Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галант нарыг баривчлах зөвшөөрөл олгожээ.
Урьдчилсан шатны шүүх танхимаас Б.Нетаньяху, Й.Галант нарыг "2023 оны 10 дугаар сарын 8-наас 2024 оны 5 дугаар сарын 20 хүртэл Газын зурваст хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн болон дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлахыг зөвшөөрлөө" гэж шүүхийн цахим хуудсанд нийтэлжээ.
Б.Нетаньяху ОУЭШ-ийн баривчлах шийдвэрийг "утгагүй бөгөөд бодит байдлыг мушгин гуйвуулсан", "ОУЭШ өөр ямар ч ардчилсан улсад ийм нэг талыг барьсан байдлаар хандаж байгаагүй", "Израил улс хууль дээдлэх зарчмыг баримталсаар байх болно" гэж мэдэгдсэн байна.
Израил улс Газын зурваст цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Й.Галант уг ажиллагааг удирдсан гол хүн байсан юм. Гэвч хэт барууны үзэлтнүүд олонх болж буй тус улсын одоогийн засгийн газрын гишүүдийн дотроос аядуу үзэлт гэгддэг Галантыг Б.Нетаньяху энэ сарын 5-ны өдөр албан тушаалаас нь огцруулсан байв. Й.Галантыг огцруулах болсон шалтгааныг тэдний хооронд "итгэлцлийн хямрал" үүссэн гэж Ерөнхий сайдын ажлын алба мэдэгдсэн юм.
Израилын Ерөнхийлөгч Ицхак Херцог ОУЭШ-ийн шийдвэрийг "утгагүй" гэж мэдэгджээ.