдийн олонхийн дэмжлэгийг авах явдал юм гэсэн бодол нь тэдний ялгарах шинж билээ. Тэд хувьсгалч уриа лоозонг орхисон ба төрийн эрхийг авах ардчилсан арга замыг хэрэглэхээр оролдож байв. Тэдний санааг социалист дэглэм нь ардчилалтай таарч тохирох уу гэсэн асуулт зовоогоогүй. Гэхдээ социализмын ололт амжилтын төлөө тэд ардчилсан процедурыг сонгон хэрэгжүүлсэн юм.

Нөгөө талаас Гуравдугаар Интернационалийн эхний жилүүдэд коммунистууд хувьсгал болоод иргэний дайны зарчимдаа хатуу чанга үнэнч байсан. Тэд зөвхөн Орос удирдагчдаа үнэнч байсан. Өөрийн улсынхаа хууль тогтоомжийг сахих магадлалтай, боломжтой гэж үзсэн хүн болгоныг тэд намынхаа албан тушаалаас нь зайлуулж байв. Тэд хуйвалдаан зохион байгуулан, амжилтанд хүрч чадаагүй олон бослого тэмцлийг өдөөж олон ч хүний цусыг дэмий асгаруулсан юм.

Оросоос бусад газар яагаад коммунистууд амжилт олж чадахгүй байгааг Ленин ойлгож чадахгүй байв. Тэрээр Америк ажилчдаас нээх их юм хүлээгээгүй. АНУ-д ажилчид материаллаг байдал болон мөнгө хийх үйл ажиллагаанд хутгалдсан учраас тэдэнд хувьсгалч оюун санаа дутмаг гэдэг дээр коммунистууд нэгэн дуугаар санал нэг байв. Гэсэн хэдий ч, Европын ард түмэн ангич сэтгэхүйтэй бөгөөд тиймээс хувьсгалын үзэл санаанд үнэнч байна гэдэгт Ленин эргэлзээгүй. Коммунист эрх мэдэлтнүүдийн арчаагүй байдал болоод хулчгар зан л хувьсгал амьдралд биелэлээ олохгүй байгаа цор ганц шалтгаан хэмээн тэрбээр үзэж байв. Тэр өөрийн томилсон хүмүүсээ буцаан татаж, оронд нь шинэ хүмүүс томилох үйлдлээ хийсээр л байлаа. Гэсэн ч хувьсгалч үйл хэрэг санасан шиг нь огт бүтээгүй юм.

Англо-Саксон болоод Латин Америкийн улсуудад социалист сонгогчид ардчилсан арга замд найдаж байв. Тэнд коммунист хувьсгалд чин үнэнээсээ итгэдэг хүн тун ч цөөхөн байсан. Хэрэв хувьсгал гараад тэдний амьдрал болоод өмч хөрөнгөнд нь аюул учирвал коммунизмын суурь зарчимд үнэнч гэдгээ олон нийтэд ил зарладаг хүмүүсийн олонхийг нь харамсал, уй гашуу нөмрөх байсан биз. Хэрэв Оросын арми тэдний улс руу марш хийвэл эсхүл дотоодын коммунистууд нь тэдэнтэй тулалдаанд орохгүйгээр засгийн эрхийг хүчээр авбал л тэд өөрсдийн ортодокс Марксизмынхаа төлөө шагнуулна гэж найдан баярлах байсан биз. Тэд өөрсдөө бол хэзээ ч хувьсгалд гар бие оролцохгүй.

Зөвлөлтийн энэ түрэмгий самууны 30 жилийн хугацаанд Оросоос бусад ямар ч орон иргэдийнхээ хүслээр коммунист болоогүй. Олон улсын улс төрийн дипломат хэлэлцээр, шийдвэрүүд л зүүн Европыг Оросын нөлөөлөл, ноёрхолд оруулах үед л зүүн Европ коммунист болон хувирсан. Хэрэв АНУ болон Их Британи бусдын хэрэгт үл оролцох гадаад бодлого баримталбал баруун Герман, Франц, Итали болон Испани коммунизмыг дэмжих эсэх нь тун чиг эргэлзээтэй. Зарим улсуудад коммунист хөдөлгөөнүүд эрчээ авч буй шалтгаан нь Англо-Саксон улсуудын шалихгүй бөгөөд өөрсдийн хувь заяанд төдийлөн санаа тавьдаггүй байдлыг гаргах явцад Орос нь зогсошгүй динамзимын хүчээр жолоодогдож буй гэх итгэл үнэмшил юм.

Маркс болоод Марксистууд ард олон хөрөнгөтөний нийгмийн дэг журмыг түлхэн унагаах хувьсгалыг хүсэн хүлээдэг гэдэгт итгэсэн явдал нь харамсалтай алдаа байсан юм. Цэрэгжсэн мэргэжлийн коммунистуудын хувьд тэд коммунизмаар л амьжиргаагаа залгуулдаг хүмүүс байсан бөгөөд хувьсгал тэдний хувийн карьерт нь тустай гэдэгт найддаг учраас хувьсгалыг дэмжиж байлаа. Тэдгээр мэргэжлийн хуйвалдагчдын хорлон сүйтгэх ажиллагаанууд нь хувьсгалч үзэл санааг шохоорхон харж буй хүмүүсийн гэнэн байдлын улмаас аюултай. Өөрсдийгөө либерал хэмээдэг харин коммунистуудын “хэрэгтэй гэнэн хонгорууд” гэж нэрлэдэг учраа үл мэдэх, төөрөлдсөн социализмыг талархагчид болох намын жинхэнэ гишүүн биш хэрнээ үзэл санааг нь дэмжигсэд, мөн намын албан ёсны гишүүдийн олонх нь хэрэв тэд нэг өдөр тэдний удирдагчид нь бослогонд хоёргүй сэтгэлээр жинхэнээсээ уриалж байсныг нь мэдсэнсэн бол үнэхээр айх байлаа. Гэхдээ ингэх нь сүйрлийг зайлуулахад дэндүү хожимдсон хэрэг юм.

Одоо цагт барууны коммунист намуудын аюул тэдний гадаад бодлогод нь нэвт шингэжээ. Өнөөгийн коммунист намуудын онцгой шинж тэмдэг нь тэдний Зөвлөлтийн түрэмгий гадаад бодлогод өгсөн үнэнч байдал юм. Орос болоод өөрийн улсын аль нэгийг нь сонгох болгондоо тэд тээнэгэлзэх зүйлгүй Оросыг сонгодог. Тэдний зарчим нь бол “Буруу ч бай зөв ч бай миний Орос орон” юм. Тэд Москвагаас ирсэн тушаал болгонд үг дуугүй захирагддаг. Орос Хитлерийн холбоотон байх үед Францийн коммунистууд өөрийн улсын дайны эсрэг гаргаж буй хүчин чармайлтыг санаатайгаар бусниулж байсан бол Америкийн коммунистууд нацистуудтай хийх тэмцэлд нь Англи болон Францад туслах гэсэн Рузьвелтын төлөвлөгөөг хүчтэй эсэргүүцэж байв. Дэлхий дээрх бүхий л коммунистууд Германы эзлэн түрэмгийлэгчдээс өөрсдийгөө хамгаалж буй хүмүүсийг дайныг өдөөн турхирагч империалистууд гэж цоллож байв. Гэхдээ Хитлер Оросод довтолмогц капиталистуудын империалист дайн нь ганцхан шөнийн дотор эх орноо хамгаалах ариун дайн болон хувирсан юм. Сталин шинээр нэг улсыг эрхшээлдээ оруулах тоолонд коммунистууд энэхүү түрэмгийллийг фашистуудаас хамгаалах явдал хэмээн зөвтгөж байлаа.

Оросын юм бүхнийг сохроор шүтэхдээ баруун Европын болон АНУ-ын коммунистууд шовинистуудыг ч даван гарсан. Тэд Орос кино, Орос хөгжим мөн Оросын эрдэмтдийн нээсэн эргэлзээ бүхий шинжлэх ухааны нээлтүүдэд хөөрөн баярладаг. Зөвлөлтийн эдийн засгийн ололт амжилтуудын талаар бахтай нь аргагүй ярьдаг. Тэд Дэлхийн Хоёрдугаар дайны холбоотны хүчний ялалтыг Оросын армийн гавъяанд тооцдог. Орос дэлхийг фашизмаас аварсан хэмээн тэд мэтгэдэг. Бусад бүх улсууд капиталист дарангуйлагчийн дор оршдог, зөвхөн Орос орон л цор ганцаар эрх чөлөөт орон хэмээдэг. Оросууд сэтгэл дүүрэн, аз жаргалтай амьдарч байгаа бол капиталист орнуудад ихэнх хүмүүс нь урам хугарал болон биелэгдээгүй хүслээсээ болон зовж шаналж байдаг. Ислам шүтлэгтэн Меккад байх аугаа зөнчийнхөө бунханд мөргөх хүсэлтэй байдаг шиг коммунист сэхээтнүүд Москвагийн ариун бунханыг харах нь aмьдралд нэг л тохиох явдал гэж үздэг байна.

Хэдий ийм боловч коммунист болон социалист гэх нэршлийн хэрэглээний ялгаа нь тэдний аль алинийх нь нийтлэг бодлогын сүүлчийн зорилгод ашиглагдсан социализм, коммунизм гэх нэршлийн утганд нөлөөлөөгүй. Москвад болсон Зургадугаар хурлаар авч хэрэглэгдсэн Коммунист Интернационалийн програм дөнгөж 1928 онд л коммунизм болоод социализмыг ялгаж эхэлсэн (зүгээр л социалист, коммунист гэж хэлээгүйг анзаарвал зохино) юм.

Энэ шинэ онол номлолын дагуу хүн төрөлхтний эдийн засгийн эволюцийн явцад капитализм болон коммунизмын түүхэн үе шатын хооронд гурав дахь шат буюу социализм гэж бий болов. Социализм нь үйлдвэрлэлийн арга хэрэгсэлийн олон нийтийн хяналтанд суурилсан бөгөөд үйлдвэрлэл болоод хуваарилалтын бүх үйл ажиллагааг төв газар мэдэж явуулдаг нийгмийн тогтолцоо юм. Энэ талаараа социализм нь коммунизмтай ижил. Хүн бүр хүссэнээрээ хэрэглэхэд нь хуваарилах тэгш байдал байхгүй гэдгээрээ коммунизмаас өөр юм. Хүмүүст одоо хүртэл цалин олгосоор байгаа ба төв удирдах газар бүтээгдхүүн үйлдвэрлэлийн хэмжээг дээд цэгт нь тулгахад цалингийн систем нь чухал гэж үзэж буйн улмаас эдийн засгийн тооцооллын дагуу цалинг тогтоодог байна. Сталины социализм гэж нэрлэж буй зүйл нь Марксын коммунизын эхэн үе шат гэх ухагдхуунтай дүйнэ. Сталины сүүлийн үед хэрэглэсэн утгаар бол социализм нь коммунизм руу ойртож буй бөгөөд гэхдээ социализм яг өөрөө бол коммунизм биш аж. Үйлдвэрлэлийн социалист тогтолцоот үйл ажиллагаанаас үүсэн бий болох баялагийн өсөлт Оросын ард түмний амжиргааны түвшинг өнөө цагийн Оросын чухал албан тушаалд байгаа эрх ямбатай хүмүүсийн хэмжээнд хүртэл нэмэгдүүлмэгц социализм нь коммунизм болон хувирах ажээ.

Яагаад энэ шинэ терминологийг амьдралд хэрэгжүүлсэн гэдэг нь илэрхий. Сталин өөрийн ард түмний олонхидоо тэдний амьжиргааны түвшин яагаад маш муу, капиталист орнууд дахь массаас ч дор бүр Хаант засгийн үеийн пролетариудын түвшингээс ч долоон дор байгааг тайлбарлах нь чухал гэдгийг мэдэж байлаа. Цалин болон хөлс нь тэгш бус мөн Зөвлөлтийн төрийн удирдлагад байх хэсэг бүлэг хүмүүс орчин үеийн технологийн өгч чадах бүхий л тансаглалыг эдэлж хэрэглэж байгааг эхний бүлгээсээ хүнээр олон хэрнээ хаант засгийн үеийн Оросын дундаж давхаргаас цөөн 2 дахь бүлэг хөрөнгөтний хэв маягаар амьдарч байхад ноорхой хувцастай, хөл нүцгэн ард түмэн нь шигүү бөглөрсөн ядуусын хороололд толгой хоргодон олигтой ч хооллож чадахгүй байгааг Сталин зөвтгөхийг хүсэж байна. Улсынхаа энэ мэт асуудалд одоо тэр капитализмыг буруутгаж чадахгүй. Тиймээс тэрээр идеологийн түр зуурын өөрчлөлт хийхээс аргагүйд хүрсэн юм.

Засаглалын эхэн үед байсан Оросын коммунистууд орлогын тэгш байдлыг пролетариудын засгийг авсан эхний эгшиндээ л хэрэгжих зарчим гэж байсан нь Сталинд бага ч болтугай шахалт болж байв. Үүгээр үл барам капиталист орнуудад Оросын санхүүжилтэй коммунистууд намуудын хамгийн хүчирхэг демагог арга нь бага орлоготой хүмүүсийн шуналыг хөдөлгөн өндөр орлоготой хүмүүсийн эсрэг тавих юм. Коммунистуудын гаргаж тавьдаг Хитлерийн Национал Социализм нь жинхэнэ социализм биш харин ч эсрэгээрээ капитализмын хамгийн муу төрөл зүйл гэх тэдний онолыг дэмждэг гол аргумент нь Нацист Германд орлогын тэгш бус байдал байсан гэх үндэслэл юм.

Сталины социализм болоод коммунизмыг заагласан шинэ ялгаа нь Лениний бодлоготой зөрчилддөг ба Оросоос гадуур байх коммунист намуудын сурталд ашиглагддаг зарчмуудаас мөн дутуугүй зөрдөг. Гэхдээ энэ зөрчилдөөнүүд Зөвлөлтийн эзэнт гүрэнд хамаагүй. Дарангуйлагчийн үг гэдэг бол хамгийн эцсийн шийдвэр бөгөөд хэн ч үүнтэй эрэлхэг зориг гарган тэрсэлдэж үл чадна.

Сталины утга зүйн инноваци нь коммунизм болоод социализмын нэршилд л зөвхөн нөлөөлсөн гэдгийг нь ойлгох нь чухал. Тэр социалист, коммунист гэх нэршлүүдийн үндсэн утгыг өөрчлөөгүй. Болшевик намыг яг өмнөхтэй ижлээр нь коммунист гэж нэрлэж байна. Русофил буюу Орос орон болоод Оросын соёлыг шүтдэг Зөвлөлтийн хилийн гаднах намууд өөрсдийгөө коммунист нам гэж нэрлэж байсан ба тэдний нүдээр нийгмийн урвагчид гэж харагдаж байсан социалист намуудтай хүчтэйгээр тэмцэлдэж байгаа. Гэхдээ Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс гэх албан ёсны нэр өөрчлөгдөөгүй үлджээ.

Л.Ф.Мизесийн “Социализм: Эдийн засгийн болон Социологийн дүн шинжилгээ 1951 он” номын хэсгээс.

Орчуулсан: Х.Билгүүнбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 36 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 37 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 38 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 38 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 52 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 52 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 3 цаг 4 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 3 цаг 12 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 5 цаг 12 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 5 цаг 14 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 5 цаг 18 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 5 цаг 23 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 5 цаг 25 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 5 цаг 28 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 31 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 5 цаг 32 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 5 цаг 34 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 5 цаг 35 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 5 цаг 38 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 5 цаг 41 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top