Үндсэн хуулиа түгээн дэлгэрүүлэх зорилготой “Сургагч багш бэлтгэх" хөтөлбөр өчигдрөөс эхэллээ.
Аймаг, орон нутгаас шалгарсан 105 сургагч багш нарт МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор С.Бат-Орших “Үндсэн хуулийн тухай ойлголт”, Хууль зүйн ухааны доктор, профессор Х.Сэлэнгэ “БНМАУ-ын Үндсэн хуулиуд” сэдвээр сургалт явуулав. Тухайлбал, МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор С.Бат-Орших Үндсэн хуулийн ангилал, Үндсэн хуульт ёс, үүсэл хөгжил, хууль дээдлэх зарчим агуулгын хүрээнд танилцуулга хийсний дараа оролцогчид Үндсэн хуулийн ойлголт, үзэл санааны талаар байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын Тамгын газрын Парламентын сурталчилгааны хэлтсийн дарга Ж.Эрдэнэбаяр “Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцууллаа. Тэрбээр энэхүү хөтөлбөр нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудад зориулагдсаныг онцлоод, парламентын боловсрол олгох цар хүрээ, зохион байгуулдаг арга хэмжээ зэрэг хөтөлбөрийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, парламентын боловсрол сургалтыг ардчилал, түүний үнэт зүйлс, Үндсэн хуулийн мэдлэг, хүний эрх чөлөө, сонгууль ба сонгогдох, сонгох эрх, парламентын түүх, хууль тогтоох үйл ажиллагаа зэрэг сэдвээр зохион байгуулдаг. Энэхүү хөтөлбөрт 2021, 2022 онд 90, 2023 онд 150 сурагч хамрагдсан. Энэ жилийн хөтөлбөрт 663 сурагч оролцох хүсэлтээ ирүүлснээс 126 сурагчийг сонгон шалгаруулна гэв.
МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны магистр Э.Туулайхүү “1992 оны Үндсэн хууль ба хүний эрх” сэдвийн хүрээнд хүний эрх ба эрхэм чанар, түүний ач холбогдол, хүний эрх түгээмэл болох тухай үзэл санааны талаар танилцуулаад, 1992 оны Үндсэн хуулиар хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан талаар ярив. Тухайлбал, 1992 оны Үндсэн хуульд хүний эрхийг хангах тусгай бүлгийг оруулсан байна. Хүний эрх, эрх чөлөө бол хэл, соёл, үндэс угсаа зэргээс үл хамааран адил тэгш байхыг тунхагласан байна. Мөн энэхүү эрх зөвхөн Монгол Улсын иргэнд бус тус улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч буй бусад улсын иргэдэд ч хамаатай болохыг зааснаараа онцлог болжээ. 1992 оны Үндсэн хуулийн хүний эрхийг хангах заалтууд нь Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээг удиртгал болгосон байна. Мөн 1961 онд НҮБ-ын 101 дэх гишүүнээр элсэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн зэрэг хүчин зүйл нь тус Үндсэн хуульд хүний эрхийг хангах заалтууд орох үндэслэл болсон хэмээн танилцуулсан юм.
Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх сургагч багш бэлтгэх сургалт 4 өдрийн турш үргэлжилнэ. Мөн энэхүү сургалтын хөтөлбөрт заах арга зүй, харилцаа, хандлагын ур чадвар, итгэх ур чадвар, сургагч багшийн манлайлал зэрэг хувь хүний хөгжлийн талаарх хичээлүүд багтсан аж. Хөтөлбөрт хамрагдаж буй 105 сургагч багшийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгон шалгаруулж, УИХ-ын Тамгын газар, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.