Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ
-Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэлээ. Тус газарт “Майдар хот” төсөл хэрэгжүүлж, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийх юм.
-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн хүргүүлэхээр болов.
- 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 260 гаруй мянган хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа нь өмнөх оноос 3300-аар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд төрийн өмчийн 890, хувийн 554, нийт 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангаад байгаа нь цэцэрлэгийн өмнөх насны нийт хүүхдийн 83 хувийг хамруулах боломжтой гэв.
- Энэ онд улсын хэмжээнд нийт 1710 ор бүхий есөн цэцэрлэг, 1600 суудалтай гурван сургуулийн барилга шинээр ашиглалтад орох юм. Их, дээд боловсролын байгууллагад 30 гаруй мянган суралцагч шинээр элсэж, нийт 150 гаруй мянган оюутан их, дээд сургуульд суралцах төлөвтэй байна.
- Ерөнхий боловсролын сургуулийн хувьд улсын хэмжээнд төр болон хувийн нийлсэн 814 сургуульд нийт 597,2 мянган сурагч суралцана. Эдгээрээс 76,4 мянга нь нэгдүгээр ангид анх элсэн суралцаж байгаа нь өмнөх оныхоос найман мянгаар их байна.
-Яам, агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс 2018 оны хагас жилд Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хэлэлцэв. “Иргэд олон нийттэй харилцах төв”-д оны эхний хагас жилд нийт 8593 иргэн хандаж гомдол, хүсэлт саналыг бичгээр болон биеэр, утсаар, цахимаар ирүүлсэн байна. Үүнээс 7897-г хуулийн хугацаанд шийдвэрлэжээ. Тэдний 52 хувь нь санал, 39 хувь нь гомдол гаргасан бол хоёр хувь нь шүүмжилж, долоон хувь нь талархал ирүүлсэн байна.
-Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол Улс БНТУ-тай хийх хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. БНТУ-д Монголчууд олноор зорчихын зэрэгцээ ажиллаж, амьдарч, суурьшиж байна. 2013 оны байдлаар тус улсад 2471 Монгол Улсын иргэн бүртгэлтэй амьдарч байсан бол 2016 онд 4000 болж өссөн байна. Үүнтэй холбоотойгоор Монгол, Турк иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчин шаардагдаж байна. Иймд, нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахдаа талууд харилцан эрх тэгш байх, олон улсын эрхзүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөх, 2 оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг харилцан цуглуулах зэрэг үндсэн зарчмуудыг тусгасан 36 зүйлтэй хэлэлцээрийн төслийг боловсруулаад байна.
Сэтгэгдэл (1)