- Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудлаар олон улсын хурал боллоо. Манай улсын хувьд энэ асуудал гадаад бодлогод хэрхэн явж ирсэн юм бэ?
- Монголд анх удаа энэ сэдвээр болж байгаа олон улсын бага хурал. Афганистан, Бутан, Кыргызстан, Лаос, Мъянмар, Шри Ланк зэрэг улсууд төлөөлөгчөө ирүүлсэн. Гадаад бодлогын шийдвэр гаргах асуудлаар эдгээр улсууд өөрсдийн туршлага, онцлогийг харилцан ярилцлаа. Монгол Улсын хувьд гадаад бодлогын шийдвэр гаргах механизм ямар шатанд байна, юун дээр алдав, онов гэдгээ ярьж байна.
Монгол Улсын гадаад бодлого өөрийн гэсэн дүр төрхийг олсон. Аль ч нам, аль ч Засгийн газар, аль ч Ерөнхийлөгчийн өнгөн дээр өөрчлөгдөхгүйгээр зөв төлөвшлийг олж чадсан гадаад бодлого шүү дээ. Ийм гадаад бодлого төлөвшүүлэх гэж 1990-ээд оноос хойш Монгол Улсын төр-засаг, Гадаад харилцааны яам чармайлт тавьж ажиллаад үр дүндээ хүрсэн гэж үзэж болно. Яагаад гэвэл, эрх зүйт төрийн гадаад бодлого тийм ч амархан хувирч хувисаад байдаггүй. Улс төрийн эрх мэдэл сонгуулиар солигддог ч гадаад бодлого дээрээ огцом хувиралт гаргаж болдоггүй. Үүний үлгэр жишээч улс нь тодорхой хүрээлэлд Монгол байхыг үгүйсгэхгүй.
Монгол Улсад 1990-ээд онд тохиосон нийгэм-улс төр, эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлттэй уялдан гадаад бодлого маань ямар нэг байдлаар хэлбэршин тогтож, түүнийгээ ч хуульчилж чадсан. Тэр үеийн дотоод байдал, гадаад байдал, гадаад орчны өөрчлөлтүүд Монголын гадаад бодлогод тусгалаа олсон л доо. 1994 онд Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг УИХ баталсан. Үүний дараа УИХ-ын удаа дараагийн сонгуулиар байгуулагдсан шинэ Засгийн газрууд Үйл ажиллагааны хөтөлбөртөө дээрхи баримт бичгүүдийг тодотгон хэрэгжүүлж ирсэн.
Гадаад бодлогодоо гадаад орчны болон олон улсын харилцааны зарим нэг онцлог үйл явдлыг заавал тусгах ёстой байдаг. Ялангуяа дэлхийн хөгжлийн хандлага, даяаршлын ба мэдээллийн эрин үе, хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд гадаад бодлогоо нийцүүлэх хэрэгтэй. Үүний тулд 2011 онд УИХ-ын тогтоолоор хоёр том үзэл баримтлалдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдүгээ манай гадаад бодлого зөв голдрилоороо хөгжиж байна.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна гээд Гадаад бодлогын үзэл баримтлалд заачихсан байгаа. Тодотговол манай гадаад бодлого бие даасан, эвсэлд үл нэгдэх, идэвхтэй, олон тулгуурт, прагматик гадаад бодлого гэсэн үг л дээ. Тийм учраас энэ томъёоллын дагуу гадаад бодлого савалгаагүйгээр хэрэгжиж ирсэн гэж үзэж болно.
- Монгол улсын гадаад бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна билээ. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?
- Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгална. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ гээд үзэл баримтлалдаа заачихсан шүү дээ. Өөрийн чинь асуудаг бол зохицуулалтын асуудал юм. Гадаад бодлогыг нэг цонхоор явуулна гэдэг нь угаасаа байх ёстой асуудал. Би “Өдрийн сонин” дээр “Гадаад харилцааны сахилга” гэсэн сэдвээр бичиж байсан. Тэр бол нэг цонхны гадаад бодлогоо хэрхэн тууштай хэрэгжүүлэх вэ гэдэг л асуудал л даа.
Гадаад бодлогын үзэл баримтлалаа эргээд сөхөөд үз л дээ. Ийм заалт байгаа. “Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн” гэж.
Монгол Улсын гадаад бодлогыг УИХ тодорхойлдог. Хэрэгжүүлэх эрх үүрэг нь Засгийн газарт буюу ГХЯ-нд байна. Эрх зүйт төртэй Монгол Улсын гадаад бодлого дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг хамгаалж, гадаад байдлыг бэхжүүлж, гадаад түншүүдийг олшруулж, тэдэнтэй зөв зохистой хамтын ажиллагаа өрнүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг олон улсын тавцанд хамгаалахад чиглэх ёстой. Ингэснээр манай улсын хөгжилд таатай гадаад харилцаа, гадаад орчин бүрдэх учиртай.
Монголын гадаад бодлогыг бусниулаад, сүйтгээд, баллаад хаячихсан зүйл байхгүй. Нэг цонхны гадаад бодлого бол нэг амтай байх, хэлсэн ярьснаасаа буцахгүй байх, ялангуяа Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын түншүүдийг үргээхгүй байхыг хэлж байгаа юм л даа. Монголд нэгэнт хөрөнгө оруулаад мөнгөө зарчихсан нөхцөлд хөрөнгө оруулалтыг тууштай татаж, үр дүнтэй ашиглах үүднээс Монгол Улсын гадаад бодлого нэг цонхтой, нэг амтай байя гэдэг чинь тэр л байхгүй юу. Би худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт дээр сахилга гэдгийг онцолж бичээд байгаа юм.
Түүнээс улс төрийн гадаад харилцаан дээр ам зөрсөн тохиолдол байхгүй. Улс төрийн гадаад харилцаа эсвэл, олон улс дахь Монгол Улсын байр суурь дээр гадаад бодлого зөрж байгаагүй л дээ. Тиймээс худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудалд нэг дуу хоолойгоор, нэг цонхоор харилцах нь зөв.
- Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад улсаа төлөөлөх эрхтэй гэдэг. Төлөөлөх эрх гэдэгт юуг ойлгох вэ?
-Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулийг эргэн үзэх хэрэгтэй. Өмнө нь дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзлээ. Одоо тавь дахь Ерөнхийлөгчөө сонгоод ажиллуулж байна. Монгол Улсын аль ч Ерөнхийлөгч гадаад бодлогод маш идэвхтэй оролцож ирсэн. Ерөнхийлөгч бол гадаад бодлогыг хэрэгжүүлдэг нэг том субъект юм. Ерөнхийлөгчийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь юу юм бэ гэж сонирхож байгаа бол манай аль ч Ерөнхийлөгч сонгогдчихоод “Гадаад бодлогыг би мэддэг” гэж ажиллаж байгаагүй. Тэгэх ч нөхцөлгүй. Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуульд зааснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) тэргүүн. ҮАБЗ-ийн гишүүн нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд. Тэр зөвлөл байнгын, орон тооны ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргатай. Манайх гадаад бодлогын бүх асуудлаа ҮАБЗ-өөр эцэст нь тулгаж ярьж байсан тохиолдол бас цөөхөн. ҮАБЗ-д хүргэхгүйгээр УИХ, Ерөнхийлөгч нь зөвшилцөж зохицоод Засгийн газар нь УИХ-даа ажлаа тайлагнаж, УИХ-ын дэмжлэгийг авч гадаад бодлогоо явуулж ирсэн. Түүнээс Ерөнхийлөгч тэс хөндлөн зөрөөд үймүүлчихсэн тохиолдол нэг ч байхгүй.
- УИХ-ын аль нэг гишүүн гадаад улс оронд очихдоо улс орны эрх ашгийг хөндсөн зүйл ярих тохиолдолд энэ гадаад харилцаанд нөлөөлөх үү?
-Монголд хичнээн хүн шийдвэр гаргадагийг судлаад үзээрэй. УИХ-ын 76 гишүүн, дээр нь Ерөнхийлөгч, тэгээд Засгийн газар. Засгийн газрын гадаад бодлогод оролцдог Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд гээд тус тусдаа субъектууд байна. Эдгээрийг аваад үз. Үүний дээр ҮАБЗ-ийн ажлын алба ч гэсэн орж болно. Ингэхээр бараг 100 гаруй хүнээс манай гадаад бодлогын шийдвэр гаргадаг үйл явц хамаардаг. УИХ-ын 76 гишүүн бүгд нийлж суугаад УИХ-ын танхим дотор шийдвэр гаргасан бол энэ нь монгол төрийн шийдвэр болно. УИХ-ын 76 гишүүн тус тусдаа гадаад харилцаанд оролцож, гадаадад айлчлаад явж байхдаа гадаад бодлогын асуудлаар ярьж байгаа бол үүнийг төрийн байр суурь гэж ойлгох нь хоёр талтай.
Монгол Улс парламентын засаглал сонгож, хэрэгжүүлсэн өнгөрсөн 26 жилийн хугацаанд Монгол Улсын гадаад бодлогын эсрэг ажилласан УИХ-ын нэг ч гишүүн байхгүй. Тийм тохиолдол ч байгаагүй. Монгол Улсын гадаад харилцааг бусниулж, сүйтгэж, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн түүх байхгүй л болов уу.
- Төрийн айлчлалуудын үеэр дипломат ёсны тухай хөндөгддөг. Тухайлбал, өнгөрсөн намар Ерөнхийлөгчийн охиныг дипломат ёс баримталсангүй гэдэг шүүмжлэл нэлээд гарсан. Ер нь ГХЯ энэ тал дээр хэр анхаарал хандуулдаг бол...?
-Төрийн дипломат ёслолын олон жилийн уламжлалтай улс шүү дээ, бид. Тэгэхдээ хөдлөшгүйгээр хатуу хэвшчихсэн зүйл бас биш. Дэлхий өөрчлөгдөж байна, улс орнуудын харилцаа уян хатан болж байна. Шинэ технологи нэвтэрч байна. Үүнийг дагаад төрийн дипломат ёслол уян хатан болж байна. Шинэчлэгдэж байна.
Гэхдээ манай төр-засаг төрийн дипломат ёслолоо анхаарлынхаа төвд байнга байлгадаг. ГХЯ-нд Ёслолын газар бий. Төрийн ордонд Төрийн ёслолын алба ажиллаж байна. Хоорондоо нягт уялдаатай ажилладаг. Тэгэхээр төрийн дипломат ёслол дээр айхтар алдаа гаргадаг гэж би бодохгүй байна. Ганц нэг жижиг алдаа байж болно. Түүнийг томруулж авч үзэх шаардлагагүй. Монгол Улс Төрийн дипломат ёслол дээр алдаж байгаагүй. Ноцтой алдаа гаргаж байсныг би санахгүй байна.
- Гадаад харилцааны уламжлалт бодлого, залгамж чанар тухайд юу хэлэх вэ?
-Монгол Улс залгамж чанарыг хангасан гадаад бодлоготой. ГХЯ гадаад бодлогоо хэрэгжүүлж байна. Тэгэхлээр залгамж чанараа хадгалсан, бие биенээ нөхсөн, дараа дараагийн Засгийн газрууд нь улам өргөжүүлсэн, тэлсэн ийм л гадаад харилцаа өнөөг хүртэл явж байгаа. Залгамж чанар ерөөсөө ч алдагдаагүй. Харин ч залгамж чанараа хадгалсан гадаад бодлого явуулдаг.
- ГХЯ-ны боловсон хүчний чадавхи нэлээд суларсан гэж ярьдаг. Улс төрийн шахаа нөлөөлсөн үү?
-Би дипломат албанд олон жил ажилласан, Элчин сайд байсан хүний хувьд хэлэхэд УИХ болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ГХЯ-ны үйл ажиллагааг бужигнуулсан түүх нэг ч байхгүй. Бусад яамдад ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Улс төрийн намд хүчин зүтгэсэн, улс төрийн зүтгэлтний туслахууд, ажилтнууд нь ГХЯ-нд газрын дарга, орлогч дарга, хэлтсийн дарга хийсэн түүх бараг байдаггүй юм. ГХЯ бол төрийн тусгай алба шүү дээ. Гадаад харилцааны мэргэжил гэдэг чинь онцгой мэргэжил. Олон улсын харилцааны мэргэжилтэн байна гэдэг өндөр шалгууртай, өндөр босготой. ГХЯ үүнийг зөрчөөд улс төрийн нөлөөнд автаж байсныг би мэдэхгүй. Үүн дээр би ГХЯ-ынхаа байр суурийг хамгаалж чадна. Би ГХЯ-ны “гал тогоон”-д байхдаа дан мэргэжлийн хүмүүстэй л ажилласан. Түүнээс мэргэжлийн бус хүмүүстэй ажиллаж байснаа санахгүй байна.
- Монгол Улсыг гадаадад төлөөлөх элчин сайдуудын асуудал маргаан дагуулах болсон. Элчин сайдуудад тогтсон шалгуур байдаг уу?
-Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдуудын босгыг өндөрсгөж байх шиг байна. Үүнийг би зүйтэй алхам гэж үзэж байгаа. Элчин сайд хэдийгээр улс төрийн албан тушаалтан боловч мэргэжлийн ур чадвар шаарддаг. “Дипломат албанд доод шатнаас эхлээд дээд шат хүртэл ажилласан, Гадаад яамны “гал тогоон”-нд нь чанагдсан, тухайн улс орныг, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг нь мэддэг, нас тогтсон хүнийг томилно” гэж байгаа нь маш зөв. Үүнийг манай ахмад Элчин сайд нар, дипломатчид санал нэгтэй дэмжиж байгааг хэлмээр байна.
Ер нь манай улстөрчид Элчин сайд гэдэг албан тушаалыг хялбархан, өөрт нь таалагдсан албан тушаал гэж ойлгоод байх шиг байна. Хялбар, хямдхан, хийж чадах албан тушаал гэдэг ойлголт байж болохгүй. Элчин сайдын албан тушаал бол хүнд, хэцүү. Хүсэх ч юм биш. Үүний төлөө олуулаа өрсөлдөөд байх ч шаардлагагүй. Энэ чинь төрийн тусгай алба шүү дээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд хийх хүний насны шалгуур гаргаж ирснийг ч лав манай яамны ахмадууд талархан хүлээн авна билээ. Би өөрөө Нью Дели, Каир зэрэг дэлхийд томдоо орох Дипломат корпустай газар дипломат алба хашиж байсан. Тэгэхэд Элчин сайд нар гэж буурал суусан, намба суусан, хижээл ахмад насны, гол нь нийтээрээ шахуу үе тэнгийн улс л байдаг. Тэдний дундаж нас нь “62” гэж биччихсэн байхыг би олж үзсэн л дээ. ОХУ-аас гадаад улсуудад суугаа Элчин сайд нарынх нь дундаж нас 62-63 байдаг, саяхан Ерөнхийлөгч В.Путин 68 настай нэг ахмад дипломатчийг гадаадын чухал түнш улсдаа томилж байх жишээтэй.
- Гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх гэж байгаа юм байна. Та энэ хуулийн шаардлагыг юу гэж харж байгаа вэ?
-Нэг цонхны гадаад бодлого явуулах шаардлагаар энэ хууль гарч ирж байгаа болов уу. Нэг цонхны гадаад харилцааны бодлого гэдгийг бид бусад төрийн яамдын гадаад харилцаа, хамтын ажиллагааны албуудад хамааруулж ярих ёстой. Эсхүл орон нутгийн засаг захиргааны нэгжүүдэд, аймгуудын Засаг даргын Тамгын газруудад хандаж Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаанд идэвхтэй оролцохын хажуугаар юун дээр анхаарах, ямар хэмжээ хязгаар хүрээнд ажлаа явуулах юм гэдгийг хуульчилж өгөх байх. Би хуулийн төслийг олж үзээгүй байна. Гэхдээ ийм зорилгоор гарч байгаа болов уу.
- Цаашид Монгол Улсын гадаад бодлогод анхаарах зүйл юу байна вэ?
-Бид чинь үйл ажиллагаандаа баримтлах чиглэлтэй улс шүү дээ. Үүнийгээ Гадаад бодлогын үзэл баримтлалдаа заачихсан. Харин боловсронгуй болгох нь манай худалдаа-эдийн засаг, бизнес эрхэлдэг нөхдүүдээс шалтгаалах гээд байна л даа.
Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого явуулдаг. Үүнээс гадна олон тулгуурт эдийн засгийн гадаад бодлого явуулах ёстой. Ингэх нь ч зөв гэж боддог. Нэг улсаас хэт хамааралтай байх, эсхүл нэг талыг түшиглэсэн худалдаа-эдийн засгийг хэт хөгжүүлэх нь Гадаад бодлогын болоод Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд зарим талаар харшилж байж магадгүй.
Эдийн засгийн гадаад харилцаагаа тууштай явуулах тухай олон жил ярилаа. Ярьж ч байна. Ялангуяа түнш, хөрш улсуудтайгаа худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт тууштай байж, итгэлийг нь дааж, бүтээлч хандаж, өөрсдөө бүтээж, санаачилга гаргаж, идэвхтэй ажиллах шаардлагатай биз ээ.
Нийтлэлч Д.Баярхүү Эх сурвалж: GEREG.MN