Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээг хайрцаг хайрцгаар нь хаясан байсныг иргэн баримтжуулж, бичлэг хийн нийгмийн сүлжээнд тавьсан нь өнгөрөгч долоо хоногт нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд ихээхэн бухимдыг үүсгэсэн билээ. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлэгдсэн.
Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах тайлбарыг өгсөн байна.
Сайд энэ тухай "2018 онд буюу 6 жилийн өмнө төрсний гэрчилгээний хавтасны загварыг шинэчлэн баталсан юм билээ. Тэр үеийн үйлдвэрийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг үйлдвэрлэгч компанийн зүгээс хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан" гэж мэдэгджээ. Гэхдээ "болзошгүй" гэдэг нь бүрэн нотлогдсон гэсэн үг биш. Тэгэхээр цагдаагийн байгууллагын шалтгалт дууссаны дараа төрсний гэрчилгээ яагаад хог дээр хаягдсан тухай тодорхой болох юм байна.