Сар бүрийн 1-ний өдрийг "ахмадын өдөр", эсвэл "архи зардаггүй өдөр" гэдгээр нь нийслэлчүүд ягштал тогтоосоор удсан. Зөвхөн нийслэл хот төдийгүй аймаг орон нутгууд ч энэ хоригт хошууран нэгдсэн байдаг юм. Бүр долоо хоногийн нэг гаригийг амлаж аваад "тамлан зовоосон" аймаг, дүүрэг ч байдаг. Азаар хотын дарга асан Д.Сумьяабазар үүнийг өөрчилж, өмнөх захирамжийг хүчингүй болгосноор нийслэлчүүд нэг хэсэг "нуруу тэнийсэн" билээ.
Гэтэл бидэнд өөр нэг тэмдэглэх өдөр гарч ирэв, гэхдээ аз болоход орон нутгийн хязгаартай юм байна. Тухайлбал Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, соёлын дархлааг дэмжих, уламжлалт дээл, хувцсыг өдөр тутамдаа өмсөж хэвших зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар үндэсний хувцасны өдрийг зарласан байна.
Ингээд тус аймгийн хувьд улсын хэмжээнд эхлүүлсэн "Соёлын бүтээлч сар"-ыг давуулан биелүүлж, насан туршийн хэм хэмжээ болгов.