Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн тамирчид 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр Арменийн Ереван хотод болсон Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын начин Э.Батмагнай алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэгвэл олон улсын хэмжээний мастер, улсын харцага Г.Ганхуяг хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Харин сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Отгонтуяа, 50 кг-д Б.Мөнхнар нар мөнгө, 53 кг-д Г.Оюундарь хүрэл медаль зүүлээ.
Ингэснээр “Алдар”-ын бөхчүүд хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, нийт найман медальтай эх орны зүг хүлгийн жолоо залав. Сонирхуулахад, уг тэмцээнд 22 орны 200 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсаас 18 бөх зодогложээ.