УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болох байсан ч хохирогчийн хүсэлтээр хойшиллоо. Шүүх хуралд оролцохоор сэжигтэн Д.Гантулга, гэрчээр оролцож байгаа Ч.Саранзаяа нар өмгөөлөгчийн хамт хүрэлцэн ирсэн бол хохирогч Ч.Наранзаяа хараахан хүрэлцэн ирээгүй байсан юм. Гэвч хохирогч Ч.Наранзаяагийн хүсэлтээр шүүх хурлыг энэ сарын 24-нийг хүртэл хойшлууллаа. Тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ.
Энэ талаар албаныхан "Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны долдугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан. Өнөөдөр 10.00 цагт Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хийхээр товлосон. Гэвч уг шүүх хуралд хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магалдлагаа ирүүлж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны наймдугаар сарын 24-ний өдөрийн 11.00 цагт хаалттай явуулахаар товлон зарлалаа" гэх мэдээллийг өгчээ.