Сэлэнгэ аймаг, Баянгол сумын нугын бэлчээрт хэрэгжиж буй “Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” төслийн хүрээнд 100 толгой бярууг эрдэсээр баяжуулсан тэжээлээр тэжээж байна.
Энэхүү туршилтын үр дүнд:
- Бярууны хоногийн жин нэг кг-аар нэмэгдэж,
- Гурван сарын дараа бярууны амьдын дундаж жин 310 кг,
- Нядалгааны гарц 145 кг болж,
- Мах болон арьсны чанар сайжирсан байна.
Төслийн хэрэгжилт ба салбарын дэмжлэг
Энэхүү туршилтын төслийг “Майндтэч” ХХК санаачилж, Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн САМО институт, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль хамтран хэрэгжүүлжээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр төслийн үр дүнтэй танилцах үеэр энэ аргыг ашиглан тугал, бяруу, шүдлэн гурван насны өсвөр үхрийг тэжээх төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн, махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэгчид төслийн үр дүнтэй танилцаж, хэрэгжүүлэх боломжийг судлах зөвлөгөөнийг 11 дүгээр сард зохион байгуулах чиглэлийг холбогдох албаныханд өгснийг ХХААХҮЯ мэдээлэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ