x

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тогтвортой засаглалыг бий болгож чадах уу?

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы хөтлөн явуулдаг "ДеФакто мэтгэлцээн" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар оролцож УИХ-д өргөн баригдаад байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр мэтгэлцсэн юм. УИХ-ын гишүүн Г.Занданшатар уг хуулийн төсөл засаглалын тогтвортой байдлыг бий болгоно гэдгийг нотлохыг оролдож, гишүүн асан Х.Тэмүүжин түүнийг нь няцаахаар мэтгэлцэв.

Гомбожавын Занданшатар 1992 онд ОХУ-ын Эрхү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2012 онд мөн ОХУ-д Байгалийн эдийн засаг, эрх зүйн их сургуулийг төгссөн. УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа.

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Сургуульдаа 20 шахам жил багшилж, эрдэм шинжилгээний ажил хийсэн. 2003-2018 онд Нээлттэй академи ТББ-ын тэргүүн, 2005-2008 онд АН-ын нарийн бичгийн дарга. 2008-2016 онд УИХ-ын гишүүн, 2012-2014 онд Хууль зүйн сайдаар ажилласан.

Д.Жаргалсайхан:

-Гурван сая хүний зохицож амьдрах суурь баримт бичиг бол Үндсэн хууль юм. Үндсэн хуульдаа өөрчлөлт хийе гэж ярьж байгаа. Г.Занданшатар гишүүнээс асууя. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт тогтвортой засаглалыг бий болгож чадна гэж та яагаад бодсон бэ?

Г.Занданшатар:

-Юуны өмнө мэтгэлцээнийг зохион байгуулж, мэтгэлцээний соёлыг бий болгож байгаа ноён Д.Жаргалсайханд талархал илэрхийлье.

Асуудлыг нотолгоонд суурилсан, бодитой ярьж мэтгэлцэж шийдэх бол дэлхийн улс төрийн болон нийгмийн түгээмэл хэрэгсэл. Манайд харьцангуй хожуу эхэлж байна гэж бодож байна. Үндсэн хуулинд өөрчлөлт хийх цаг нь болсон. 26 жилийн өмнө Үндсэн хууль баталсны маргаашаас эхлээд Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж байсан. Хэдэн парламент дамжиж ажлын хэсгүүд байгуулагдсан. Болох болохгүйг шүүж тунгааж ярьсан. Нэг хэсэг нь энэ бол нийгмийн шилжилтийн үеийн Үндсэн хууль байсан, бүрнээр нь өөрчлөх ёстой гэж байна. Нэг хэсэг нь “Үндсэн хуульд огт гар хүрч болохгүй, энэ бол 900 мянга гаруй хүнээс санал авч байж хийсэн нийгмийн зөвшилцлийн гэрээ. Өөрчилж болохгүй” гэсэн хоёр туйл байдаг.

Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг ажиллаад Б.Чимид гуайн хийсэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу хуулийн 35 хувьд нь өөрчлөлт хийгээд нийгмийн тогтолцоогоо, засаглалын хямралаа шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүнийг дийлэнх нь дэмжээд явж байна, 67 гишүүн гарын үсэг зурсан.

Өнөөдөр гүйцэтгэх, хууль тогтоох засаглалын зааг ялгаа бүдгэрч, харилцан хяналт тэнцэл алдагдаж, үүний улмаас засаглалын тогтвортой байдал алдагдсан. Жижигхэн жишээ хэлэхэд сумын Засаг дарга надтай уулзаад ярьж байна. Би сумынхаа ард түмний төлөө ажилламаар байна. Гэтэл үнэн хэрэгтээ бий сумынхаа ИТХ-ын барьцаанд байна. Тэр хүмүүсийн шаардсан, шахсан зүйлийг л хийж хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Нэг бол намайг ард түмнээс сонгодог болгоод өгөөч, нэг бол дээрээс томилдог болгоод өгөөч гэж байна. Яг үүнийг жижигрүүлсэн масштаб нь аймаг. УИХ дээр ч ийм л дүр зураг байна. Засгийн газрын түвшинд гэхэд хүнээ мэдэх томилохоос авахуулаад төсөв хөрөнгөө мэдэх эрх нь хязгаарлагдчихсан. Хамгийн хүчтэй байх ёстой гүйцэтгэх эрх мэдэл Ерөнхийлөгч, УИХ гээд институцуудэд хуваагдчихсан, маш сул, тогтворгүй байгаа учраас Засгийн газар байнга солигдож ирсэн.

Өнгөрсөн зургаан парламентын хугацаанд 14 Засгийн газар солигдсон байна. Нэг Засгийн газрын дундаж хугацаа 28 сар байсан. Ваймерийн БНУ-д 1919-1933 онд 14 жилд 20 Засгийн газар солигдсон байдаг. Үүний үр дүнд хүчтэй Ерөнхийлөгч, хүчтэй удирдагчийг хүсэмжилсэн ард түмэн Гитлерийг сонгосон. Францад 1946-1958 онд дөрөвдүгээр БНУ-ын үед 12 жилийн дотор 20  Засгийн газар солигдсон байдаг. Энэ бүхнийхээ үр дүнд энэ улсууд засаглалын тогтвортой байдлыг хангахын тулд Үндсэн хуулиндаа конструктив зарчим буюу дараачийн Ерөнхий сайдаа тодруулж байж Засгийн газрыг огцруулдаг, огцруулах босгыг өндөр тавьдаг алхмуудыг хийсэн нь өнөөдөр дэлхий даяар мөрдөгдөж байна. Засаглалын тогтвортой байдлыг хангаж байна. Өнөөдөр гэхэд Германы Ангела Меркел 2005 оноос хойш 13 жил засаглаад явж байх жишээтэй.

Ийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол агуулга нь засаглалын тогтвортой байдлыг хангах зорилгоор конструктив зарчим, УИХ-ын нийт гишүүдийн 51-ээс дээш хувийн саналаар Засгийн газрыг огцруулах зарчмыг хийж өгсөн. Саяны хэлээд байгаа сумын Засаг даргыг гэхэд ард түмнээсээ сонгодог болсон. Хот гэдэг статусыг бий болгож өгсөн. Өнөөдөр Баянхонгор аймаг, Архангай аймаг, хөдөөгийн аймгийн төвүүд сум гэдэг статустай явж байна. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгахын тулд хот гэдэг статусыг бий болгож, хот, сумын Засаг даргыг ард түмнээсээ шууд сонгодог байя. Энэ өөрчлөлт зөвхөн тогтвортой байдал биш. Өнөөдөр тогтвортой байдлын тухай л яриад байгаа. Засаглал тогтвортой байхын тулд хариуцлагатай байх хэрэгтэй.

Х.Тэмүүжин:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бүрэн эхээрээ УИХ-ын цахим хуудсанд байгаа төсөл мөн үү? Би өөртөө олдсон тэр текст дээр л ажиллалаа. Яагаад гэвэл өмнө миний сонсч байсан болон олж уншиж байсан олон төслүүд байсан. Тэр төслүүдтэй харьцуулаад харахад зарим санаанууд нь байна, зарим санаанууд нь байхгүй байна. Зарим хүмүүсийн ярьж байсан зүйлүүд огт тусгагдаагүй байна. Тийм учраас энэ олон баримт бичгийн аль нь албан ёсных вэ гэдэг дээр эрэл хайгуул хийсэн. Тэгээд албан ёсны цахим хуудсан дээр байсан тэр агуулга дээр л ярилцах болж байна.

Өнөөдөр юу болоод Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа вэ гэдэг дээр хэд хэдэн байр суурь буюу үндэслэл байх шиг байна. Нэгдүгээрт, Монголд гүйцэтгэх эрх мэдэл нэг гарт байхгүй байна гэдэг дээр хүн болгон анзаарч ярьж байна. Уг нь бол манайх шиг парламентын засаглалтай нэгдмэл улсад гүйцэтгэх эрх мэдэл нэг гарт байх ёстой. Харамсалтай нь Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдэл маш олон гарт тараан байршсан байна. Тийм учраас хэн нэгнээс “энэ эрх мэдлээ хэрэгжүүлсэнгүй” гэж хариуцлага тооцох ямарч боломжгүй байна.

Хоёрдугаарт УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэдэг гурван албан тушаал дээр хэн байгаагаас үл шалтгаалаад өнгөрсөн 28 жилийн дотор байнга хоорондоо зодолдсон байна. Нэг бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр нийлж байгаад Ерөнхий сайдаа огцруулж авдаг. Нэг бол Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нийлж байгаад Ерөнхийлөгчтэйгээ үзэж тардаг. Нэг бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нийлж байгаад УИХ-ын даргаа огцруулах гэж оролддог. Энэ хоёр нийлж байгаад УИХ-ын даргаа “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг байдлаар огцруулж байсан тохиолдол ч байна. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр нь нийлж байгаад Ерөнхий сайд нараа ээлж дараалан огцруулж байсан тохиолдол ч байна. Аль нам эрх барьж байхаас, тэр тусмаа нэг намын Ерөнхий сайд, УИХ-ын дарга байхаас үл шалтгаалаад байнгын ийм зөрчилтэй үзэгдэл байгаад байна гэдэг нь үндсэндээ тогтолцоо ийм зодоонт нөхцлийг өдөөж байна гэсэн үг.

Цаад үндсийг нь харахаар Монгол Улсад гурван давхардсан Засгийн газар оршин тогтнож байна. Нэгдүгээрт Ерөнхий сайдаар ахлуулсан, “кабинетийн зарчимтай” гэж байгаа боловч үнэн хэрэгтээ кабинетийн зарчмаар ажиллаж чаддаггүй, парламентаас бүлэг фракциуд төлөөллөө Засгийн газарт оруулж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах зорилготой тийм бүтэц Засгийн газар гэдэг нэрийн дор ажиллаж байна. Хоёрдугаарт Ерөнхийлөгчийн дэргэд ҮАБЗ гэдэг нэрийн дор салбар бүр дээр ямар нэг мэргэжилтэн, зөвлөх ажиллуулах замаар ижил хэмжээний өрсөлдөхүйц бодлого тодорхойлдог бүтэц ажиллаж байна. Гуравдугаарт УИХ-ын дарга гэдэг уг нь хурал даргалах хэмжээний албан тушаалтан боловч бас яг Ерөнхий сайдын хэмжээний эрх мэдэлтэй болчихсон, зөвлөхүүд болон УИХ-ын даргын зөвлөл гэдэг нэрийн дор бас нэг бодлого гаргаж ирдэг, ийм гурван давхардсан бүтэц ажиллаж байна. Тэгээд аль нэг бодлого нь аль нэгэндээ хүлээн зөвшөөрөгдөхгүй учраас аль нь илүү эрх мэдэлтэй вэ гэдэг зодоон луу аяндаа ордог ийм систем тогтчихож. Нэг нь Засгийн газар гэж байгаа боловч нөгөө хоёр нь яг адилхан Засгийн газрын чиг үүрэгтэй, мэдээлэл авах эрх мэдэлтэй, бодлого боловсруулах боломжтой, тэрийгээ хэрэгжүүлэхийн тулд дороо бас бүтэцтэй. Ийм болоод хувирчихаж. Энэ зодоон бол дуусахгүй юм байна. 

Уг нь бол эрх мэдэл хуваарилах зарчим чинь хууль тогтоох байгууллага ямар чиг үүрэгтэй, ямар зохион байгуулалттай байх юм, гүйцэтгэх эрх мэдэл ямар чиг үүрэгтэй, ямар зохион байгуулалттай байх юм, шүүх эрх мэдэл ямар чиг үүрэгтэй, ямар зохион байгуулалттай байх юм гэдэг бүх зохион байгуулалтыг хийж өгдөг. Гэтэл манайд Засгийн газар нь кабинетийн зарчмаар огт ажилладаггүй. Эсрэгээрээ сайд нарын зөвлөл шиг, парламентаас, заримдаа бүр Ерөнхийлөгчөөс төлөөллөө оруулах замаар жижигрүүлсэн парламент шиг схем болгоод хаячихсан. Орчин үеийн парламентын бүгд найрамдах улсад байдаг Засгийн газрын зарчмаар ажилладаггүй. Ерөнхий сайд нь сайд нарынхаа зөвхөн нэг. Хуралдаад олонхиороо гаргаа өргөөд шийддэг. Салбарын сайд Ерөнхий сайд хоёр нь цөөнх болоод нөгөө талд олонхиороо гаргаа өргөөд асуудлыг зогсоох жишээтэй. Энэ бол кабинетийн зарчим биш. Кабинетийг даргалж байгаа Ерөнхий сайд хаана байна вэ гээд харсан чинь ҮАБЗ дээр, эсвэл УИХ дээр харагдаж байх жишээтэй. Энэ байдал чинь Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдэл огт эзэнгүй байна аа гэсэн үг. Эзэнгүй байгаа юм чинь тогтворгүй байх нь аргагүй. Засгийн газар хэний санаачилгаар огцорч байсан бэ гээд харахаад дийлэнх нь Ерөнхийлөгчийн санаачилгаар, зарим тохиолдолд парламентын санаачилгаар, бүр нэг кабинетэд ажиллаж байгаа сайд нарынхаа санаачилгаар огцорч байсан тохиолдол ч байна.

Д.Жаргалсайхан:

-Та бүхэн аргументуудаа ярихдаа Үндсэн хуулийг өөрчилж байгааг хүлээн зөвшөөрч байна уу, өөрчлөх болсон үндэслэлүүд нь зөв байна уу? гэдэг талаар өөрсдийн санал, дүгнэлтээ хэлээд явна уу.

Г.Занданшатар:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр саяны яриад байгаа засаглалын хямралтай асуудлыг шийдвэрлэж чадна гэдгийг нотлохыг хичээе. Нэгдүгээрт, Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах ёстой. Манай засаглалын хямралын нэг гол шалтгаан нь Засгийн газрыг кабинетийн зарчмаар бүрдүүлдэггүй. Фракцийн зарчмаар явдаг. Хамгийн их Засгийн газар солигдсон 1992-2000 онд нэг Засгийн газрын дундаж нас 19 сар байсан. Зарим нь зургаан сар, зарим нь долоон сар болоод огцорч байсан. Энэ бүхэн дандаа фракциудын хоорондын зөрчлөөс болж байсан. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг “дордуулсан” гэж нэрлэдэг боловч засаглалын хугацааг уртасгасан. 28 сар болгосон. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх эрхийг нь өгч байгаа. Үндсэн хуулийн 39.3-т “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлснээс хойш 72 цагийн дотор Ерөнхийлөгч батламжилна” гэж байгаа. Ингэснээр нөгөө фракц бүлгээрээ шахдаг байдал алга болж, Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлэх боломжтой болж байгаа. Харин хариуцлагыг өндөржүүлж байгаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг парламент тавих эрхтэй. Нэг талдаа Ерөнхий сайдад эрх мэдлийг өгөөд нөгөө талаас парламентын хяналтыг сайжруулсан. Парламентын мөрдөн шалгах хороог байгуулж байгаа.

Хоёрдугаарт, ҮАБЗ-ийн асуудал. ҮАБЗ-ийг Б.Чимид гуай Үндсэн хуульд анх хийхдээ “хуулиар эрх хэмжээг нь тогтооно” гэж хийсэн. 2003 оноос хойш баталсан хуулиудаар ҮАБЗ-ийн эрх хэмжээг өргөжүүлсээр байгаад өнөөдөр бүх асуудал руу ордог болчихсон. Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг болчихвол энэ асуудал шийдэгдчихнэ.

Гуравдугаарт парламентын асуудал. Парламент бол төсөв баталдаг, төсвийн хэмжээг нэмэгдүүлдэг, нэмэлт зарлагууд баталдаг болсон. Ингэсээр байгаад алдагдалтай төсөв баталдаг, улсаараа өрөнд ордог болсон. Үүнийг зогсоохын тулд УИХ-ыг Засгийн газраас боловсруулсан төсөв дээр нэмэлт зарлага хийхийг хориглосон. Бидний уншсан 80 улсын Үндсэн хуулийн 44-т нь парламент нэмэлт зарлага хийхийг хориглосон байна. Мөн ихэнх улсад нь Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлэх эрхийг олгож байна. 1992 онд Үндсэн хуулийг баталж байх үед парламентын засаглал, ерөнхийлөгчийн засаглал хоёр дээр маргалдахад Б.Чимид гуай “Финлянд маягийн загварыг сонголоо” гэж хэлсэн байдаг юм. 1988 оны Финляндын Үндсэн хууль 1994 онд өөрчлөгдсөн, хоёр шаттай сонгууль үндсэндээ хэрэгжээгүй.

Мөн дээр нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж байгаа. УИХ-ын гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаа оролцоогүй бол эргүүлэн татах заалт оруулж байгаа. Санал хураалтанд өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглосон заалт оруулж байгаа. УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмж, УИХ-ын нэг чуулганы 50 хоног хуралдаж байсныг 75 хоног болгож нэмж байгаа. Гэх мэтчилэнгээр УИХ-д тавих шаардлагыг нэмэгдүүлж байгаа. Зарим эрх мэдлийг нь гүйцэтгэх эрх мэдэл рүү шилжүүлж байгаа. Мэдээж нэг далайлтаар бүгдийг шийднэ гэж байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний дэвшил болно гэдэгт итгэлтэй байгаа.

Х.Тэмүүжин:

-Засаглалын гажуудлыг үүсгээд байгаа учир шалтгаан маань юу вэ гэдгийг олж харах гэж оролвол бид оношоо зөв тавьж чадна л даа. Үндсэндээ энэ төсөл дээр Г.Заншатар гишүүний хэлсэнчлэн нэг, хоёр зүйл заалт нэмэгдэж байна. Гэхдээ УИХ-ын сайд томилдог байсан эрх  мэдлийг авлаа гээд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гурвын зодооныг шийдэхгүй. Манайх шиг парламентын засаглалтай бүгд найрамдах улсууд ямар байдаг юм гэдгийг харьцуулсан судалгаа хийгээд харахаар ҮАБЗ-дөө парламентын спикер нь ороод суучихсан газар байхгүй. ҮАБЗ гэдэг нэрийн дор Монтескюгийн хэлж байсан “хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг нэг уутанд хийж болохгүй” гэдэг зарчим байхгүй болж байна. ҮАБЗ гэдэг нэрийн дор нэг уутанд хийгээд парламент нь тэндээс гаргасан шийдвэрийг ёсчлогч болоод хувирчихсан.

Уг нь аюулгүй байдлын зөвлөл гэдэг чинь гүйцэтгэх эрх мэдлийн үндсэн чиг үүрэг байхгүй юу. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг толгойлно гэчихээд мэдээлэл авахдаа Засгийн газраар дамжуулахгүйгээр шууд тагнуулын байгууллагатайгаа харьцдаг, хууль хүчний гэж ярьдаг байгууллагуудын томилгоонд дураараа оролцдог, тэр эрх мэдлээрээ дамжуулаад сайд нарыг, Засгийн газрыг өөртөө таалагдсан шийдвэр гаргах ёстой гэж үздэг. Тийм шийдвэр гаргаж өгөхгүй бол Засгийн газрыг огцруулна гэдэг. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг 12 зүйл заалтаар маш тодорхой хийчихсэн байхад ҮАБЗ гэдэг нэрээр эдийн засгийн асуудал руу ордог, өөрийнх нь бүрэн эрхэд хамаарахгүй, Үндсэн хуулинд байхгүй эрх мэдлийг эдэлдэг болонгуут тэр халхавчин дор Ерөнхийлөгч нь бас Ерөнхий сайд болоод хувирчихсан. Нөгөө талдаа УИХ-ын дарга.

Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд байгаа зохицуулалт нөгөө зодолдоод байгаа гурвын асуудлыг нэгийг нь ч шийдээгүй байна. Зөвхөн кабинет яаж бүрдэх вэ гэдэг асуудлыг л шийдсэн. Гэтэл кабинетийн зарчим чинь Үндсэн хууль дээр байхгүй байна шүү дээ. Би ҮХЦ-д хоёр удаа яг энэ асуудлаар УИХ-ыг төлөөлж орж байсан. 2004 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг байгуулахдаа Засгийн газрын тухай хуульд байсан кабинетийн зарчмыг авч хаясан. Шадар сайд, Ерөнхий сайд гэдэг хоёр Ерөнхий сайд үйлдвэрлэж байгаад сайдуудаа хоёр нам хуваагаад авчихсан. Тэрнээсээ болоод Ерөнхий сайдын кабинет биш Ерөнхий сайдаа шахдаг, хянадаг УИХ-ын байнгын хороо, намын бүлэг шиг бүтцийг Засгийн газар дотроо хийчихсэн. Одоо хүртэл тэр нь явж байгаа. Үндсэн хуульд кабинетийн зарчмыг хуульчлаагүйгээс болоод Засгийн газрын кабинет биш, яг социализмын үеийн сайд нарын зөвлөл ажиллаж байгаа байхгүй юу. Эсвэл УИХ-ын жижигрүүлсэн фракц бүлэглэлийн хуралдааны хэлбэр ч гэж болно. Үүнийг шийдэхгүйгээр Ерөнхий сайд нь сайд нараа томиллоо гээд асуудал бүрэн шийдэгдэхгүй.

Дээр нь энэ Үндсэн хуулийн өөрчлөлт дотор манай хамгийн том алдаа болох Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцорвол Засгийн газар огцордог, Ерөнхий сайдыг барьцаалдаг сайд нарын эрх мэдэл хэвээрээ байна. Ийм зохицуулалт кабинетийн зарчимд байдаггүй. Ерөнхий сайд өөрөө томилогдонгуут шууд Засгийн газар ажиллаж эхэлдэг. Түүнээс биш манайх шиг Ерөнхий сайд нь томилогдоод хуучин Засгийн газрын гишүүдтэй хуралдаад алх цохиод олонхиороо шийдвэр гаргаад явдаг улс орон байхгүй. Энэ асуудлыг шийдэхгүй юм бол энэ нэмэлт өөрчлөлт нөгөө Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт авчирах, тогтвортой байлгах, Монгол Улсад бодлого нэг цонхоор явдаг тэр систем рүү очих чинь огт хэрэгжихгүй. Худлаа болно. Ерөнхий сайд нь сайд нараа томилж байгаа мэт боловч сайд нар дотор нь дахиад л Ерөнхий сайдтайгаа адил эрх хэмжээтэй сайд нар байж байна. Эсвэл “чамайг мөргөж унагачихаад би өөрөө Ерөнхий сайд болно шүү” гээд зогсч байдаг том улстөрчид орж ирдэг тэр үүд хаалга нээлттэй байгаа байхгүй юу. Ийм тохиолдолд Засгийн газрын тогтвортой байдал, нэг цонхны бодлого, гүйцэтгэх эрх мэдэл нэг гарт ирж Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль нэг мөр хэрэгжих Үндсэн хуулийн үзэл санаа хэрэгжих ямар ч боломжгүй. Нэг гоё араа авчирч тавихаасаа илүү ажиллаж болох олон эрэг шургийн эвлүүлэг энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөд орох уу, үгүй юу гэдэг асуултанд бид хариулах ёстой.

Д.Жаргалсайхан:

-Та хоёроос тодруулж асуух зүйл байна. Тухайлбал, Занданшатар гишүүн та “Төр засагт итгэх итгэл буурсан байна” гэлээ. Шударга ёс байхгүй болохоор хүмүүс итгэхгүй байна шүү дээ. Үүнийг шийдэхийн тулд шүүх засаглалыг нь, шүүхийн дор, хуулийн дор бүгд адил байхын тулд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа юм бэ?

Мөн та бүхний албан ёсны сайтад тавьсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн энгийн хувилбар. Ажлын хэсэг. ТББХ. 2018.06.22” гэсэн материал дотор ахиад нөгөө “давхар дээл” гэдэг зүйл ороод “кабинетийн 3/1 нь УИХ-ын гишүүн байж болно. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно” гэсэн байна. Энэ хоёр зүйл дээр тодруулга өгөхгүй юу?

Г.Занданшатар:

-Сүүлийн асуултаас эхэлье. Хамгийн чухал нь парламент болоод гүйцэтгэх эрх мэдэл, Засгийн газар хоёрын зааг ялгааг гаргах шаардлагатай байгаа юм. Онолын хувьд хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл хоёр харилцан уусч болно гэсэн үндэслэл байдаг. Гэхдээ дэлхийн олон улс, 80 гаруй улсын хуулийг судлахаар парламентын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хийж болдоггүй 34 улс байна. Заавал ард түмнээс сонгогдсон хүн сайд байх ёситой, төлөөллийн эрх мэдлийг хэрэгжүүлэх ёстой гэж үздэг 32 улс байна. Жишээлбэл Японд парламентын гишүүн байх ёстой гэж үзэж байхад Сербид хориглосон байх жишээтэй. Манайх 76 гишүүнтэй жижиг парламент учраас хэт олон хүн Засгийн газрын гишүүн байж болохгүй, гүйцэтгэх эрх мэдэл нь парламентдаа нөлөөлөх гээд байдаг. Огт байхгүй бол бас парламент, Засгийн газар хоёрын уялдаа алдагдчих гээд байдаг учраас 3/1-ээр хязгаарласан.

Хоёрдугаарт, нийгэмд хамгийн шүүмжлэлтэй байгаа асуудал бол шүүх засаглалын нээлттэй, ил тод, хариуцлагатай байдал. ШЕЗ-ийн статусыг бэхжүүлэх, орон тоог хуульчлан зааж өгөх замаар шүүхийг хараат бус байлгахыг зорьж байна. Шүүхийн хараат бус байдал, хариуцлага гэдэг бол нэг зоосны хоёр тал. Шүүгчийн томилгоог нээлттэй болгож, хугацаа зааж, Ерөнхийлөгчийг шүүгчээр батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд ил тод мэдээлдэг, бүх шатны ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилох бус, шүүгч нар өөрсдөө сонгодог болох өөрчлөлт явж байгаа. 2017 онд Ерөнхийлөгч 397 шүүгчийг томилохдоо 12 шүүгчийг тодорхой шалтгаан хэлэлгүйгээр татгалзсан байдаг. Түүнийгээ олон нийтэд хэлээгүй. Нам улс төр, танил тал, ямар үндэслэлээр татгалзсан нь тодорхойгүй. Энэ мэт шүүгчийн томилгоонд гардаг тодорхойгүй байдлыг цэгцлэх зорилгоор татгалзах үндэслэлээ тайлбарладаг шаардлага тавьж байгаа. Ерөнхий шүүгчийг сонгодог, Ерөнхийлөгч танилцуулж, УИХ батламжилдаг шат дамжлагыг нарийсгаж байгаа. Үүн дээр олон хуульч олон саналтай байдаг. Тэр байтугай нэг хуульч хоёр саналтай ч байдаг. Жишээлбэл Японд ерөнхий шүүгчийг ард түмнээс сонгодог, парламентын сонгуультй хамт сонгууль явуулдаг тогтолцоо байна. Америкийн практик байна. Бид бол Эх газрын эрх зүйн системтэй учраас үүнийгээ л бэхжүүлээд явж байгаа.

Д.Жаргалсайхан:

-Нэгдүгээрт ерөнхий шүүгчийг шүүгч нь нар өөрсдөө сонгодог болох юм байна. Хоёрдугаарт Засгийн газрын гишүүдийн 3/1 нь давхар дээлтэй байх юм байна. Энэ Үндсэн хуульд орж байгаа өөрчлөлт мөн үү?

Г.Занданшатар:

-Тийм

Д.Жаргалсайхан:

-Ноён Х.Тэмүүжингээс асуух асуулт байна. Та түрүүнд Засгийн газрын кабинет биш, парламент доторх бүлэг фракцийн төлөөлөл ажиллаж байна гэсэн. Үүний суурь шалтгааныг нь харахаар улс төрийн намын санхүүжилт яваад байдаг. Намдаа хамгийн их мөнгө өгсөн фракц яагаад Засгийн газарт ордоггүй юм гээд нэгийгээ өшиглөж унагаж байгаад өөрсдөө ордог, нөгөөх нь өшөөгөө авдаг. Үүнийг яаж шийдэх юм? Нэмэлт өөрчлөлтийн төсөлд энэ зүйл байна уу?

Х.Тэмүүжин:

-Төсөлд бол энэ байхгүй. Шийдэх арга зам бол их амархан. Бусад улсуудын туршлага ч байна. Сонгуульд пропорционал элементийг оруулаад сонгогчдоор Засгийн газраа сонгуул гэдэг зарчмыг тавьчихаж байгаа юм. Тэгэх юм бол намд их хандив өгсөн ч юм уу, ордны хуйвалдаанаар, мөнгөний ихээр албан тушаал авах биш, сонгогчид “Ерөнхий сайд нь энэ хүн байж чадах уу? Сангийн сайд нь, Хууль зүйн сайд нь энэ хүн байж чадах уу?” гэдэг дээр сонгуульд санал өгөхдөө сонголтоо хийгээд Засгийн газраа тодорхойлчихдог. Нэгэнт иргэдийн сонголтоор бий болсон Засгийн газрыг “Би Ерөнхий сайд болох ёстой. Би сайд болох ёстой” гэж унагаж авна гэдэг өөрөө сонгуулийг дахин явуулах нөхцөл рүү түлхдэг тийм систем. Энэ бол ардчилалтай хариуцлагыг уяж байна шүү дээ. Манайд бол тийм зүйл байхгүй. Сонгогчдын өмнө гайхамшигтай гоё юм ярина. Сонгуулийн маргааш нь бүх юм эсрэгээрээ. 60 тэрбум нэг жишээ нь. Энэ намд хамгийн их хандив өгсөн нь хэн бэ, эсвэл манай фракцийн толгойлогч хэн бэ? гэдгээр томилгоо явагддаг. Зарим нь бол зүгээр цаасан дээр хэдэн гишүүний гарын үсэг цуглуулчихаад “Надад тэдэн гарын үсэг байна, надад сайд өг” гээд үсрээд ороод ирж байгаа шүү дээ. Ийм гажиг, явцуу, олон нийтийн санаа бодол болон хууль ёсны ямар ч үнэ цэнэгүй хуйвалдааныг зогсооё гэвэл пропорциональ элемент орж ирэхээс өөр арга байхгүй. Ямар нэг хэлбэрээр пропорционалийн элемент орж байж “Засгийн газраа сонгуулийн өмнө зарла” гэдэг зарчим амилж байгаа байхгүй юу.

Хоёрдугаарт, бусад улс оронд парламентын спикер гэдэг хүн зөвхөн хурал зохион байгуулагч. Түүнээс биш тусгай хамгаалалтанд ороод, ҮАБЗ-ийн дотор ороод тагнуулын байгууллага гэх мэт гүйцэтгэх эрх мэдлийн гол субектуудыг парламентын механизмгүйгээр өөрөө шууд аваад явдаггүй. Уг нь парламентыг төлөөлөх субект нь 76 гишүүн болон тэднээс байгуулагдсан байнгын хороо, ажлын хэсгүүд байтал УИХ-ын дарга гэдэг албан тушаалтан АТГ-ын даргыг томилоход ч, ямар нэгэн томилгоонд парламентыг байхгүй болгоод өөрөө төлөөлдөг болоод хувирчихаж байна шүү дээ. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. УИХ-ын дарга гэдэг бол спикер. Спикер намаас түдгэлзэнэ гэдэг сонгодог зарчмыг оруулж ирэхгүй бол бүх намын дарга УИХ-ын дарга болоод сугандаа Ерөнхий сайдтай, өөрөө намтай, намыг алх тогшоод удирдаж байдаг тэс өөр удирдлагын тогтолцоо руу орох гэж байна шүү дээ. Үүнийг шийдэж чадсан уу, энэ хуулин дээр байна уу? Байхгүй бол энэ асуудлыг яаж шийдэх юм. Дахиад нэг том асуудал үлдэж байгаа байхгүй юу.

Д.Жаргалсайхан:

-Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр яаж шийдэх ёстой вэ?

Х.Тэмүүжин:

-Үнэхээр улс төрийн соёл нь байхгүй бол ядаж Үндсэн хуулийн өөрчлөлтдөө “УИХ-ын дарга болсон хүн намаасаа түдгэлзэнэ” гээд оруулчих юм бол ядаж намын дарга нар тийшээ өрсөлдөхгүй шүү дээ.

Д.Жаргалсайхан:

-Таны түрүүн ярьсан зүйлээс тодруулах зүйл байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх буюу шударга ёсны засаглал гэж байна. Гэтэл манай Ерөнхийлөгч өөрөө Засгийн газар болоод Тагнуулын даргаа дуудаж авчираад мэдээлэл авчихдаг, өөрөө шийдвэр гаргадаг, бодлого боловсруулаад хэрэгжүүлэхийг шахдаг, хэрэгжүүлэхгүй бол огцрууллах гээд байлдчихдаг гэж байна. Үүнийг яаж өөрчлөх юм?

Х.Тэмүүжин:

-Их энгийн жишээ л дээ. 34 суудалтай АН засаглаж чадахгүй байна гээд шүүмжилдэг байсан. Гэтэл 65 суудалтай МАН голоороо хуваагдаад хэрүүлээс өөр хийх ажилгүй бүрэн эрхээ бараг дуусгаж байна шүү дээ. Энэ чинь юуг хэлж байна гэвэл 34 байна уу, 65 суудалтай байхаас хамаарахгүй байна. Аль нам байхаас үл шалтгаалаад энэ хагарал хаанаас эхтэй вэ гэдэг асуултыг хүссэн хүсээгүй бидэнд тавьж байна. Үндсэн хуулинд “Ерөнхийлөгч бол парламент доторх зөвшилцлийг хангагч” гэж бодож Чимид гуай эд нар хийжээ. Гэтэл энэ 28 жилийн хугацаанд бусад хуулиудаар Үндсэн хуульд байхгүй эрх мэдлийг Ерөнхийлөгч дээр овоолж өгчээ. Тэрний үр дүнд Ерөнхийлөгч өөрөө мөрддөг, ялладаг, шүүдэг, нөгөө Монтескюгийн онолын “хамгийн аюултай”, “хонгил” гэж хэлээд байгаа хүнийг хэн ч биш болгодог тэр эрх мэдлийг гартаа атгаад авчихжээ. Энэ зэвсгээ авахын тулд байнга зодолддог болоод хувирчихаж. Тэгэхээр ердийн хуулиар өгсөн бүх эрх мэдлийг нь Ерөнхийлөгчөөс авчихвал цэврээрээ Ерөнхийлөгч юун дээр үлдэх вэ?

Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн 12 эрх мэдэл бол хамгийн зөрчилдөөнгүй, эвийг сахиулагч байдлаар бичигдсэн. Гэтэл ердийн хуулиар олгосон эрх мэдэл нь Ерөнхийлөгчийг хамгийн их хагалан бутаргагч, хуваагч, Засгийн газрын хувь заяаг шийдэгч болгож хувиргасан.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгийн хууль санаачлах эрх. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бүрэн эрхтэйгээ холбоотой асуудлыг Засгийн газар болон УИХ-д оруулах эрхтэй. Гэтэл Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн дарга гэдэг статусаар нь эдийн засгийн, уул уурхайн гээд бүх асуудал руу орж байна. Үүний чинь үр дүнд Ерөнхийлөгч байгаа хүн “Эрдэнэт”-ийг хулгайлах хэмжээний эрх мэдэлтэй боллоо шүү дээ. Энэ хэмжээний алдааг Үндсэн хууль гаргаад байна уу, ердийн хууль гаргаад байна уу? УИХ саймшраад Ерөнхийлөгчид ийм их эрх мэдэл өгчихөв үү? Энэ асуудлаа цэгцэлж харангуут Ерөнхийлөгчийг байранд нь тавихаас өөр аргагүй. Түрүүн хэлсэн УИХ-ын даргыг байранд нь тавья гэдэг шиг. Энэ хоёрыг шийдэхгүйгээр Ерөнхий сайд эрх мэдэлтэй болж чадахгүй.

Үргэлжлэл бий

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 5 цаг 16 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 5 цаг 16 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 5 цаг 17 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 5 цаг 18 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 5 цаг 31 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 5 цаг 32 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 7 цаг 44 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 7 цаг 52 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 9 цаг 52 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 9 цаг 54 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 9 цаг 57 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 10 цаг 3 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 10 цаг 4 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 10 цаг 7 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 11 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 10 цаг 11 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 10 цаг 13 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 10 цаг 15 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 10 цаг 18 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 10 цаг 20 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top