Монгол, Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд А.Таяани агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Хэлэлцээр байгуулснаар манай улсын агаарын тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэж байна. Тухайлбал, хоёр улсын хооронд бүх салбарын цаашдын хамтын ажиллагааны суурийг тавьж, эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэх ач холбогдолтой.
Монгол, Италийн гадаад худалдааны хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, хоёр орны хоорондын гадаад худалдааны эргэлт 2022-2024 онд 150-188 сая ам.долларт хэлбэлзэж байгаа. Италийн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн олон нэгж Монгол Улсаас самнасан ноос, ноолуур авч бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь нэмэгдсэн нь Итали руу чиглэх манай экспортын дийлэнхийг эзэлж, цаашид ч өсөх хандлагатай байна.
Далай, хуурай замаар түүхий эд тээвэрлэн Италид авчрах нь хугацаа шаардахаас гадна гаалийн болон бусад саад бэрхшээл их тул Италийн компаниуд агаарын карго тээврээр авах сонирхолтой байдаг. Иймд агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр нь зөвхөн аялал жуулчлал, зорчигч тээврийн харилцаа төдийгүй ачааны карго тээврийг нэмэхэд ач холбогдолтой билээ.
Талууд хоёр улсын хооронд агаарын харилцааг хөгжүүлж, бүс нутаг, олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах, авто тээвэр, бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах, жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх зэрэг ажлыг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсоныг ЗТЯ мэдээлжээ.