ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн нүүрсний хими, технологийн лабораторийн эрхлэгч, академич Б.Пүрэвсүрэнтэй хүрэн нүүрснээс бензин гарган авах боломжтой эсэх талаар ярилцлаа.
-Хүрэн нүүрс хамгийн чанаргүй, хямдхан түүхий эд хэрнээ их үр ашигтай. Энэ тухай ярихгүй юу?
Манай орон нүүрсний нөөцөөрөө дэлхийн топ 10 орны тоонд ордог. Бидэнд янз бүрийн нөөц бий. Маш сайн чанарын коксжих нүүрснүүд нь голчлон таван толгой, нарийнсухайтад байгаа. Мөн дунд зэргийн чулуун нүүрснүүд гэхэд шарын гол, налайхад байх жишээтэй. Исэлдсэн хүрэн нүүрс чанарын хувьд их доогуурт тооцогддог. Ер нь нүүрс ургамал амьтны үлдэгдэл, газрын хэвлийн хэр гүнд, яаж хувирч байгаагаасаа хамаараад чанар нь тогтоогддог. Олон жил газрын гүнд дарагдаад химийн урвалд ороод ирэхээрээ чулуун нүүрс болдог.
Газрын өнгөн хэсэг дээр тогтсон нүүрс бол агаарын нөлөөгөөр исэлдсэн хүрэн нүүрс юм. Багануур, шивээ-Овоо, тэсийн говьд хамгийн их нөөцтэй. Асар их шүү. Газрын хөрсөнд ойрхон байдаг учраас ил аргаар хөрсийг нь хуулж аваад ашигладаг. Илчлэг, чанар муутай, хувиралд амархан ордог учраас гадагшаа экспортлох боломжгүй. Гадагшаа гаргасан ч маш бага үнэд хүрнэ. Гэсэн ч энэ нүүрсийг 100-гаад жилийн өмнөөс ашиглаж ирсэн тогтсон технологи байдаг. Хагас коксжуулаад утаагүй шахмал түлш үйлдвэрлэх нэг зам бий. Харин хүрэн нүүрсийг боловсруулдаг хамгийн гол арга нь хийжүүлэх, шингэрүүлэх хоёр юм.
-Хийжүүлэх, шингэрүүлэх технологийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Хүрэн нүүрсийг агааргүй орчинд маш өндөр температурт халаахаар органик масс нь задраад хий үүсдэг. Тухайн задралыг хөргөөхөөр маш их шингэн нефть шиг давирхайнууд гарна. Хөргөөсний дараа шингэрээгүй хий нь өөрөө хийн бүтээгдэхүүн болдог. Агааргүй орчинд ингэж хүрэн нүүрсийг задалж хий, шингэн, хатуу төрлийн гурван бүтээгдэхүүнийг бий болгодог. Боловсруулалтын дараахь үлдэгдлийг утаагүй түлш болгон ашиглах боломжтой. Сая хэлсэнчлэн шингэн бол түүхий нефть шиг бүтээгдэхүүн байдаг.
Шатдаг хийг хортой азот, хүхрийн нэгдлүүдээс нь ялгаад авчих юм бол хийн түлш болгон ашиглана. Бид нэгэнт хүрэн нүүрсээ гадагшаа үнэ хүргэж зарж чадахгүйгээс хойш ийм гурван бүтээгдэхүүн болгон ашиглах арга зам байна. Одоо бол дотоодынхоо цахилгаан станцуудад түлээд утаа униар гаргаад их л хэл ам болж байна даа.
-Дэлхийн II дайн эхлэхэд германчууд нэг сая тонн бензинийг нүүрснээс гаргаад авчихсан байсныг хэн ч мэдээгүй. Чанар, илчлэг муутай, амархан задардаг хүрэн нүүрснээс бензин гарган авдаг технологийг германаас гаралтай ч гэж ярьдаг. Бид өөрсдөдөө байгаа энэ хүрэн нүүрснээсээ бензин гарган авах боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Багануур, шивээ-овоогийн хүрэн нүүрсийг шингэрүүлээд түүнээсээ бензин гарган авч болно. Агааргүй орчинд өндөр температурт катализатортой, катализаторгүй битүү халаагаад үүсч байгаа нэгдлүүдийг нь хөргөөд, шингэрүүлээд авчих юм бол нөгөө яриад байгаа түүхий нефть шиг давирхай гараад ирнэ. Энэ давирхайгаа цааш нь нэрээд янз бүрийн бензин гарган авах боломжтой. Хамгийн хөнгөн нь гэхэд онгоцны бензинээс эхлээд жирийн бензин, дизель ч байдаг юм уу. Ингээд бид өөрсдөө бензин шатахуунтай болох бүрэн боломжтой.
Багануураас урагшаа 500 км-д хүрэн нүүрсний том сав газар байна шүү дээ. Тэр өргөн говь нутгийн газрын дор тэр чигээрээ нүүрс байгаа гээд бод доо. Онолын хувьд би тэгж төсөөлдөг юм.
-Тэгвэл яагаад бид одоог хүртэл өөрсдөө бензин, шатахуунаа нүүрснээсээ гарган аваад хэрэглэж чадахгүй байна вэ?
-Бид үүнд хоёр том мега төсөл боловсруулж байсан. Одоо ч бага багаар ажил хэрэг болоод явж л байна. Багануурын хүрэн нүүрсийг шингэрүүлээд 500 мянган тонн бензин, дизель үйлдвэрлэх болон дорнодын адуунчулууны нүүрснээс мөн 500 мянган тонн бензин дизель үйлдвэрлэх мега төсөл боловсруулсан. Нүүрснээс бензин шатахуун гаргаж авна гэдэг угтаа бол хатуу бүтээгдэхүүнээс шингэн бүтээгдэхүүн гарган авах ажиллагаа юм. Энэ нь шууд нефтиэс бензин гарган авахтай харьцуулахад өртөг өндөртэй. Илүү нарийн технологийн боловсруулалт, маш их хөрөнгө оруулалтыг шаарддаг. Үүгээрээ онцлогтой гэж хэлж болно. Бид яагаад одоог хүртэл хүрэн нүүрснээсээ шатахуун гарган аваад хэрэглэж чадахгүй байгаагийн гол шалтгаан үүнд л байгаа юм.
Манай эрдэмтэн, судлаачид 2008 онд энэ хоёр мега төслийг боловсруулаад, гадаадын хөрөнгө оруулалтын компаниудад хандаад, технологийн сонголтоо хийгээд явж байтал их сонин зүйл болсон л доо. Тэр үед дэлхий дээр үйлдвэрлэгдэж байсан бензин шатахууны үнэ түүхэнд байгаагүйгээрээ уналтад орсон. Өөрөөр хэлбэл, баррель нь 140 ам.долларт хүрч байсан бензин шатахууны үнэ бүр 30, 40 ам.доллар хүртэл буурсан. Тэгэхээр хөрөнгө оруулах гэж байгаа компаниуд хойш сууж эхэлдэг. Хатуу нүүрснээс шатахуун гаргаж авах технологи их хүнд, өртөг зардал ихтэй. Нефтиэс шатахуун гаргаж авах өртөг ийм хямд болоод ирэхээр юу гэж хүрэн нүүрсэнд хөрөнгө оруулах юм.
-Ямар үед нүүрснээс бензин гаргаж авах технологи дэлхийд хүчтэй яригдаж, хэрэгжиж эхэлдэг вэ?
-Дэлхий дээрх нефтийн үнэ 80, 90 ам.доллараас дээш байх тохиолдолд боломжтой. Яг энэ үед нүүрснээс бензин гаргаж авах альтернатив технологи илүү яригддаг, хэрэгждэг. Хэрвээ нефтийн үнэ 80 ам.доллараас бага байх юм бол хөрөнгө оруулагчид хөдлөхгүй шүү дээ. Харин одоо бол 100-гаад ам.долларт хүрэх яриа яваад байна. Бид хүрэн нүүрсээ нэг бол хийжүүлэх эсвэл шингэрүүлж бензин шатахуун гаргаж авах л хамгийн чухал байна.
-Бас нэг асуудал нь бид дотооддоо химийн үйлдвэргүйгээс болж байна уу?
-Тийм. Бид өөрсдийн гэсэн химийн үйлдвэр, баазтай болох тал дээр их хойрго ханддаг. Ийм учраас шинжлэх ухаанаас гарсан үр дүнг практикт нэвтрүүлэх гэхээр дундын үе шат, холбогчгүй болчихдог. Хувийн компаниуд нь өөрсдийнхөө сонирхлоор гадаадаас бэлэн юм оруулж ирээд хямдхан зарчихдаг. ШУА-ийн хүрээлэнгийнхээ судалгааны үр дүнд ерөөсөө анхаардаггүй. Төр аваад хийе гэхээр мөнгө байхгүй. Энэ бүх асуудлаас болоод л хэрэгжихгүй явсаар өдий хүрлээ. Түүнээс биш бид өөрсдөө шатахуунтай болох бүрэн боломжтой. Түүхий эд хангалттай байна. Одоо энэ багануурын нүүрсийг хагас коксжуулах технологи хэрэгжээд эхэлбэл үйл ажиллагааны явцад нефть шиг шингэн давирхайнууд маш их үүснэ. Үүнийг боловсруулах уу гэдгээ ярьж хэлэлцэх хэрэгтэй. Уг нь энэ давирхайнуудыг цааш нь нэрээд боловсруулчих юм бол бидний хүсээд байгаа бензин бий болно. Манай нүүрсний ихэнх үйлдвэрүүдэд поошик, поошик дүүрэн давирхайнууд байна.
Тэд яахаа мэдэхгүй болохоороо уулын оройд аваачаад тавьчихдаг. Даанч бензин болгоод дотоодынхоо хэрэглээг хангах гэхээр нэг л алхам дутчих юм даа.
А.Даваадулам