Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой салбарын бодлогын асуудлаар ярилцлаа.
-Танай салбарынхны хамгийн их ажилтай улирал эхэлж байна. Тариа ногоогоо тарих, төл малаа хүлээж авах гээд ид ажлын үе. Та сайдын хувиар цаг үеийн ажлуудад анхаарал хандуулахаас гадна бодлогын асуудлуудад түлхүү анхаарч байгаа гэж харагддаг. Хэд хэдэн шинэ хууль УИХ-аар батлуулснаас түрүүч нь ирэх зургаадугаар сараас хэрэгжих байх аа?
-Юуны өмнө салбарын нийт ажиллагсдадаа хаврын мэндийг танай сониноор дамжуулан хүргэе. Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Манай салбар мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр, хүнсний гээд дөрвөн салбарыг нэгтгэсэн маш том салбар. Салбарын хувьд бодлого, зорилго маш тодорхой. УИХ-аас салбарын бодлогыг тодорхойлсон Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг УИХ-аас батлан гаргасан. Бодлого тодорхой учраас салбарын сайдын хувьд эдгээр бодлогод тулгуурлан зорилгоо дэвшүүлсэн. Салбарын зорилгоо хэдхэн өгүүлбэрээр хэлэх юм бол Монгол Улс бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, газар тариалангийн бүсээ тогтоосон, газар тариалангийн бүс, төв суурин газраа түшиглэн эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэлээ сэргээсэн, гурван сая иргэнээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангасан, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх явдал юм. Эцэст нь экспортоо нэмэгдүүлнэ. Экспорт ярихаар бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, өрсөлдөх чадвар яригдаж таардаг. Тийм учраас салбарын суурь болох хоёр хуулийг өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-аар батлуулсан. Энэ нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль юм. Хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газраас Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг энэ оны нэгдүгээр сард батлан гаргаад байна. Эдгээр хууль энэ оны зургаадугаар сараас хэрэгжиж эхлэх юм.
-Эдгээр шинэ хуулиудыг мөрдөж эхлэх хугацааг хагас жилээр хойш татан нарийн зааж өгснийг бодоход бэлтгэл ажил их байсан болов уу?
-Энэ хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газар гэж агентлаг шинээр байгуулж байна. Аймгуудад Мал эмнэлгийн газар, сумдад мал эмнэлгийн тасаг байгуулагдана. Ингэснээр малын эрүүл мэндийн хяналтын тогтолцоо бүрдэнэ. Өнгөрсөн хугацаанд бид малын өвчин гарсан хойно сандарч тэмцдэг байсан бол цаашид малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг болох юм. Үүний тулд хэд хэдэн ажлыг төлөвлөж байна. Юуны өмнө Монгол Улс дотоодоо малын вакцин үйлдвэрлэдэг болъё гэдэг зорилт тавин Унгар улсын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Биокомбинатыг өргөтгөх гэж байна. Ингэснээр жилдээ 5-10 сая шингэн вакцин, мөн 15-25 сая хуурай вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр шугамтай, шинжилгээний лаборатори бүхий өргөтгөлийг барих юм. Тендерийг Унгарын тал зарлаж байгаа ба бүтээн байгуулалтын ажил нь мөн зургаадугаар сараас эхлэхээр төлөвлөж байна. Мөн вакциныг дотооддоо үйлдвэрлэхээс гадна үйлдвэрлэж чадахгүй вакцинаа нэг л улсаас импортоор авдаг байхаар шийдвэрлэж байна. Энэ нь ОХУ байх юм. Мал эмнэлгийн албыг бэхжүүлж, малын эмийн хэрэглээнийхяналтыг бий болгосноор хүнсний аюулгүй байдлын хяналт бүрэн хангагдана. Хүн амын хүнсний аюулгүй байдал хангагдахаас гадна энэ нь мах, малын гаралтай түүхий эдээ экспортод гаргах бололцоо нэмэгдүүлж байгаа юм.
-Эрүүл баталгаатай махаар хүн амаа хангаад зогсохгүй экспортод гаргах бололцоог нэмэгдүүлнэ гэлээ. Энэ талаар олон жил ярьж байгаа шүү дээ. Энэ удаад чухам ямар бололцоо харагдаж байна вэ?
-Монгол Улс 67 сая толгой малтай, энэ жил 22 сая толгой төл хүлээж авна. Үндсэндээ 80 сая гаруй толгой малтай болох юм. Бид жилдээ 10 сая орчмыг нь хүнсэндээ хэрэглэдэг. Жилдээ мөн 10 саяыг экспортлоод байх боломж, нөөц бий. Үүний төлөө бид зорьж, Мал амьтны эрүүл мэндийн хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг УИХ, Засгийн газраас батлан гаргасан юм.
Бид экспорт ярихад малын эрүүл мэндээс гадна гааль, хилийн тарифын асуудал давхар хөндөгддөг. Хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай энэ асуудлыг ярилцаж байна. Ерөнхий сайдын БНХАУ-д саяхан хийсэн айлчлалын үеэр энэ асуудал, тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хил, гааль, тарифын асуудал яригдсан. Чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлаар хоёр тал ажлын хэсгийн түвшинд хэлэлцэж байна. Монголын талд ашигтай байх юм бол чөлөөт худалдааны гэрээг хийх боломжтой. Мөн Евро-Азийн хамтын ажилллагааны нийгэмлэг, Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгт элсэх асуудал яригдаж байгаа зэргийг аваад үзвэл цаашид бусад том зах зээл рүү гарах бололцоо байж болно.
Монголын зах зээл жижиг, бид ердөө гурван сая хүн амтай. Тэгэхээр энэ зах зээл дээр манай аж ахуйн нэгжүүд хэчнээн хичээгээд чармайгаад томрох бололцоо бага. Экспорт гэж яриад байгаагийн учир тэр юм. Урд талд маань 1.4 тэрбум хүн амтай, хойд талд маань 15 сая хүн амтай том зах зээл байна. Энэ зах зээлд гарахын тулд бид бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Бид экспорт гэхээр хөдөө аж ахуйд мах л яриад байгаа юм. Мах экспортын бүтээгдэхүүн мөн. Гэхдээ бид бас сэтгэлгээний өөрчлөлтүүд хийх шаардлагатай байгаа юм. Манай малчид, үйлдвэрлэгчид мах экспортод гаргана гэхээр намар баахан бэлтгэл хийгээд, өвөл нь том хөргөгчинд хадгалахыг бодоод байна. Энэ ойлголт ер нь хоцрогдсон байна. Урд хөрш маань л гэхэд өдөр болгон мах авья, гэхдээ өдөр болгон шинэ мах авья гэж байгаа юм. Одоо бид махыг дулааны аргаар боловсруулаад түүхийгээр нь гаргаж байгаа юм. Уг нь бид тэр махаа ангилаад ялгах юм бол өнөөдөр гурван ам.доллараар зарж байгаа махаа 10 ам.доллараар зарах боломж байгаа юм. Дээрээс нь бид гурилаа экспортлох боломж байна. Төмс, хүнсний ногоо, ноос, ноолуур, ноолууран бүтээгдэхүүн гээд бидэнд маш их баялаг байгаа.
-Бид байгаа нөөцтэйгээ харьцуулахад бага ашиг олж буй нь үнэн. Мал аж ахуй л гэхэд тоон толгойгоор хөөцөлдөж ирсэн. Цаашид үүнийг өөрчлөхөд юу хэрэгтэй вэ?
- Бидэнд одоо 66 сая мал байна. Энэ хангалттай гэдгийг малчид ч өөрсдөө хэлэх боллоо.Тийм болохоор л малынхаа үүлдэр угсааг сайжруулья, нэгж малаас авах ашиг шимээ нэмэгдүүлье гэдэгт бүгд санаа нийлж байна. Мөн бидэнд 1.5 сая га газар тариалангийн талбай байна. Га талбайгаас авах ургацаа, га-гаас хүртэх ашиг шимээ нэмэгдүүлье гэж зорьж байна. Энэ талбай дээрээ бид зөв таримлаа тариад экспортлох боломж байгаа. Олон жил бид байгалийн эрхшээл, ган гачигаас болж ургац алдсан. Гэхдээ ургаж алдахгүй байх боломж бий. Тэр нь усалгаатай газар тариалан. Бид 80 мянган га талбайд усалгаатай газар тариаланг хөгжүүлэх зорилго тавьснаас энэ жил 10 мянган га-д усалгаатай талбайд тариалалт хийх юм. Тэгэхээр энэ салбарыг удирдаж байгаа хүний хувьд жаахан зоригтойхон ажиллая, зоригтой шийдвэрүүд гаргая, олон жил гацаад байгаа ажлуудыг ажил хэрэг болгоё л гэж зорьж байгаа юм.
-Мэдээж улстөр, бизнесийн ашиг сонирхол аливаа зүйлийг гацаагч гол хүчин зүйл болдог. Танай салбартч бас л энэ байдал ажиглагддаг зүйл. Зоригтой байна гэсний тань цаана ухрахгүй гэсэн санаа цухалзаж байна гэж ажиглалаа.Танд дарамт шахалт үзүүлэх ч юм уу няцаах гэсэн оролдлого гарч байна уу?
- Асуудал юунаас болж гацаад байгаа тухайд бол янз бүрийн л учир шалтгаантай байх. Гэхдээ таны хэлж байгааг үгүйсгэх аргагүй. Хэрээс хэтэрсэн улстөржилт хөгжилд ямар их саад тушаа болдогийг бүгдээрээ хангалттай харлаа. Одоо жаахан зоригтой зорилготой байя. Мэдээж ажил явуулахад саад бэрхшээл гаралгүй яахав. Миний хувьд нэг их жижиг сажиг саадыг том зорилгынхоо өмнө авчраад сүржигнээд байхшаардлагагүй гэж боддог. Том зорилготой хүнд ямар ч асуудал шийдэж болохуйцсанагддаг. Ийм том салбарыг хариуцаж ажиллаж байгаагийн хувьд надад нэг л итгэл үнэмшил байна. Хөгжих ёстой, өөрчлөгдөх ёстой, дэлхийтэй хөл нийлүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшил. Тийм учраас салбарын хөгжилд үсрэлт болох бодлогын алхмуудыг хийчих юмсан гэж зорьж байна. Энэ бол зөвхөн миний хувийн зорилго бишулс орны зорилго учраас нададхойш суух эрх байхгүй ээ.
-Тэдгээр зоригтой шийдвэрүүдээс ойрын үед хэрэгжих нь юу байх бол?
- Жишээ нь газар тариалангийн хувьд газар тариалангийн бүс нутгаа зарлая гэж олон жил ярьсан. Үүнийг зориглож хийж чаддаггүй, улс төр нөлөөлдөг байсан. Тэгвэл одоо зарлая. Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Увс аймгийн зарим сумд, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим сумдыг газар тариалангийн бүс нутаг гэж тогтоохоор болж байна.
-Газар тариалангийн бүсээ зарлачихаар тэр хавийн малтай иргэдэд ямар асуудал тулгарах вэ?
-Газар тариалангийн бүсээ зарлаж байгаа нь тэр бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжинө л гэсэн үг. Тариалангийн бүс тодорхой болохоор аяндаа малын тоо, толгойд хязгаарлалт хийгээд эхэлнэ. Малчид ч бас үүнийг ойлгож байгаа. Малчдын хүсээд байгаа нэг ажил нь Бэлчээрийн тухай хуультай болох. Хөдөө, орон нутгаар малчид, иргэдтэй уулзаад явахаар бэлчээрийн асуудал хүнд болж байгааг хэлдэг. Малын тоо толгой 66 саяд хүрсэн. Одоо энэ маань хангалттай. Цаашид малаа тоонд биш чанарт нь анхаарья. Үүлдэр угсааг нь сайжруулья гэж. Үүнтэй холбогдуулаад бэлчээрийн хууль шаардлагатай юм байна гээд яаман дээр хэлэлцүүлэг хийж, үүндээ малчдын саналыг авч байгаа. Бэлчээрийн тухай хууль гараад мөрдөгдөөд эхэлбэл малын хөлийн татвартай байя гэдгийг ярьж байгаа. Малын хөлийн татварыг бий болговол малчид тоо, толгойд биш таваарлаг чанарт анхаарч эхэлнэ. Харин малын хөлийн татвар нь орон нутагт үлддэг, малын үүлдэр угсааг сайжруулах, худаг ус гаргах, бэлчээрээ хамгаалахад нь эргүүлээд зарцуулдаг байя гэсэн концепци бүхий хуулийн төслийг боловсруулж байна. Мөн энэ хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.
-Газар тариалангийн бүс, малын бэлчээрийн нутаг гэдгийг хэрхэн яаж зааглах вэ. Тариаланч, малчдын дуунд үүсдэг маргаан цэгцрэх болов уу. Ер нь газар тариалангийн бүсийг бэлчээрээс яаж тусгаарладаг юм бол?
-Газар тариалангийн газруудаа төсвийн хөрөнгөөр зурвасжуулж, ирэх жилээс ойжуулж эхлэх юм. Ойн зурвас татна, газар тариалангийн бүс нутгаа хашаажуулна гэж ярьсаар удсан. Энэ жил ямар ч байсан газар тариалангийн бүс нутгаа ойжуулах ажлаа эхлүүлнэ. Тодорхой хэмжээний төсөв зарцуулж, ТЭЗҮ-ийг нь хийнэ. Бид хөрснөөсөө ургацаа авдаг боловч хөрсөө хамгаалах ажил сүүлийн жилүүдэд хийгдээгүй. Энэ ажлыг мөн яаралтай эхлүүлнэ. Хөрс хамгаалах олон арга бий. Техник, технологи ч ашиглана. Мөн сэлгээнд нь зөв ургамал тарих ёстой. Түрүүн хэлсэнчлэн газар тариалангийн бүсээ бий болгоодүүнийгээ түшиглэн эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлнэ гэж. Эрчимжсэн мал аж ахуй хөгжвөл сэлгээнд нь бид малын тэжээлийн ургамал тарих боломжтой. Тэгэхээр зөв ургамлаа сэлгэвэл хөрс өөрөө нөхөгдөж байдаг, өөрөө үржил шимээ хадгалж байдаг. Манай хөгшчүүл “Атар газар эмэмшиж байхад40-50 см зузаан бор хүрэн шороон хөрстэй байсан гэж. Одоо тэр үржил шимтэй хөрс 15-20 см болсон байна” гэж ярьдаг. Тэгэхээр бид хөрсөө хамгаалах маш чухал. Тэгээд зөв үр тариалах, сортын шинэчлэл хийх ёстой. Энэ жил зориг гарган 6000 гаруй тонн элит улаан буудайн үр ОХУ-аас оруулж ирж байна. Энэ нь үрийн шинэчлэл хийж байгаа ажлын эхлэл. Дараа дараагийн жилдээ үргэлжлүүлнэ.
- 1.5 тэрбум төгрөг хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 1% болгохоор төсөл боловсруулж байна-
-Танай яамны бодлогод багтдаг нэг салбар нь үйлдвэрлэл. Энэ онд Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөр өмнөх хөтөлбөрүүдээс юугаар онцлог юм бэ?
-Манай салбарт олон хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр. Энэ нь 21 аймагт 100 үйлдвэр байгуулна, тэдгээр нь аймаг бүрийн онцлогт тохирсон байна гэсэн үзэл баримтлал юм. Уг хөтөлбөрийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх 3.7 их наяд төгрөг шаардагдана. Улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалт, гадны зээл, тусламж, мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг үүнд татах замаар эх үүсвэрийг бүрдүүлнэ. Ирэх жилийн улсын төсөвт тодорхой эх үүсвэр тусгагдаж байгаа. Салбарын гол зорилго бол үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар иргэдээ ажилтай, орлоготой болгох явдал. Зөвхөн “21:100” хөтөлбөрөөс гадна ажлын байр нэмэгдүүлэхэд бусад хөтөлбөрүүд ч үр нөлөөгөө өгнө. Тухайлбал, “Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд 3600 ажлын байр шинээр бий болох тооцоо бий. Монгол Улс 27 сая толгой ямаатай. Жилдээ 9400 тонн ноолуур самнаж бэлтгэдэг ч харамсалтай нь 90 хувийг нь түүхийгээр угаагаад гаргаж байна. Энэ бол төрийн бодлого, бидний зорилго биш. Төрийн бодлого бол нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал. Ноолуурыг угаах, самнах, сүлжих, ээрэх, тэгээд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байна. Үүнийг дагаад ажлын байр бий болно, иргэд орлоготой болно. Энэ хүрээнд бид 400 тэрбум төгрөг гаргаж байна. Ноолуурын үйлдвэр байгуулах дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжинэ. Эргэлтийн хөрөнгө техник, тоног төхөөрөмж шинэчлэхэд нь дэмжлэг олгоно. Мөн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үзүүлэхээр төлөвлөж байгаа. Ер нь 500 орчим тэрбум төгрөгийг зарцуулж, “Ноос, ноолуур хөгжлийн сан” байгуулах зорилт тавьж байгаа.
-“Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт тусгасан 100 үйлдвэрийг ямар тооцоо, судалгаанд үндэслэсэн бэ?
-Судалгаа, тооцоо хийсний үндсэн дээр уг хөтөлбөрийг баталсан. Аль аймаг ямар мал олонтой юм бэ, ямар үйлдвэрлэл явуулахад тохиромжтой юм бэ, үр ашиг нь юу байх вэ гээд. Жишээ нь Баянхонгор аймаг ямаа олонтой. Тэгэхээр ноолуур бэлтгэх, угаах, самнах, ээрэх үйлдвэрүүд байж болж байна. Архангай, Өвөрхангай аймаг хонь ихтэй учраас махны чиглэлийн үйлдвэр, ноос угаах үйлдвэр тохиромжтой гэх зэргээр бус нутаг, аймаг бүрийн онцлогт суурилсан байх юм.
Мөн хуучин үйлдвэрүүдээ сэргээн дэмжинэ. Түүнчлэн зөвхөн малаа яриад байх биш, малчид, фермерүүдийнхээ нийгмийн асуудлыг бас шийдэх ёстой. Өнөөдөр хориннэгдүгээр зуун гарчихаад байхад нүхэн жорлонтой, малаа дагаад л явж байгаа. Тэгэхээр малчдыг бас орон сууцжуулах, малчдыг өвөлжөө, хаваржаандаа хаустай амьдрах зэргийг дэмжсэн “Шинэ зууны малчин, “Шинэ зууны хөдөө” зэрэг хөтөлбөрүүдийг яамнаасболовсруулаад Засгийн газраар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. . Бид хүндээ ч бас анхаарал хандуулах ёстой. Монгол Улс 168 мянган малчин өрх, 350 мянга гаруй малчинтай. Тэдний нийгмийн асуудлыг давхар анхаарна гэсэн үг.
-Эдгээр хөтөлбөр, ажлууд, үүнд зарцуулах мөнгөний үр дүн хэзээнээс гарч эхлэх бол?
-Монголын нийт ажилллах хүчний 51.8 хувь ньманай хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний салбарт ажиллаж байна. ДНБ-ний 31 хувийг манай салбар үйлдвэрлэж байна. Монгол Улсыг хоолтой ундтай, ажилтай байлгах салбар нь манай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний салбар юм. Хамгийн олон ажлын байр бий болгож байна. Манай салбарын үр дүн хурдан гардаг онцлогтой.
-Өнөөдрийг хүртэл зах зээл, хөгжлөө дагаад хот руу чиглэсэн нүүдэл эрчимтэй өрнөлөө. “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр ч юм уу, хөдөөгийнхний нийгмийн асуудлыг шийдэх бодлого, хөтөлбөрүүд хөдөө рүү тэлэх, татагдах гэх мэт нийгмийн ямар үр нөлөө авчрах бол?
-Ерэн оноос хойш хөдөөнөөс хот руу төвлөрөл явлаа. Одоо харин харьцангуй өөр болж байна. Газар тариалан эрхэлье, мал аж ахуй дээр гарья, фермер эрхэлье гээд хотоос хөдөө рүү чиглэсэн урсгал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Над дээр хүмүүс орж ирж уулздаг. “Олон жилийн өмнө хөдөөнөөс ороод ирсэн. Эхнэр хүүхдээ дагуулаад, малаа зараад ирсэн. Хотод ирээд ганц сайхан машин авлаа, машин маань эвдрээд дууслаа. Одоо нас маань явчихлаа, одоо чаддаг ажлаа хийе ээ. Сайд минь дэмжээд өгөөч ээ. Жаахан дэмжлэг хэрэгтэй байна. Орон нутагтаа очихоор нүүр халуун юм. Таван ханатай гэр, тодорхой тооны мал олгож өгөөч” гэх хүн ч таарч байна. Харин үүн дээр төрийн зөв дэмжлэг хэрэгтэй. Бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж, энэ хүрээндээ Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргатай уулзаж хотоос хөдөө рүү чиглэсэн урсгалыг дэмжих талаар санал солилцсон. Хотоос хөдөө рүү гарахад тодорхой зардлыг нь хотоос гаргадаг, орон нутагтаа очиход нь аймгийн удирдлагууд тосоод авчихдаг. Тодорхой хэмжээнд бэлчээр шийдээд өгчихдөг. Дээрээс нь яам тодорхой тооны мал шийдээд өгчихдөг байж болмоор байна. Ганцхан мал биш, газар тариалан эрхэлье гэсэн залуучууд ч олон байгаа. Тариа тарья, жимс, жимсгэнэ тарья, мах сүүний чиглэлийн ферм эрхэлье гэсэн саналууд ирдэг. Төрөөс үүнийг хөдөлмөр болгож, зөв дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ ажлуудыг зоригтой эхлүүлье гэж байгаа юм. Аливаа ажил эхлүүлэхэд сайн муу янз бүрийн хэл ам дагалддаг. Үүнээс айх юм алга. Ялангуяа энэ салбарт олон жил гацсан ажлуудыг зоригтой хийе. Төр нь төр шиг байя, тэгээд хувийн хэвшлээ дэмжье. Иргэдээ ажилтай, орлоготой болгоё гэсэн байр сууринаас хандаж байна.
-Хувийн хэвшлийнхний санал санаачилга, төрийн бодлого, зорилго аль аль нь нэг зүйл дээр ихээхэн гацдаг. Тэр хөрөнгө мөнгө, санхүүжилт. Жижиг, дунд үйлдвэрийг дэжмих сан байдаг ч тэр нь хангалттай дэмжлэг болж чаддаггүй шүү дээ?
-Өнөөдөр манай яаманд иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн үйлдвэрлэлийн 1000 гаруй санал, нийтдээ нэг их наяд төгрөгийн зээл, санхүүжилтийн хүсэлт байна.Энэ юуг хэлж байна вэ гэхээр монголчууд юм хийхийг хүсч байна, энэ Засгийн газрыг дэмжих болов уу гэж найдаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг боловсруулж байгаа. Энэ эх үүсвэр нь иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилгоор олгогдож байгаа зээл. Эдийн засаг хямралтай, төсөв мөнгө хэмжээтэй байгаа болохоор өнөө жилийн хувьд 70 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Дараа, дараагийн жилд энэ эх үүсвэрээ нэмэх ёстой. Бид Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д удахгүй өргөн барихаар бэлтгэж байгаа. Уг хуулиар Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого хариуцсан агентлаг байгуулахаар төсөлд тусгаж байна. Хамгийн гол нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа зээлийн хүртээмжийг нэмэгдүүлье гэсэн бодлогыг тусгаж байгаа. Дээрээс нь 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 1% болгоё. Тэгээд ямар аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэгч гэх юм бэ гэдгээ шинэчилье гэж ярьж байна. Хөгжлөө дагаад үйлдвэрлэл томорч байхад “жижгээрээ” байгаад байх юм уу гэдэг асуудал гарч байна. Цаашдаа томорч, хөгжмөөр байна. Маш олон ажлууд хийх хэрэгтэй байна. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулмаар байна Монгол Улсынхаа иргэдийн 80 хувийг чинээлэг дундаж давхарга, дундаж орлоготой болгомоор байна. Хэрэв иргэд орлоготой байх юм бол улстөржөөд байхгүй, хоорондоо хэрэлдээд байхгүй, урдах урдах ажлаа хийгээд хөгжлийн төлөө хамтдаа зүтгэнэ шүү дээ.
Нийтлэлч З.Боргилмаа / BAABAR.MN/