Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн нутагт орших стратегийн чухал бүс болох Гома хотыг эзэлсэн босогчдын холбоо хүмүүнлэгийн шалтгаанаар түр хугацаанд гал зогсоохоо мэдэгджээ.
Хэдэн зуун мянган иргэн дүрвэж буй энэ үед босогчид Конгын армитай хийж буй тулалдаанаа мягмар гарагаас эхлэн зогсооно гэж мэдэгдсэн байна.
Босогчдын зорилго, байр суурь
Конго мөрний холбоо гэх энэ бүлэгт Руандагийн дэмжлэгтэй M23 бүлэглэлийн босогчид багтаж байгаа бөгөөд тэд Өмнөд Киву мужийн нийслэл Букаву хот руу ахин давшихаар зэхэж буй талаар хэвлэлүүд мэдээлсэн. Гэсэн ч тус бүлэг даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Букавуг эзлэх бодолгүй байгаагаа онцолжээ.
M23 бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Лоуренс Канюка "Бид Букаву болон бусад бүс нутгийг эзлэх зорилгогүй. Гэвч бид энгийн иргэд болон өөрсдийн байр суурийг хамгаалах үүрэг амлалтаа нотолж байна" гэж мэдэгдсэн байна.
Конгын Засгийн газрын байр суурь
Харин Конго улсын Засгийн газраас одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Конго мөрний холбооны удирдагч Корнейл Нангаа "Босогчид Киншаса хүртэл давшина" гэж мэдэгдсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгав.
Тулалдаан ба хохирол
НҮБ-ын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Гома хотод болсон ширүүн тулааны улмаас 900 орчим хүн амь үрэгдсэн байна. M23 бүлэглэл өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд Гома хотыг эзэлсэн бөгөөд НҮБ-ын шинжээчдийн үзэж буйгаар, тус бүлэглэл 4000 орчим Руандагийн цэргийн дэмжлэгтэй байгаа ажээ.
Түүхэн хурцадмал байдал ба эрсдэл
Энэхүү хурцадмал байдал нь 1996-2003 оны хооронд болсон бүс нутгийн дайныг дахин өдөөх аюултай хэмээн олон улсын ажиглагчид болгоомжилж байна. Тухайн үед сая сая хүн өлсгөлөн, халдварт өвчнөөр амиа алдсан юм.
M23 бүлэглэл Конгогийн тутси үндэстнийг хуту босогчдын FDLR бүлэглэлээс хамгаалах зорилготой гэж мэдэгдэж байгаа. FDLR нь 1994 оны Руандагийн хоморголон устгалын дараа Конгод дүрвэн гарсан хутучуудаас бүрддэг бөгөөд Конго улсын армитай нэгдсэн гэж Руандагийн тал үзэж байна. Харин Конго улс үүнийг няцааж, M23 бүлэглэлийг ашиглан Руанда улс зүүн нутгийн баялагт хяналт тогтоохыг зорьж байна гэж буруутгажээ.
Энхийн хэлэлцээний оролдлого
Конгын эрх баригчид энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн боловч өмнө байгуулсан гэрээг баримтлах ёстой гэсэн байр суурьтай байна. Харин Руанда болон босогчдын эвсэл Конго улсыг энхийн хэлэлцээрийг гацаасан гэж буруутгаж байгаа ажээ.
Эх сурвалж: DW