Миний урилгыг хүлээн авч ярилцага өгч буй танд баярлалаа.
Намайг нэвтрүүлгийн зочноор урьсан танд баярлалаа. Бага зэрэг сандарч байна. Гэхдээ таны нэвтрүүлэгт орж буйдаа баяртай байна.
Та Монголд ажиллаад багагүй жилийг үдлээ. Монголд ирж ажиллаж амьдрах шийдвэрийг хэзээ, хэрхэн гаргаж байсан бэ? Одоо Монголдоо дассан биз дээ?
Монголд ирээд хэдийнэ 7 жил болжээ. 8 дахь жил рүүгээ орж байна. Экспат хүний хувьд энэ бага биш хугацаа. Намайг Кожи Курушима гэдэг. Би Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Намайг Мобикомын толгой компани буюу Японы KDDI корпорациас томилсон. KDDI бас харилцаа холбооны компани. Би энэ компанийн Глобал зах зээлийг хариуцан, Мобикомыг KDDI талаас нь харж ажилладаг байсан. Нэг өдөр манай дарга намайг дуудаад алсаас биш Монголд очоод энэ бизнесээ газар дээр нь хариуцан ажиллах санал тавьсан.
Үнэнийг хэлэхэд Япон компанид сонголт бараг байдаггүй. Энэ нөхцөлд даргынхаа саналыг хүлээн авах, үгүй бол голцуу ажлаасаа гарч таардаг. Миний хувьд компанидаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан тул Монгол руу томилогдох саналыг дуртайяа хүлээн авсан. Монголыг хүн болгон мэддэггүй ч энэ саналыг авахаас өмнө би хэд хэдэн удаа бизнесийн ажлаар Монголд ирж байсан. Иймээс өөрийгөө сорих, дараагийн шат руу гарах боломж гэж харсан. Монголд ирээд 7 жил болоход бие хаа, царай зүс маань ч монголжуу болжээ. Монголд хэдийнэ нутагшин дассан гэсэн үг.
Таны боловсрол, ажил, мэргэжлийн туршлага юу вэ? KDDI-д хэдэн жил ажиллаж байна вэ?
Би Японд худалдааны чиглэлээр их сургуулиа төгссөн. Тэр дундаа далайн тээврийн даатгалаар мэргэшсэн. Үнэндээ би үүрэн оператор биш санхүүгээр дагнаж эхэлсэн. Гэвч хүн болгон ирээдүйн ажил, мэргэжлээ бүрэн дүүрэн төлөвлөж сонгож чаддаггүй. Санхүүгийн салбар миний хүсч байсан салбар биш гэдгийг явцын дунд ойлгосон. Би мэдээллийн технологитой хамт өссөн. Дунд, ахлах сургуульд байхад гэрийн суурин утасны шугам ашиглан интернэтэд холбогдох боломж үүсч байв. Энэ технологи тэр үедээ дуулиан болж байсан. Удалгүй ADSL буюу шинэ үеийн модем гарч, энэ технологи миний ажил, сургууль, амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Дараа нь пэйжер, удалгүй анхны халаасны ухаалаг төхөөрөмж, гар утас гарч ирснээр бидний амьдралыг ихэд хөнгөвчилж эхэлсэн. Тэр үед Зүүн Өмнөд Азийн улсууд болон АНУ-д мэдээллийн технологийн хөгжил Японы түвшинд хүрээгүй байсан. Иймээс энэ салбарт амжилттай ажиллах юм бол олон улсын зах зээлд гарах боломжой гэж харсан. Яг тэр үед буюу 2000 онд KDDI компаниас ажлын санал хүлээн авснаар өнөөдрийг хүртэл 25 жилийн турш энэ салбарт ажиллаж байна.
Мобикомын толгой компани болох KDDI корпорацийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. KDDI анх яагаад Монголд хөрөнгө оруулсан түүх сонин байна.
KDDI бол мэдээлэл, технологи, харилцаа холбоо, санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг Японы тэргүүлэх зэрэглэлийн групп компани. Дотоодын суурин утас, үүрэн оператор, олон улсын харилцаа холбооны чиглэлээр ажиллаж байсан KDD, DDI, IDOгэсэн 3 том компани нэгдэж энэ группыг үүссэн. Үндсэн бизнесийн чиглэлүүд нь эдгээр боловч Connectivity буюу хүн ба эд юмсын харилцаа холбоо мэдээллийн технологийн цорын ганц бизнес байх ёсгүй гэж үзсэн. Иймээс учраас мобайл банк, амьдралын болон ердийн даатгал, програм хангамж үйлдвэрлэл, дэд бүтцийн бизнесүүд рүү хөрөнгө оруулсан. Харилцаа холбоо, дэд бүтэц, үйлчилгээ гэсэн гурван үндсэн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгч болон бизнесийн байгууллагууд хүргэж байна. Энэ бүтэц, стратегийг Мобикомоор дамжуулан Монголын зах зээл дээр хэрэгжүүлж байгаа гэж хэлж болно.
Монголд анх хөрөнгө оруусан түүхийг та хэр сайн мэдэх вэ?
Бүр нарийн түүхийг мэдэхгүй. Монгол Улс 1990-ээд оны эхээр үүрэн холбооны салбартаа олон улсад нээлттэй тендер зарласан. Тэр үед гар утас, үүрэн операторын бизнес Монголд үүсээгүй байсан. Энэ тендерт бидний хамтарсан баг ялж эрхээ авсан. Мобиком анх 3 үүсгэн байгуулагчтай эхэлсэн. Явцын дунд Японы худалдааны том групп Сумитомо корпораци гарч KDDI болон Монголын Ньюком группууд хувь эзэмшигчээр үлдсэнээс KDDI дийлэнхи олонх хувьцааг эзэмшдэг.
Би 2010 оны үеэр Японд оюутан байсан. Тэр үед япончууд гар утасгүй хүмүүсийг дотоожгүй хүнтэй адилхан гэж ярьдаг байсан. Одоо энэ хэлц Монголд яг адилхан болжээ. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжил хаашаа явж байна вэ? Энэ дунд Монгол хаахна яваа бол?
Энэ сонирхолтой асуултыг олон талаас нь хариулж болно. Технологи нутагшуулалт талаасаа Монгол Улс дэлхийн хөгжлөөс тэгтлээ хол хоцроогүй. Дуудлага хийдэг 2G, дуудлага болон дата хосолсон 3G, LTE буюу 4G, удахгүй сүлжээгээ нээх 5G гээд ярьвал дэлхийн бусад улсуудтай мөр зэрэгцэн яваа. Төсөл хэрэгжүүлэх явцад бага зэрэг хугацаа алдах тал байдаг. Тухайлбал, 3G сүлжээ 11 жилийн дараа Монголд орж ирж байсан бол 4G ердөө 4 орчим жилийн дараа нэвтэрсэн. 5G сүлжээг дэлхийн бусад операторууд нэвтрүүлээд 5 жил болж байна. 2 жилийн өмнөөс бид сүлжээгээ нээхэд бэлэн болсон зөвшөөрлөө л хүлээж байна.
Интернэт хэрэглээ талаасаа монголчууд маш идэвхтэйд тооцогдоно. Ялангуяа фэйсбүүк, икс, инстаграм, тикток зэрэг нийгмийн сүлжээний хэрэглээгээр дэлхийн бусад улсуудтай яг адил түвшинд байдаг. Гэхдээ зөвхөн харилцаа холбоо, энтертайнмент биш бусад төрлийн апп хэрэглээ талаасаа монголын зах зээл цаашаа нэмж тэлэх бүрэн боломжтой. Иймээс мэдээлийн технологийн зах зээл ханах болоогүй гэж хэлмээр байна.
Одоог хүртэл аль ч үүрэн оператор 5G сүлжээгээ асаагаагүй байна. Төрөөс зөвшөөрлөө хүлээгээд байгаа юм уу? Яагаад ингээд удаад байгаа юм бэ?
Маш чухал асуулт байна. Шинэ технологи нэвтрүүлж, нутагшуулах асуудал төр засгийн барьж буй бодлогоос шууд хамаардаг. Улс орнуудын засгийн газар болгонд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт баримтлах бодлого, бас хэзээ аль технологийг нутагшуулах төлөвлөгөө байдаг. 5G технологи шилжих бэлтгэл ажил хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Тэр үед төрийн агентлаг CITA буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар гэж байсан. Одоо өргөжөөд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болсон. 2 жилийн өмнөх экспо дээр бид 5G сүлжээгээ асааж туршаад үзүүлсэн. Засгийн газар зөвшөөрөл өгвөл бүх оператор дараагийн шат руу шилжих бэлтгэлээ хангасан байгаа гэж бодож байна. Тестээ хийж шалгаад, хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоогоо хийж, хэрхэн зах зээлд нэвтрүүлэх нарийн төлөвлөгөөгөө ч гаргасан байгаа.
Магадгүй Монголын Засгийн газар хэзээ энэ технологийг нэвтрүүлэх цаг хугацааг үнэлэн тооцоолж буй болов уу. Үүрэн операторуудын хувьд 2 жилийн өмнөөс бэлэн болсон байгаа. Зах зээл дээрх хүлээлт үүсээд удаж байна. Тун удахгүй Монголд 5G сүлжээ нэвтрэх байх аа. Аливаа технологийг нэвтрүүлж, дотоод зах зээлд бага зэрэг хоцорч нэвтрүүлэхэд давуу тал гэж бас бий. Шинэ технологи бүрэн нутагших хүртлээ багагүй цаг хугацаа шаарддаг, анх төлөвлөсөн хэмжээнээс илүү урт хугацаа зарцуулах нь элбэг. Энэ хооронд технологийн шинэ шийдлүүд шинээр гарсаар байдаг. 5G сүлжээг дэлхий даяар хэрэглээд 5 жил болж байх энэ хооронд маш олон шинэ технологиуд төрсөөр байна. Иймээс өмнөх 5 жилийн олон улсын алдаа, дутагдлыг бид давтахгүйгээр шинэ сүлжээгээ оруулах боломжтой. Энэ бол Монгол Улсын хувьд яах аргагүй давуу тал болно.
Мобиком аль хэдийнэ 5G сүлжээнд хөрөнгө оруулчихсан гэж ойлгож болох уу?
Болно.
Японд одоо бараг 6G гарч эхэлж байна уу?
Үгүй үгүй. Хятадад 5.5G буюу арай ахисан түвшний технологи нэвтэрсэн. 6G сүлжээг хүмүүс ярьж эхэлсэн боловч 2030 он хүртэл энэ технологийн стандарт бэлэн болж амжихааргүй байгаа. 2030 оноос хойш 6G сүлжээний бизнесийн хэрэглээ яригдаж эхлэх болов уу. Учир нь Монголыг оролцуулаад дэлхийн маш олон орон 5G рүү бүрэн шилжиж амжаагүй байна шүү дээ. Африк, Ойрхи дорнод, Төв Азийн улсууд бага багаар шилжиж эхэлсэн. Яг энэ цаг Монголын Улсын хувьд мэдээллийн технологийн эдийн засгаа тэлж шилжилт хийх хамгийн зөв мөч гэж хэлнэ.
5G технологийн гол хэрэглээ иргэд гэхээс илүүтэй бизнес, энтерпрайзууд байдаг гэж та хэллээ. Сүүлийн үед бид сансар судлал, хиймэл дагуул, хиймэл оюун ухаан гэж их ярьж бичиж байна. Энэ бүхний гол суурийн нэг нь 5G гэж бодож байна. 5G сүлжээний арилжаа, бизнес, эдийн засгийн ач холбогдол Монголд хэр байх бол?
Маш чухал асуулт. Том компаниуд мэдээллийн технологид хөрөнгө оруулах чадалтай байдаг. Жишээлбэл, уур уурхай, арилжааны банк, Засгийн газар гэх мэт. Эдгээр салбарууд 5G хамгийн бүтээмжтэй ашиглах боломжтой. Ялангуяа уул уурхайн компаниудыг энд онцолмоор байна. 5G-гийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүд уул уурхайн ухаалаг шийдэл байдаг. Уурхай дээр хүнд даацийн машин механизмыг хүн жолоодож удирдан ажиллуулдаг. Уурхайгаас хил хүртэлх тээврийг ч хүн хийдэг. Энэ ажлын онцлог нь хөдөлмөр, аюулгүй байдлын өндөр стандартыг шаарддаг. Уул уурхайг аюултай бизнес гэж хэлэхгүй ч осол, гэмтэл гарах эрсдэл өндөр байдаг. Мэдээллийн технологи ашиглаж чадвал энэ бүх эрсдлийг давж чадна. Хурд, дата, багтаамж, хүчин чадал зэргээс шалтгаалаад 4G сүлжээ энэ шаардлагыг хараахан хангаж, тоног төхөөрөмжийг алсаас найдвартай удирдаж чаддаггүй. Хиймэл оюун ухааныг бүрэн ашиглахын тулд асар их хэмжээний дата ашиглах ёстой болдог. Их хэмжээний датаг богино хугацаанд цуглуулж анализ хийх тусам сайн үр дүн гарна. Дэлхийн зарим сайн туршлага Монголд тохиромжгүй байхыг үгүйсгэхгүй.
Бид бүх салбарт судалгаа хийж, шинэ технологийг хэрхэн үр бүтээмжтэй ашиглах вэ гэж ажиллаж байна. Дэлхийн олон улс ухаалаг хотын тухай ярьж эхэлсэн. Үүний шийдэл нь эргээд мэдээллийн технологи байдаг. Тухайлбал, хяналтын камерууд суурилуулж замын хөдөлгөөнийг хянах, гэрлэн дохиог удирдах, түгжрэлийг зохицуулах, осол, зөрчлийг богино хугацаанд илрүүлэх гэх мэт. Монголын хувьд аль салбартаа эхэлж 5G-г ашиглах гэдэг ач холбогдлыг эрэмбээ тодорхойлох ёстой. Харин жижиг, дунд хэмжээний компаниудын хувьд 5G байтугай мэдээллийн технологийн энгийн шийдлүүдийг хэрэглэхэд үнэтэй тусдаг. Иймээс 4G, бас 3G сүлжээг ашиглан мэдээллийн технологийг үр бүтээмжтэй ашиглах тал дээр ажиллавал бизнес утгаараа илүү үр дүнтэй байх боломжтой шүү. Товчхондоо шинэ технологийн хэрэглээ Засгийн газар, том компаниудаас эхэлж аажимдаа жижиг, дунд компаниуд рүү шилжих замаар эцсийн хэрэглэгчдэд хүрдэг.
Мобиком тэргүүлэх үүрэн оператор хэдий ч ганцхан энэ төрлийн бизнес эрхэлдэггүй. Группын хэмжээнд ямар төрлийн бизнес хийдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Мобиком корпорацийн дор 6 бүлэг бизнес групп үйл ажиллагаа явуулдаг. Мобиком өөрөө үүрэн оператор, гар утасны бизнес хийдэг үндсэн компани бол манай 100%-ийн өмчлөлтэй охин компани болох Мобинет өрх гэр, компаниудад интернэтийн үйлчилгээ, видео стрийм үйлчилгээ болох VOO, мэдээлэл технологийн цогц шийдэл болсон програм хангамж, тоног төхөөрөмж, дэд бүтцийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг. Мөн финтек, санхүүгийн группт хамаарагдах Моби Файнанс гээд манай 100%-ийн охин компани бий. ББСБ-аараа дамжуулан бид МонПэй гээд төлбөр тооцооны үндэсний дэд бүтцийг ажиллуулдаг. Энэ байгууллага дээрээ бид цахим мөнгөний тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд хэрэглэгчиддээ бичил зээл олгодог.
Мөн бизнесийн процессийн аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг 100%-ийн эзэмшлийн Ньютел корпораци бий. Тухайлбал, энэ компаниаар дамжуулан бид мэдээллийн нууцлалын өндөр түвшинд бизнесийн байгууллагуудын төлбөр, хоорондын тооцоо, ажилчдынх нь цалинг бодож олгох үйлчилгээг үзүүлдэг. Зарим байгууллагын хувьд энэ мэт ажиллагаа нь захиргааны багагүй цаг зав шаардахаас гадна бүтэн цагийн ажилчид ажиллуулбал өртөг өндөр тусдаг. Дараагийн бүрэн эзэмшлийн охин компани бол хот хооронд болон улс хооронд өндөр хурдны өргөн зурвасын сувгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Мобиком Нетворкс компани. Дата, интернэт сүлжээний бөөний урсгалыг удирдахын тулд энэ компаниа байгуулсан. Монгол Улсын интернэтийн урсгал Орос эсвэл Хятадаар заавал дамжиж шилэн кабелиар Америк, Европ гээд дэлхийтэй холбогддог. Энэ сүлжээгээ бид бусад үүрэн операторуудад ч ашиглуулдаг.
Монгол Контент гээд манай охин компани бий. Энэ нь бусдаасаа жаахан ялгаатай бизнес эрхэлдэг. Жишээ нь, gogo.mn сайтаас гадна хүүхэд багачуудад зориулсан анимэйшн бүтээл болох Маамуу брэнд. Түүчлэн эвент, арга хэмжээ зохион байгуулахаас гадна дуу хөгжмийн бизнес эрхэлж, монгол уран бүтээлийг өвөр монгол болон гадаад зах зээлд экспортлох бизнес эрхэлдэг. Монгол Контент цэвэр мэдээллийн технологийн компани биш боловч энэ технологийг ашиглан үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Сүүлийн бизнес группт харъяалагддаг компани бол НьюФанд юм. Ньюком групптэй хамтран эзэмшдэг энэ компанийг олон нийт сайн мэдэхгүй байж магадгүй. Учир нь үндсэн бизнес нь группын ажилчдад цалингийн болон байрны хөнгөлөлттэй зээл олгох үйлчилгээ үзүүлдэг.
Одоо группын хэмжээнд хичнээн ажилтантай болсон бэ?
1800 ажилчинтай групп компани болсон. Эдгээрийн талаас илүүг эмэгтэйчүүд эзэлдэг. Яг одоо идэвхтэй ажиллаж байгаа 1600 ажилтан байгаа бөгөөд үлдсэн нь жирэмсэн болон амаржсаны дараах амралтаа эдэлж буй бүсгүйчүүд байгаа.
Мобиком залуучуудын ажилд орохын хүсдэг топ компаниудын нэгт тооцогддог. Би Японы Токио хотод явж байхдаа танай толгой компани болох KDDI-ийн оффисоор зочлох завшаан гарсан. Тэгэхэд тэнд бараг 10 гаруй монголчууд Мобикомоос ирээд ажиллаж байсан. Хүмүүсээ төв оффис руугаа явуулж ажиллуулдаг хөтөлбөр байна уу?
Тийм. Хэдэн жилийн өмнөөс бид ийм хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Учир нь бизнесийн орчин улам бүр даяаршиж байна. Харамсалтай нь Японы зах зээл одоог хүртэл тодорхой хэмжээнд тусгаарлагдсан, хаалттай хэвээр байсаар л байгаа. Учир нь ДНБ өндөр, дотоодын зах зээл хангалттай том учраас гадагшаа харах шаардлага байдаггүй. Ийм учраас англи хэл төдийлөн бизнесийн хэрэглээ болж чадаагүй нь сул тал болдог. Японы хүн амын 95, 96% нь япончууд учраас гадныхантай ажиллаж үзсэн хангалттай сайн туршлага байгаагүй. Гэвч дэлхийн хөдөлмөрийн зах зээл улам бүр нээлттэй бөгөөд чөлөөтэй болж байна.
KDDI Монгол, Мяньмарт үүрэн операторын бизнес эрхлэхээс гадна Европ, Ази, Америк гээд дэлхийн олон улсад бусад төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Иймээс хүний нөөцийн диверсификаци буюу солонгорол маш чухалд тооцогддог. Хөрөнгө оруулсан улсуудад ажиллаж буй хүмүүс төв оффис дээрээ ирээд хэдэн жил ажиллахдаа толгой компани нь яг юу хийдэг, юунд зорьж тэмүүлж буйг маш сайн ойлгож, соёлыг нь мэдэрдэг. Тэнд сурсан, мэдсэн зүйлсээ эргээд өөрийн компани дээрээ хэрэгжүүлдэг.
KDDI компанид “Глобал мобилити” хөтөлбөр гэж байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Мобикомоос жил бүр 5-6 хүн Токио дахь төв оффист нэгээс хоёр жил ажилладаг. Зарим ажилчдад толгой компаниас хүсэлт тавиад нэмж нэгээс хоёр жил ажиллуулдаг. Одоогийн байдлаар 20 гаруй Мобикомчууд энэ хөтөлбөрт хамрагдаад байна. Ковидоос болж энэ хөтөлбөрийн эрч алдагдсан ч одоо буцаад сэргэж байгаа. Хэл, соёлын ялгаа, сорилт байдаг ч монгол залууст гадны компанид ажиллах боломж олгож, ялгаатай соёлыг хүлээн зөвшөөрч, шинэ бизнесийн туршлагыг мэдрүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн ач тус юм. Монгол ажилчдын нэр хүнд өндөрт явдаг. Учир нь төв оффисоос ирж буй хүний нөөцийн захиалгын дийлэнхийг Монголоос авах хүсэлтэй байдаг.
Одоогийн байдлаар хэдэн монгол залуус Мобикомоос Япон руу явж ажиллаад байна вэ?
15-аас 20 орчим хүн байгаа болов уу. Зарим нь одоо хүртэл Японд ажиллаж байгаа. Буцаж ирээд сурсан мэдсэн зүйлсээ Мобиком дээрээ хэрэгжүүлдэг. Миний анзаарснаар явсан хүмүүсийн бизнесийн хандлага шал өөр болоод ирдэг. Эдгээр залуус KDDI-ийн соёлоос суралцаж, мэргэжлийн зэрэг, туршлагаа ахиулж чадаж байгаад нь баяртай явдаг.
KDDI Монголоос гадна дэлхийн бусад ямар улсуудад хөрөнгө оруулж, бизнес хийж байна вэ?
Манай толгой компани Монгол, Мяньмарт үүрэн холбооны бизнес эрхэлдэг. Бусад улсуудад хөрөнгө оруулж, бизнес хийж байсан боловч цаг үе, нөхцөл байдлаас болоод гарсан. Түүнээс гадна Хойд Америк, Англи, Франц, Герман, Хятад, Солонгос, Тайланд, Сингапур зэрэг 25 гаруй улсад телехаус, дата төвийн бизнес хийдэг. Түүчлэн Япон компаниудын үйл ажиллагааг дэмжих энтерпрайз үйлчилгээнээс гадна гадаад зах зээлд гарахад нь тусалдаг үйлчилгээг үзүүлдэг KDDI Америк, KDDI Европ зэрэг компаниуд бий.
Монгол дахь өрсөлдөөний орчны талаар таниас асуумаар байна. Цөөн хүн амтай манай улсын хувьд 5 үүрэн оператор ажиллаж байна. Японд хэд байдаг вэ?
Жижиг зах зээл дээр 5 компани ажиллах нь ихдээ орно гэж би боддог. Ихэнх оронд үүрэн операторууд дэд бүтцийн бизнесийг голлон хийдэг. Өөрөөр хэлбэл, том хөрөнгө оруулалтуудыг хийж дэд бүтэц бүтээн байгуулах замаар бүтээгдэхүүн үйлчилгээг эцсийн хэрэглэгчдэд хүргэх замаар хөрөнгө оруулалтын өгөөжөө хүртдэг. Монголын хувьд цөөн хүн амтай хэдий ч өргөн уудам газар нутагтай буюу сийрэг суурьшилтай улс. Энэ нь үүрэн операторуудын хувьд том сорилт болдог. Олон компани нэг салбарт ажиллахын давуу тал өрсөлдөөнийг идэвхжүүлдэг. Зөв өрсөлдөөнтэй газар компани төдийгүй зах зээл ч хөгжиж өсдөг. Японы хувьд 4 үндсэн үүрэн оператортой. Жишээ нь, NTT Docomo, KDDI буюу AU, Softbank, Rakuten.
Энэ 4 гол тоглогчоос гадна сүлжээг нь түрээсэлж ашиглан үйлчилгээг үзүүлдэг маш олон компани бий. 10 жилийн өмнө эдгээр компаниудын тоо нэлээд их байсан боловч төрийн зүгээс шаардлагыг нь өндөрсгөсний улмаас цөөрч байгаа. Одоо дэд брэнд буюу сүлжээ, дэд бүтэц түрээсэлж бизнес хийдэг компаниудын тоо 10 орчимд үлдсэн болов уу. KDDI компанийн үндсэн брэнд нь AU хэдий ч UQ болон POVO гэсэн дэд брэндүүдтэй буюу мульти брэнд стратегийг Японд хэрэгжүүлдэг. Сүлжээ, дэд бүтцийн бизнесийг тогтвортой удирдан авч явах нь амар биш, өртөг өндөр байдаг.
Монгол өргөн уудам газар нутагтай, тархай бутархай суурьшсан цөөн хүн амтай тул цахим хуваагдал бидний хувьд том эрсдэлд тооцогддог. Хоёулаа энд 5G ярьж байхад Монголын зүүн эсвэл баруун хязгаарт буй нүүдэлчин гэр бүл өмнөх технологийн үр шимийг бүрэн хүртэж чадаагүй л яваа. Энэ хуваагдлыг багасгахын тулд та бүхэн юу төлөвлөж байна вэ? Сүүлийн үед компаниуд тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага гэж их ярьдаг болсон. Энэ чиглэлд хэр хөрөнгө оруулсан бэ?
Монгол Улсын хувьд энэ асуудал маш чухалд тооцогдоно. 7 жил Монголд ажиллах хугацаандаа би бүх 21 аймгаар явж үзсэн. Гэхдээ бүх баг, сумаар тойрч амжаагүй байна. Цахим гэхээс илүүтэйгээр эдийн засгийн хуваагдал орон нутагт өндөр байдаг. Учир нь эдийн засаг, бизнесийн төвлөрөл Улаанбаатар хотод байдгаас гадна Дархан, Эрдэнэт гэсэн хэдхэн хотод дараагийн төвлөрөл байдаг. Иймээс зарим аймгууд эдийн засаг, нийгмийн хөгжлийн хувьд хүнд сорилттой тулдаг. Орон зай, цаг хугацааны ялгаа, эдийн засгийн хуваагдлыг мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар багасгах бүрэн боломжтой.
Ийм учраас Мобиком корпораци сүлжээгээ өргөтгөж, Монгол орны өнцөг булан бүрт хүрэхийг зорьж байгаа. Тухайн орон нутгийн хүн амны тоо, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохируулж зарим газар манай 2G сүлжээ ажиллаж байгаа бол зарим газар 4G орсон байгаа. Интернэт хэрэглэхийн тулд хэрэглэгч ухаалаг утастай байх ёстой, компьютер ашиглах шаардлагатай болно. Мөн интернэтийг зөвхөн хоорондын дотоод харилцаа холбоо биш илүү өргөн зорилгоор ашиглан дэлхий ертөнцтэй холбогдох ёстой. Эдгээр хэрэглээ ихсэхийн хэрээр цахим хуваагдал багасна. Үр дүнд нь Улаанбаатар болон хөдөө орон нутгийн эдийн засгийн ялгаа ч буурах ёстой. Яг энэ зорилгод хүрэхийн тулд хангалттай ажиллаж чадсан уу гэвэл чадаагүй байна гэж үнэнээ хэлье. Хүн болгон технологийн үр шимийг ижил тэнцүү хүртэх боломжоор хангагдаж чадаагүй байна.
Ийм учраас мэдээлэл, харилцаа холбоо, технологийн компанийн хувиар Мобиком хоёр үе шаттай “Smart Education” буюу “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхдүүд Монголын ирээдүй. Анх бид ухаалаг төхөөрөмж, дата, контент тарааж өгч байсан бол төслийнхөө хоёрдугаар шатанд боловсролын хүртээмжийг сайжруулахын тулд бид хот, хөдөөгийн 14 сургуулийг мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулж, 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэ төслийн эдийн засгийн өгөөж хамгийн өндөр байна гэдэгт итгэлтэй байна. Учир нь багш, сурагчдын технологи ашиглан сурч боловсрон, өөрсдийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэл маш өндөр байгаа. Сургуулиудаа сонгохдоо төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хэрэглээ талаасаа идэвхтэй бас өгөөжтэй байж чадах байгууллагуудыг төсөлдөө хамруулсан. Нэг сургуульд дунджаар 200-с 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Дээр дурдсанчлан эхний үр дүн маш сайн байгаа. Учир нь мэдээллийн технологийг юмыг бодит бус орчинд биежүүлж чаддаг. Тухайлбал, шинжлэх ухаан, нийгмийн хичээлүүд дээр дан ном уншиж байснаас видео контент үзэж, бодит бус орчинд юмс үзэгдэлтэй нь танилцана гэдэг бол харьцуулшгүй мэдрэмж. Багаасаа мэдээллийн технологи хэрэглэж сурсан хүүхэд том болоод энэ технологийг хувийн карьер болон бизнестээ илүү үр өгөөжтэй ашиглаж чадна. Энэ төсөлд оруулсан 3 тэрбум төгрөгийг их эсвэл бага гэж шууд хэлж чадахгүй ч үргэлжлүүлж энэ төслөө хэрэгжүүлэх болно.
Монголын Тусгай Олимпын хороог үүсгэн байгуулагчийн хувиар танай хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь бид хамдаа зүүн болон төвийн бүсийн 10 орчимд аймагт “Боломжийг бүгдэд” төслийг хэрэгжүүлж, оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуусын эрхийг хамгаалахад Голомт банк болон Ротари клубтай хамтран тусалж байна.
Мобиком мэдээллийн технологийг зөвхөн боловсролын ялгааг арилгахад зориулан ашигладаггүй. Хүртээмжтэй нийгэм гэдэг бол маш чухал суурь ойлголт. Учир нь монголчууд цөөхүүлээ. Иймээс бие биенээ хайрлах ёстой. Тусгай хэрэгцээтэй хүмүүсээ хүндлэх ёстой. Тиймээс хүн нэг бүр нийгэмдээ бага ч гэсэн хувь нэмэр заавал оруулах хэрэгтэй. Технологи, мэдээлэл, харилцаа холбооны компанийн хувьд бид энэ бүх боломж, дэд бүтцээр хангахыг зорино. Тусгай Олимпын үйл ажиллагаа дэмжихээс гадна ялгаатай хөгжилтэй хүмүүс нийгэмд хувь нэмрээ оруулахад нь бодитоор туслахыг зорьдог. Тухайлбал, дохионы хэл, аудио харилцаа зэргийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ жишиг болгохыг хичээдэг.
Мөн хүрээлэн буй байгаль орчноо хайрлан хамгаалах нь ирээдүй үеийн том сорилт бас чухал хариуцлагад тооцогдож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар дэлхий даяар ярьж байна. Харамсалтай нь технологийн компаниуд үүнд үлэмж хувь нэмэр оруулдаг. Энэ төрлийн бизнесийг эрхлэхийн тулд маш өндөр хүчин чадалтай машин, компьютер ашигладаг. Эдгээр төхөөрөмжүүд эрчим хүчийг ихээр хэрэглэдэг. Манай салбар цахилгаан, эрчим хүчнээс үлэмж хамаардаг. Эрчим хүчний тогтвортой эх үүсвэргүй газар бид нөөц үүсгүүртэй ажилладаг. Бид бага багаар нарны панель, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг тоног төхөөрөмж рүү шилжиж өөрсдийн хувьд нэмрээ оруулахыг хичээж байна. Дата төв ажиллуулдагийн хувьд компаниудыг нууцлал өндөртэй үүлэн технологи руу шилжүүлж, компани бүр тусдаа дата төв, сервэртэй байгуулах өртөг зардлыг багасгаж өгч байна. Энэ хэрээр эрчим хүч хэмнэж, уур амьсгалын өөрчлөлтөнд бага ч болов эерэг хувь нэмэр оруулж байгаа болов уу. Гэх мэтээр эдийн засагт хэрхэн өөрсдийн зүгээс шууд болон шууд бусаар бодитой хувь нэмэр оруулж чадах вэ гэдэг боломжуудыг цаг үргэлж судлан ажилладаг.
Мобиком саяхан ре-брэндинг хийж, нүүр царай, бүтэц, стратегиа өөрчилж, Энгийнийг Ухаалгаар гэдэг уриа үгтэй болсон. Яагаад энэ өөрчлөлтийг хийх болсон бэ?
Энэ төсөл дээр танай компанитай бид хамтран ажилласан. Маш эерэг үр дүнтэй төсөл болсон. Гэхдээ эцсийн үр дүнг нь үзэж, супер амжилттай хэрэгжиж дуусах хараахан болоогүй байна. Учир нь ре-брэндинг хийж, өөрчлөлтийг авч ирэх, тэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, зах зээлд бүрэн танигдах хүртлээ багагүй хугацаа шаарддаг. Энгийнийг Ухаалгаар гэдгийн үндсэн философийг тайлбарлая. Заримдаа та бид бүх зүйлийг өөрсдөө хийх гэж зүтгэдэг. Өөр хүмүүстэй хамтран ажиллаж чадвал ганцаар байснаас хамаагүй илүү үр дүнг богино хугацаанд гаргах боломжтой.
Юмыг энгийн боловч ухаалаг арга барилаар хэрхэн хийх ёстой вэ гэвэл цахим технологи, автоматжуулалтыг ашиглах юм. Бид технологи ашиглан гар аргаар хийдэг байсан ажлыг автоматжуулж, маш том ачаалал, стрессийг ажилчид болон үйлчлүүлэгчдийнхээ нуруун дээрээс авч байгаа. Бүх процессоо бүрэн автоматжуулж амжаагүй байгаа ч маш олон ажлыг ардаа орхиж, багагүй өөрчлөлтийг дотооддоо хийгээд байна. Энгийнийг Ухаалгаар хийж, Мобиком бол үнэхээр мундаг компани гэж хэлэгдэхийн тулд цаашид хийх ажлууд багагүй бий.
Хэрэв нууц биш бол Мобиком корпорацийн одоогийн хувь нийлүүлэгчдийн бүтэц ямар байгаа вэ? Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын томоохон компаниуд бүгд нээлттэй компани болж, хөрөнгийн бирж дээр гарахын зорих болжээ. Та бүхэнд ийм төлөвлөгөө байгаа юу?
Эдгээр асуултанд бүрэн дүүрэн хариулж чадах эсэх дээрээ эргэлзэж байна. Мобиком анх 3 үүсгэн байгуулагчтай эхэлсэн. Явцын дунд Сумитомо корпораци гарч KDDI, Ньюком группууд хувь эзэмшигчээр үлдсэнээс KDDI дийлэнхи олонх хувьцааг эзэмшдэг. Гүйцэтгэх удирдлагын хувьд монгол, япон аль аль хувьцаа эзэмшигчтэйгээ найрсаг, ажил хэргийн харилцаатай байж, бизнесийн түвшинд хангалттай дэмжлэг авч ажилладаг. Компанийн хувь нийлүүлэгчид, ТУЗ-өөс томилогдон ажиллаж буй гүйцэтгэх захирлын хувьд IPO гаргах асуултанд би тэдний өмнөөс хариулт өгөх нь зохимжгүй бөгөөд энэ тэдний шийдэх асуудал. IPO хийхэд давуу болон сул талууд байдаг. Мэдээж олон нийтээс мөнгө босгох сайхан боломж энэ үеэр гарч ирдэг. Ялгаатай зорилго, хүсэлтэй олон хувьцаа эзэмшигчтэй болсноор гүйцэтгэх удирдлагын гаргах шийдвэр, хүрэх алсын хараанд бага зэрэг удаашрал үүсдэг. KDDI болон бусад хувь нийлүүлэгч маань энэ тал дээр яг юу бодож байгааг би сайн хэлж мэдэхгүй байна. Алсдаа магадгүй гэхдээ өнөө маргаашда бол IPO хийхгүй болов уу.
Яах аргагүй япон хүний л өгөх сонгодог хариулт байна даа (Инээлдэв). Та Монголд ирээд бараг 8 жил болжээ. Иргэн хүний хувиар Япон ба Монгол нийгэм, эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн харж дүгнэдэг вэ? 1972 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоож, 1996 онд Иж бүрэн түншлэл, 2010 онд Стратегийн түншлэлд хүрсэн шүү дээ. Танайх болон Тоёотог эс тооцвол Японы бусад том компаниуд тэр болгон Монголд орж ирээгүй л байна.
Японы хүний хувиар Япон улс Монголтой улам бүр ойр дотно ажиллах ёстой гэж хардаг. Бидний харилцаа тийм ч муугүй байгаа. Бид Монголд хөрөнгө оруулж, Мобикомыг үүсгэн байгуулахаас өмнө төр, засгийн түвшинд маш олон төслүүдийг хэрэгжүүлсэн. Тухайбал, ЖАЙКА-гийн төслүүд, зарим нэг зам, гүүрийг япон компани барьсан байдаг. Сүүлд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг бас дурдаж болно. Ялангуяа дэд бүтцийн төслүүд дээр хоёр улс чамлахааргүй түвшинд ажиллаж байна. Харин японы хувийн компаниудын хувьд хангалтай тоогоор орж ирж салбараа байгуулах, эсвэл хамтарсан бизнес эхлүүлж амжаагүй. Гэхдээ олны нүдэнд ил харагдахгүй ч цөөнгүй япон компани, брэндүүд Монголд орж ирэн ажиллаж байгаа шүү. Тухайлбал, цемент оруулж ирдэг компани, нэлээдгүй тооны япон хоолны газрын бизнесийг дурдаж болж байна. Япон гэхээр магадгүй та бүхэн Сони зэрэг дэлхийд алдартай том компаниудыг үгүйлээд байж магадгүй.
100 иэнийн дэлгүүр Монголд ороод ирсэн байгаа.
Тийм. Daiso брэнд Монголд байгаа. Япон ба Монголын харилцаа холбоо улам өргөжиж байна. Гэхдээ япончууд шууд өөрсдөө ирдэг үү гэвэл тэр болгон тийм биш. Монгол түнштэй болж байж дотоодын зах зээл рүү шийдэмгий ордог. Франчайз бизнестэй төстэй гэсэн үг. Үүний нэг жишээ гэвэл сүүлд орж ирсэн Японы алдартай түргэн хоолны сүлжээ болох Yoshinoya брэнд байна шүү дээ. Энэ бизнесийг франчайзийн гэрээний хүрээнд монгол энтрепренер эрхлэн явуулдаг. Нөгөө талаас монгол бол ердөө 3,5 сая хүнтэй жижиг зах зээл. Улаанбаатарт 1,7 орчим сая хүн амьдарч байна. Өөрөөр хэлбэл, монголын зах зээл японы дундаж нэг хотын хүн амтай адилхан. Нэмээд үйлдвэрлэл байгуулна гэвэл гадаад зах зээлтэй тасралтгүй, найдвартай холбогдох тээвэр, ложистик хүндрэлтэй байдаг тул харилцаа холбоо, мэдээллийн технологи Монголын хувьд маш чухал салбарт тооцогдоно. Энэ салбарт хил, гааль гэж байдаггүй. Иймээс KDDI компанийн технологи суурьтай зарим нэг дэд бүтцийг Монголд оруулж ирэхээр ярилцаж байна. Манай хувь нийлүүлэгч монголын Ньюком групп Японоос дрон оруулж ирж, энэ төрлийн дэд бүтцийг үүсгэхээр ажиллаж байгаа. Энэ мэт боломжуудыг зогсолтгүй судалсаар байгаа.
Японтой харьцуулбал Монголд нэг том давуу тал бий. Тэр нь хууль эрхзүйн хувьд бизнес хийхэд харьцангуй эрх чөлөөтэй гэж хэлж болно. Бизнес хийх эрх чөлөөтэй байх нь нөгөө талдаа бас давуу болон сул талтай байдаг. Гэхдээ бизнесээ өргөжүүлж тэлье гэж бодож байгаа нэгэнд Монголын либерал орчин яах аргагүй шинэ боломжийг үүсгэж чадна. Мөн нийгэм, соёлын орчинг дурдмаар байна. Маш олон миний үеийн монголчууд японоор маш сайн ярьдаг. Хүүхэд залуус ч гэсэн манга, аниме зэрэг японы соёлд дуртай. Том зургаараа монголчууд Японд элэгтэй байдаг нь сайхан санагддаг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл багагүй урт хугацаанд би Монголд амжилттай ажиллаж амьдарч байна.
Монгол ба Японы үндэстний тодотгол, ижилсэл, эсвэл ондоошил нь юу вэ?
Хариулахад хэцүү асуулт байна. Япончууд багаар ажилладаг. Багийн гишүүн байна гэдэг нь маш чухал учраас бодлого тогтвортой, компани тасралтгүй ажилладаг. Учир нь бид тариачин гаралтай. Тариалан эрхлэхэд ганц хүн ганцаараа хүчрэхгүй, заавал багаар ажиллах ёстой болдог. Нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж, нэг хэсэг нь болж ажиллаж, амьдрах нь япончуудын хувьд бусдаас ялгагдах онцлог тал гэж хэлнэ. Өөр өөрийн онцлогтой хувь хүмүүс байдаг боловч групп дотроо нэгдмэл болж чаддаг. Үүнийг бусад хүмүүс харахдаа гаднаас япончууд даруухан, ичимхий, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй гэж дүгнэдэг байж магадгүй. Иймээс япончууд аливаа байгууллага, нийгэмд ороод тэр дунд нь хурдан уусч чаддаг. Тэр утгаараа тогтвортой байдал тасралтгүй үргэлжлэх чадвараар бусдаас ялгагддаг болов уу.
Монголчууд уян хатан, бие даасан байдлаараа ялгардаг. Хүн болгон өөрийн гэсэн “би”-тэй, өөрийн гэсэн бахархалтай, өөрсдөөрөө ч бахархаж чаддаг. Энэ нь заримдаа бусдын хүлээн зөвшөөрөхөд нь саад болдог. Заримдаа тууштай мэт боловч нөхцөл байдлаас болоод амархан бууж өгдөг. Энэ бүхэн ямар ч нөхцөл байдалд хурдан дасан зохицох ёстой эртний нүүдэлчин соёлоос улбаатай гэж боддог. Тууштай зан ба хурдтай, уян хатан байдлын нийлбэрийг даруу зан, омогшил бахархалтай зөв тэнцвэржүүлж чадвал ийм хүн хаана ч ажиллаж, амжилт гаргаж чадна.
Гадаад хүний хувиар Монголд бизнес хийхэд тулгардаг гол давуу болон сул талууд юу байдаг вэ?
Давуу талаас нь эхэлж хариулъя. Эерэг зүйлээр эхэлье. Япон нийгэм, эдийн засгийн хөгжлөөр Монголоос хэдэн алхам түрүүлж яваа учир Японы тэргүүн туршлагыг Монголд авч ирэн тодорхой хэмжээнд нутагшуулах боломжтой харагддаг. Нөгөө талаас монголчууд цөөхүүлээ болохоор хүн болгон бие биенээ мэддэг. Тэр нь заримдаа давуу тал болдог боловч зарим үед нөлөөнд орохгүйн тулд нэгнийгээ мэдэхгүй байсан нь дээр байдаг.
Экспат байхын сул тал гэвэл монгол хүн биш болохоор монгол хүнд зориулсан бүтээн хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ яг монгол хүн шиг мэдэрч чаддаггүй гэх юм уу. Монголчууд гэж хэн болох, яг юу хүсдэг, монгол хүмүүс хэрхэн сэтгэдэг гэдгийг мэддэг байх ёстой. Би мэдрэмж дээрээ найдаж болох хэдий ч бодит байх ёстой. Ийм учраас бодит эрэлтэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахын тулд надад монгол захирлууд туслан нэг баг болж ажилладаг. Монголд 7 гаруй жил ажиллаж амьдарсан ч гэсэн монгол хүнийг монголчууд шиг таньж мэдэх болоогүй. Үүнийг экспатын сул тал гэж хэлмээр байна.
Технологийн хөгжил дэвшлийн талаар зөндөө ярилцлаа. Та бид хоёулаа аав хүмүүс. Бидний хувьд сошиал медиа, гар утаснаасаа салахаа больж буй хүүхдүүдийн маань асуудал сорилт болоод удаж байна. Донтолт, хэт хэрэглээнээс хүүхэд төдийгүй насанд хүрэгчид хэрхэн сэргийлж, хариуцлагатай үйлдэл үзүүлэх ёстой вэ?
Энэ бол зөвхөн Монголд тулгараад байгаа асуудал биш. Японд байгаа миний хүүхэд хүртэл яг адилхан асуудалтай. Бид технологийн давуу талыг мэдэж хэрэглэхээс гадна сошиал медиа болон ухаалаг гар утастай холбоотой эрсдлийг ойлгож мэдрэх ёстой. Энэ бүх зүйл бидний ажил, амьдралыг энгийн, ухаалаг, үр бүтээмжтэй, зугаатай болгож байгаа хэдий ч хэзээ ч бол хэзээ, хаанаас л бол хаанаас орж болдог болсон нь хязгааргүй хэрэглээ, цагийн хяналтгүй хэрэглээ рүү түлхэж байна. Иймээс мэдээллийн технологийн өгөөж ба эрслийг давхар үнэлж байх хэрэгтэй. Хүүхэддээ шаардлага тавьж загнахаас илүүтэйгээр эцэг, эхчүүд өөрсдөө бодитоор үйлдлээрээ үлгэрлэх ёстой. Өөрөө өдөр шөнөгүй гар утсаа мааждаг, компьютер дээрээ тоглоом тоглодог байж хүүхдээ хориглох нь шударга бус. Хориглож, хааж боох тусам ялангуяа хүүхэд улам бүр зөрж эсэргүүцдэг. Иймээс хүн хүнтэйгээ харьцаж байгаа гэдгээ ойлгон хүүхэдтэйгээ сайтар ярилцах, ухаалаг утас, сошиал медиаг зөв зохистой, хязгаартай хэрэглэх зөвшилцөлд хүрч болно. Энэ маш чухал. Би хүүхдийнхээ өмнө аль болох гар утсаа хэрэглэхгүй байхыг хичээдэг. Гэхдээ нөгөө талдаа би салбарт нь ажилладаг хүний хувиар ухаалаг утас, технологид донтой гэдгээ мэддэг ч хаана, хэзээ, ямар үйлдэл гаргах вэ гэдгээ хянахыг хичээдэг.
Урилга хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа!
В.Ганзориг