x

Бурхан шоо хаяж тоглодог

Үлэг гүрвэлүүд манай дэлхий дээр 150 сая жил амьдарч хувьслын хувьд ч төрөл зүйлийн хувьд ч маш их хөгжсөн байлаа. Тэр үед агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ 25% байсан нь амьтан ургамлын биеийн хэмжээ томроход гол нөлөө үзүүлж байв. Хуурай газар дээр 100 тонн жинтэй амьтан яаж биеэ даан хөлхөж байсан нь гайхалтай. Газрын татах хүчин өнөөгийнхөөс сул байсан юм болов уу? Дэлхийг аварга том оймон модод бараг тэр чигээр нь бүрхэж байлаа. Өнөөгийн мөсөн тив Антарктид битүү оймон ширэнгэ байсан гэдэг. 

Жаран таван сая жилийн өмнө 13 км урттай аварга солир манай гаригийн мөргөжээ. Мексикийн буланд ердөө 10 метр гүнтэй нуурыг ирмэгээрээ мөргөсөн байна. Хэрэв хэдхэн секундийн өмнө байсан бол Атлантын далайд, яльгүй хэдэн секундийн дараа байсан бол Номхон далайд унах байжээ гэдгийг өнөөдөр тогтоосон. Их далайд уг солир унасан бол тэгтлээ аймшигт хохирол учруулахгүй байв. Дэлхийн хуурай газрын нийт амьтан ургамлын 90 хувь нь устаж үгүй болсон. Агаар дахь хүчилтөрөгчөөр баян манай гариг тэр чигээрээ шатаж, асар их хүхэртэй бороо амьтан ургамлыг түлж сүйрүүлж байлаа. Дэлхийг тоос бүрхэн нарны илчийг мянган жил хаан харанхуй ертөнц болоход амьдрал тэр чигээрээ үгүй болох шахсан гэдэг. Дэлхий дээр байгаа хүн тус бүрийн тоогоор Хирошимад хаясан шиг цөмийн бөмбөг дэлбэлсэн ч цаана нь ахиад нэг тэрбум бөмбөг дутах байлаа гэсэн тооцоо хийсэн байдаг. Дээр нь маш их хүхэртэй нуурыг хамгийн эвгүй өнцгөөр мөргөсөн нь Бурханы зориудын хорлол уу?

Гэвч зүйлийн хувьд дөнгөж бий болж байсан өвөг хөхтөн амьтад нүхэнд амьдардаг байсан учир тэд амьд үлдсэн. Жижиг биетэй, үслэг арьстай, халуун цустай, хоол хүнсний уян хатан хэрэглээтэй анхны хөхтөн ердөө хулганын хэртэй бяцхан байжээ. Шинэ нөхцөлд орсон манай гаригийн орчинд тэд амьд үлдсэн төдийгүй байгалийн цаашдын хувьслын урт замд улам дасан зохицсоор 65 сая жил өнгөрөхөд тэдний удмын төлөөлөгч саран дээр алхаж явлаа. 

Хөгжлийн их дээд эрэмбэд хүрч цэцэглэж байсан үлэг гүрвэл хэрэв дээрх солирын мөргөлтөөс болж устаж үгүй болоогүй бол нүхний жижигхэн оготнын цаашдын хувьсал үргэлжилж чадах байсан уу? Нисдэг гүрвэлүүд амьд үлдсэн төдийгүй хувьслын явцад өнөөгийн шувуу болон хувирснаар барахгүй, 40 сая жилийн өмнө дэлхийг эзэгнэж байсан. Харин эрдэмтдийн тооцоолсноор динозаврын эрин цааш үргэлжилсэн бол хөхтөнд боломж тун бага байх байжээ. Нэг үгээр бид өнөөдөр огт байхгүй байх байж. Бурхан хувьслын замыг өөр чиг рүү хандуулах гэж зориуд нааш нь хорлонтой солир илгээв үү? Эсвэл хөхтөн, түүний дотор хүн төрөлхтөн, тэрний төлөөлөл болсон чи ердөө л азаар оршин байгаа юм биш үү?!

Үнэхээр аз юм бол өөр жишээ авъя. Байгаль амьд организмаас олон юм нэхдэггүй, ганц шаарддаг юм нь үржил. Үржлийн үед нь их дэмжинэ, цаг нь болоод үржих чадваргүй болуут нь амьдралаас хөөдөг. Бүх организмын үржил цаг улирлаас хамаарсан өөрийн “ороогоор” зохицуулагддаг. Харин хөхтөн дунд шампанзэ, далайн гахай, хүн гурвыг ороогоор биш дуртай цагтаа үржих эрх өгсөн байдаг. Аз уу, эсвэл Бурханы бэлэг үү? 

Эр, эм учрахуй дор эм талаас ердөө ганцхан ширхэг асар том өндгөн эс хүлээж байдаг. Гэхдээ өндгөн эс ганц сарын настай, бий болох, өсөж бие гүйцэх, үр тогтоогүй бол хуучирч муудан үрэгдэх шат дамжлага туулах ба, үр тогтох үе нь ердөө хэдхэн хоног. Дундаж эмэгтэй хүн бүх насаараа 300 орчим өндгөн эс "төрүүлдэг". Гэтэл эрийн талаас нэг удаагийн үйлдлийн дүнд 6-8 сая бие гүйцсэн эс илгээх чадвартай. Энэ олон сая эс бүгд тус болгондоо генийн хувьд ялгаатай “ирээдүйн бие даасан хүн”. Ойролцоогоор хагас нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй. Бүх эс хүн болж чаддаг юм гэхэд хүйс төдийгүй, бие бялдар, ухаан санаа, зан аашны хувьд ч ялгаатай. Гэвч хүлээж буй өндгөн эс дээр очин үр тогтоох аз завшаан ердөө ганцад нь л бий. Ингэхээр олон сая эсийн хооронд маш хүчтэй өрсөлдөөн үүсэх нь мэдээж.

Эр эс болгоны дотроо агуулж буй эрчим хүч ч янз бүр. Илүү эрчим хүч агуулсан бол илүү хурдан шаламгай. Харин эдгээр хэт шаламгайнууд азгүй, учир нь өндгөн эс гадуураа хальстай, шаламгайнуудад тэр хальсыг цоолж хаалга нээх үүрэг л бий. Бүх эрчмээ тэнд зарцуулаад үхнэ.Эрчим хүч муутай сүрэг эр эс ч азгүй, учир нь тэд бүх хэрэг нэгэнт болоод өнгөрсний дараа зорилтод цэгт хүрнэ. Ингэхээр дундуур яваа хэдэн сая эсийн хооронд жинхэнэ өрсөлдөөн болно. Хэн нь онгорхой хаалгаар түрүүлж нэвтрээд байгаа зөв онохыг тооцоолох бололцоогүй. Атга шар будаа цацахад ердөө ганцхан нь зүүний үзүүр дээр тогтоно гэж энийг л зүйрлүүлсэн юм болов уу!

Аугаа сартваахь Эйнштейн квант онолыг зөвшөөрдөггүй байж. "Бурхан шоо хаяж тоглодоггүй" гэсэн түүний алдартай үг квантынханд хандсан тохуурхал. Гэвч Бурхан хааяа шоо хаяж тоглодог юм биш үү! Дэлхийд амьдрал бүрэн сүйрч алга болохын даваан дээр хөөрхий нүхэнд хоргодож үлдсэн бяцхан оготныг пуужингаар нисгэж саран дээр аваачин “Энэ бол хүний хувьд өчүүхэн ганц алхам, харин хүн төрөлхтний хувьд аугаа үсрэлт” гэж хэлүүлсэн байна шүү дээ. Атга шар будаанаас зүүний үзүүр дээр тогтсон цор ганц нь чи! Чиний орноос царайлаг гоо охин, суут ухаантан нэгэн, эсвэл хромосомын юм уу гений өөрчлөлттэй өрөвдөм хөөрхий нэгэн төрж болох л байсан. Бурханы хаясан шоо л чам дээр туссан болохоос тэдэнд ч аз нь таарсан бол өөр нэг хүн мэндлэх байлаа. Чи бол бараг бололцоогүй мянган хувилбараас аз нь шовойж хүн болсон нэгэн.

За ингээд чи хүн болоод төрчихлөө! Манай гариг дээр амьдрал бий болсноос хойшх 3.8 тэрбум жилийн хугацаанд бактериас чамайг хүртэлх цагт чиний дээд өвгийн хаана нь ч удам тасраагүй нь бас чиний аз. Ийм урт хугацаанд хаа нэгэнтээ дээд өвгийн чинь удам нэг газар тасарсан бол чи өнөөдөр энд байхгүй байх байлаа. Үүнд Бурханы оролцоо байсан эсэхийг бүү мэд, дан азан дундуур гүйсэн ч юм бил үү? Одоо нэгэнт хүн болсон чи цаашид Бурханы шоонд найдаад хэрэггүй. Нэгэнт оюунт хүн болсон чиний хувьд Амьдрал үүссэн 3.8 тэрбум, Хөхтөн бий болсон 70 сая, Хомо сапиэнс бий болсон 100 мянган жилтэй харьцуулахад ердөө 70-80 жилийн тун богино хугацаа чамд өгсөн. Энэ хугацаанд Бурхан чамд зориулж шоо хаяхгүй. Тэр завгүй. Энэ амьдралыг яаж өнгөрөөх нь чиний өөрийн чинь сонголт. Өмнө чинь чамд өөрөө сонголт хийх үй түмэн гарц байна. Сонголт алхам тутамд чинь бий. Амьдарлаа там болгосон ч чиний л сонголт. Амьдралаа баяр баясгалан болгосон ч чиний л мэргэн ухаанаас хамаарна. 

Б.Баабар 2024.11.11

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2 цаг 32 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 4 цаг 22 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 4 цаг 34 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 4 цаг 39 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 5 цаг 56 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 6 цаг 4 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 6 цаг 25 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 7 цаг 16 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 7 цаг 20 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 7 цаг 30 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 7 цаг 39 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 7 цаг 53 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 8 цаг 1 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top