Хэрвээ Оростой гал зогсоох хэлэлцээр байгуулбал Украиныг Оросын болзошгүй халдлагаас хамгаалахын тулд хамгийн цөөндөө гэхэд Европын 200 мянган энхийг сахиулагч манай улсад байх шаардлагатай гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт мэдэгджээ.
В.Зеленский Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш нэг өдрийн дараа хийсэн мэдэгдэлдээ, Европ үүнд анхаарах ёстой гэж хэлсэн байна. Түүний хэлснээр, Европын орнуудын 200 мянган энхийг сахиулагч гэдэг бол шаардлагатай хамгийн бага тоо бөгөөд түүнээс цөөн бол ямар ч үр нөлөөгүй ажээ.
Украины Ерөнхийлөгч Швейцарын Давос хотноо болж буй дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Европын орнуудыг Оросоос тусгаарладаг далай байхгүй гэдгийг мартаж болохгүй” гээд одоогийн Украины 800 мянган хүнтэй армийг тавны нэгд хүргэж цөөлөх тухай Оросын шаардлага бол оновчтой хувилбар биш гэсэн байна.
Гал зогсоох хэлэлцээрийн дараах Украины хамгийн сайн хамгаалалт бол НАТО-д элсэх явдал гэж В.Зеленский мэдэгджээ. Европын ихэнх орнууд Украиныг тус эвсэлд нэгдэхийг дэмжиж байгаа бол Герман, АНУ үүнийг эсэргүүцэж байна. Оросыг дэмжигч Унгар, Словак улсууд ч мөн Украиныг НАТО-д элсүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм.
В.Зеленский мөн НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэж нэмэгдүүлэх тухай Д.Трампын уриалгыг тунгааж үзэхийг Европын орнуудад уриалжээ. Түүнчлэн Европт аюулгүй байдал, батлан хамгаалахын нэгдсэн бодлого хэрэгтэй гэж нэмж хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Украины тал Д.Трамптай уулзахыг эрмэлзэж байна. Тэрбээр хэлэхдээ, сонгуульд ялсан тохиолдолд Орос, Украины дайныг даруйхан зогсооно гэж амлаж байсан билээ. Гэхдээ ийм үр дүнд яаж хүрэх нь тодорхойгүй хэвээр байсаар байна.
Сэтгэгдэл (1)