УИХ-ын даргын 174 дүгээр захирамжаар байгуулагдсан Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг энэ сарын 3-нд хуралдаж, шинээр бий болж буй нийгмийн зарим харилцаа, тэр дундаа тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг асуудлыг зохицуулах хуулийн төсөл боловсруулах талаар хэлэлцэв.
Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал
Эрүүл мэндийн яамны RMC үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захирал Э.Одхүү “Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал, эмчилгээний чиг хандлага” сэдвээр мэдээлэл хийв. Тэрбээр Монгол Улс дахь үргүйдлийн тархалтыг насны бүлгээр танилцуулж, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний менежмент болон эрх зүйн орчны талаар дурдсан байна.
Гэр бүлийн харилцааны судалгаа
Хүүхэд, гэр бүл судлаач, доктор Х.Баавгай, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ нар Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар судалгааны үр дүнг танилцуулав. Судалгаанд орон нутгийн 1200 өрх, нийслэлийн 816 өрх хамрагдсан бөгөөд дараах сэдвүүдийг хамарчээ:
- Гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцааны онцлог
- Амьдралын мөчлөг, тулгамдаж буй асуудлууд
- Уламжлалд хандах хандлага, үнэт зүйлс
- Ураг төрлийн харилцаа, эрх мэдэл, үүрэг
- Хүүхдэд ээлтэй орчин, төрийн бодлого, эрх зүйн хэрэгжилт
Гэр бүлийн хүчирхийллийн судалгааны дүн
Судалгаанд хамрагдсан гэр бүлийн 31.6 хувь буюу 639 хүн сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна. Хохирогчдын:
- 37.4 хувь (239 хүн) нь эрэгтэйчүүд
- 62.6 хувь (400 хүн) нь эмэгтэйчүүд байжээ.
Хүчирхийллийн гол шалтгаанууд нь санхүүгийн байдал, согтууруулах ундааны хэрэглээ, хүүхдийн асуудал, өр зээл, үзэл бодлын зөрүү гэж судалгаагаар тогтоогдсон байна.
Ажлын хэсгийн гишүүд уг танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.