x

Хайр найргүйгээс гэр хороолол аварна!

Манай нэртэй дипломатч Д.Баярхүү энэ цаг үеийн хариуцлагагүй байдлыг “хайр найргүй амьдардаг” хэмээн оновчтой хэлжээ. Гэхдээ, “монголчууд ерөөсөө. . .” хэмээн хавтгайруулсантай би санал нийлсэнгүй. 

Оросын мэргэжилтнүүд гарч явснаас хойшхи 30 жилд баригдсан барилга, орон сууцны хорооллууд; тавьсан зам, гүүрүүд; олборлосон орд, уул уурхайнууд; өссөн мал, газар тариалан; шинэчлэгдсэн амбулатори, эмнэлгүүд; сүндэрлэсэн таван одтой зочид буудал, зоогийн газрууд гэх мэтийг хараад байхад хариуцлагатай монголчууд цөөнгүй бий гэдэг нь түвэггүй мэдэгдэнэ. Бидэнд багшилж байсан сибирийн оросууд ирээд монголчуудыг бахаддаг юм билээ. 

Хариуцлагатай, хайртай найртай монголчууд нээрээ цөөнгүй бий. Хэдий тийм ч хайр найргүй амьдардаг монголчууд харин тэднээсээ давж гарна уу гэхээс дутна гэж үгүй. Энэ тал дээр би Баярхүүтэй санал нэг байна. Яваад үзэхэд лүүзэрүүд барагдах гэж үгүй шүү!

Би Баярхүүгийн бас нэг тексттэй санал нийлэхгүй байна. Тэр нь “Балар харанхуй ой хөвч шиг. . . гэр хорооллыг. . . би гутрал цөхрөлийн нүдээр хардаг” хэмээх мөрүүд болно. Яагаад санал нийлэхгүй байгаагаа тодруулахын тулд оршил болгон түүхээс дурьдсу. 

ХХ зууны эхний 30 жил дэх Хойд Америк, Европыг эргэж харвал, капитализмын боломжийг ашиглан хөдөлмөрлөж, бүтээж байсан цөөнхийг эс тооцвол олонхи нь өнөөгийн манай лүүзерүүд шиг хайр найргүй амьдарч байсан юм. Насанд хүрсэн эрчүүдийн дунд архидалт түгээмэл. Ажил дээрээ архидна. Ажил тараад архидацгаана. Цалин буувал дор хаяж 3 хоног гулран алга болно. Хүмүүс нэг ажил дээрээ удаан тогтох гэж үгүй. Байнга цалингаа голж ажлаа солино. Гудамжинд халамцуу хүмүүсийн улс төрийн хэрүүл зодоон гарахгүй бол азны юм болно. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэгтээ живж байв. Аргаа барсан Америкийн засаг захиргаа, архи худалдаалахыг хориглосон “Хуурай хууль” гээчийг гаргаж байв. “Хуурай хууль” америкчуудын хайр найргүй амьдарч байсныг гэрчилнэ. 

Герман хотын хайр найргүй амьдралыг Эрих Мари Ремаркийн “Гурван найз” зохиол үзүүлдэг. Энэ зохиол; Макс Веберийн, протестант шашинт соёл нь хүнийг арвич хямгач, хөдөлмөрч, хариуцлагатай болгодог гэсэн нотолгоо, өнгөрсөн зууны 20-30 оны Германд тийм ч их нийтлэг байгаагүйг харуулна. 

Алсдаа Гитлерийг засгийн эрхэнд хүргэсэн германы гиперинфляци (1923 оны 11-р сарын 23-ны байдлаар 1доллар=4200 000 000 000 марк хүрч байв) нь немецүүдийг ямар хайр найргүй амьдарч байсныг мөн нотлох биз ээ. 

Энэ мэтийг эргэж сөхвөл, өнөөгийн манай лүүзерүүдийн хайр найргүй амьдралыг гайхалтай харуулсан Баярхүүгийн нийтлэл нь бас ХХ зууны эхэн үеийн Хойд Америк болон Европын нийгмийн хайр найргүй амьдралыг харуулах шиг. 

Одоогийн өндөр хөгжилтэй орнууд капитализмд шилжих шилжилтийн үедээ “хайр найргүй”-г туулсан билээ. Тэр үеийг “зэрлэг капитализм” ч гэх нь бий. Ямар сайндаа, залуус үйлдвэрт ажиллахаасаа илүү дайн хийх дуртай байх билээ. 

Дэлхийн I дайн бол Европын залуусын үндсэрхэг үзлийн хийрхлээс гаралтай, хамгийн утга учиргүй дайн. “Дайн эхэллээ” хэмээн зарлагдахад Европын бүх хотуудад баярласан залуус, хөлбөмбөгийн фанатууд шиг хөөрсөн гэдэг.

Ийм Хойд Америк, Европыг “хайр найргүй амьдрал”-аас нь салгасан гол хүчин зүйл тэгээд юу байв?

Ямар ч байсан христч итгэл үнэмшил дээр суурилсан соёл яавч биш гэдгийг Их хямрал, дэлхийн дайнууд нотолно. Явж явж үнэндээ бол Дэлхийн ll дайнаас хойш эрчээ авсан моргейж (ипотек)-ийн зээл л ажээ!

Моргэйжийн зээлийн ачаар барууны иргэд орон сууц, машин гэх мэт алдах үнэ цэнэтэй хөрөнгөтэй болсон. Алдах үнэ цэнэтэй хөрөнгөтэй болсон болохоор ухаан орж, хариуцлагатай, хайртай найртай болцгоосон. 

Алдах юмтай хүн хууль, дүрэм, журам биелүүлэхдээ сайн байдгийг Чимид гуай надад хэлж байсныг санаж байна. Өрнөдийн орнуудад хууль, дүрэм, журмаа зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулахдаа хүнд нь биш хөрөнгөнд нь торгууль тавих замаар ноогдуулдаг. Хариуцлага алдвал хөрөнгөө алдана гэдгийг анхааруулж буй нь тэр. Чимид гуайн хэлсэн үгийн утга ийм. 

Моргэйжийн зээлийн хүчээр барууны иргэдийн хөдөлмөрийн бүтээмж асар их нэмэгдсэн. Тэдгээр улсуудын ДНБ нь иргэдийнхээ моргэйжийн зээлийн нийлбэр дүнтэй дүйцдэг нь үүнийг нотолно. 

Өдгөө манайд ч бас моргэйжийн увдис мэдрэгдээд эхэлсэн. Моргэйжийн зээлтэй монгол залуус эгээ л герман хүн мэт тооцоотой, хариуцлагатай, хайртай найртай болдог. Ажилдаа зүтгэлтэй, мөнгөндөө тооцоотой, хөрөнгөндөө хямгатай хандана. 

Энэ явдал моргэйжийн увдисыг ашигласан өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжтойг харуулж байгаа юм. 

Монголчуудыг хариуцлагатай болгоё гэвэл алдах үнэ цэнэтэй хөрөнгөтэй болгох хэрэгтэй. Хариуцлага алдвал хөрөнгөө алдана. Хөрөнгөнд нь торгуул ноогдуулна. 

Хүн гээч бүхнээс илүү “. . . өмч хөрөнгөндөө хайртай байдаг” хэмээн Аристотель бичсэн нь жудаггүй ч гэлээ олон тохиолдолд үнэн байдаг билээ. 

Баярхүү маань, гэр хороололд “. . . хүн байх, хүн төрхөндөө эргэж орох нийгмийн асар том үйл явц тэмцэн ядан, бараг ялагдаж байна” хэмээн халаглажээ. Санаа зовохоор асуудал аргагүй мөн. 

Үнэхээр, гэр хорооллынхон хашааныхаа газрын үнэ цэнийг ухаарч өгөхгүй нь гайхаш тасрам. Хашааны газар нь хоёр өөрөө байр мэтхэнтэй зүйрлэх аргагүй үнэтэй; дээр нь хаус байтугай өндөр байшин, үйлдвэр, дэлгүүр зэрэг юуг ч босгох боломжтой; гэтэл хоёр өрөө байшин дээр юу ч босгох боломжгүй оромж төдий гэх мэт тал талаас нь хэлээд байхад л ойлгож ядна. 

Хашааныхаа газрын цэнийг ойлгохгүй газрын эзэд, хайр найргүй амьдардаг юм билээ. Хайр найргүй амьдарч байгаа нь: өөрсдийг нь биеэ үнэлэгч мэтхэн үнэлдэг олигархуудад хашрахгүй саналаа худалдаж байгаагаас нь харагдана; өөрсдийг нь дэндүү муухай доромжлоход хүртэл шилээ маажаад гэмшиж байгаагаас нь харагдана; өөрсдийнх нь сайн сайхны төлөө тэмцэхэд хүртэл мөнгө нэхэж байгаагаас харагдана. 

Гэхдээ, хэдийгээр цөхөрч халагламаар ч гэр хорооллынхны хайр найргүй амьдардгийг ялах боломжтой. Тэдний хашааны газрыг, барууны орнуудын жишгээр эдийн засгийн эргэлтэд оруулдаг, чөлөөт зах зээлийн үйлчилгээг хүргэж өгөх юм бол хайр найргүй амьдралаа таягдан хаяна. Үүнд эргэлзэх явдалгүй. Моргэйжээр боссон барууны хотуудын туршлага хэлээд өгнө. 

Нийслэлд З00000 орчим хашааны газар байдаг бөгөөд нийт эдэлбэр газрын 78 хувийг эзэлдэг. Хашааны газар гэгдэх эдгээр үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан моргэйжийн зээл (моргэйжийн зээл гэдэг бол угаасаа газар болон дээр нь баригдсан обьектоор барьцаалсан, гүйцэтгэлээр олгогддог зээл юм) олговол газрын эзэд газар дээрээ; хаус, таунхаус, орон сууц, дэлгүүр, гар урлал мужааны цех гэх зэрэг өөртөө хэрэгтэй барилга байгууламжуудыг уралдан босгож өгнө. Гэр хорооллын ам метр газар бүр дээр үл хөдлөх хөрөнгийн “үйлдвэрлэл” өрнөнө. 

Асар өргөн цар хүрээтэй өрнөх энэ бүтээн байгуулалт эдийн засгийн нийт эрэлтийг хөхиүлнэ. Нийт эрэлт нэмэгдсэнээр үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэж, ажилгүйдэл хурдацтай буурч, хүн амын орлого нэмэгдэнэ. Дагаад эдийн өсөлт эрчимжинэ. Эдийн засгийн эрчимтэй өсөлт хүссэн хүн бүрийг алдах үнэ цэнэтэй юмтай болгоно. Алдах үнэ цэнэтэй юмтай хүмүүс хариуцлагатай, хайртай найртай амьдарцгаана. 

Ингэж гэр хорооллынхон гэгдэх газрын эзэд, монголчуудын хайргүй найргүй амьдралыг ялж хариуцлагатай амьдралыг аварна даа! Бид, гэр хорооллын хашааны газарт буй “капиталын нууц”-ыг олж харах цаг болсон!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 55 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 1 цаг 27 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 1 цаг 47 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 4 цаг 28 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 4 цаг 30 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 4 цаг 32 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 4 цаг 35 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 4 цаг 36 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 4 цаг 41 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 4 цаг 42 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 4 цаг 43 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 44 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 4 цаг 46 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 4 цаг 47 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 4 цаг 49 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 4 цаг 50 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 4 цаг 52 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 21 цаг 30 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 21 цаг 31 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 21 цаг 31 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top