Олон улсын Эрүүгийн шүүхийн (ОУЭШ) Ерөнхий прокурор Карим Хан Талибан хөдөлгөөний удирдагч Хайбатулла Ахунзада болон Афганистаны Дээд шүүхийн дарга Абдул Хаким Хаккани нарыг баривчлах зөвшөөрөл олгох хүсэлтийг шүүгчдэд хүргүүлжээ.
Прокурорын хүсэлтэд “Эдгээр хоёр хүн хүйсийн байдлаар мөрдөн мөшгих, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэсэн ноцтой үндэслэлүүдийг дурдсан байна. Афганистаны эмэгтэйчүүд, охид, ЛГБТ бэлгийн цөөнхийн төлөөлөгчид талибуудын харгис хэрцгий хүчирхийлэлд байнга өртөж байгаа нь нотолгоо болж буйг онцолжээ.
ОУЭШ-ийн Ерөнхий прокурорын мэдээлснээр, талибуудын засаглал дор охид эмэгтэйчүүдийн шилжин суурьших, боловсрол эзэмших эрх, хувийн болон гэр бүлийн халдашгүй байдлыг байнга зөрчиж байгаа аж. Түүнчлэн талибуудыг эсэргүүцсэн хүмүүсийн амь насыг хөнөөж, шоронд хорих, эрүүдэн тамлах, бэлгийн хүчирхийлэл үзүүлэх явдал Афганистаны нийт нутаг дэвсгэрт 2021 оны 8 дугаар сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй гарч байна хэмээн прокурор мэдэгджээ.
Шүүгчид энэхүү хүсэлтийг хэлэлцэх бөгөөд энэ үйл явц хэдэн долоо хоног, магадгүй хэдэн сарын турш үргэлжилж болзошгүй юм. Хэрэв шүүгчид баривчлах зөвшөөрөл олгох шийдвэр гаргавал Ромын дүрмийг баталсан 125 улсын эрх баригчид дээрх гэмт этгээдүүдийг өөрсдийн нутаг дэвсгэрт баривчлах үүрэг хүлээх юм.
Энэхүү үйл явц нь олон улсын хэмжээнд хүний эрхийг хамгаалах, хүйсийн болон бэлгийн цөөнхийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн эсрэг хариуцлага тооцох чухал алхам гэж үзэж байна.
Эх сурвалж: DW