Судалгаагаар өсвөр үеийнхний дунд эрүүл мэндийн дараах асуудлууд тулгарч байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлжээ. Тодруулбал, судалгаанд оролцсон хүүхдүүдийн,
- 41,8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг
- 39,7 хувь нь гар угаах дадалд суралцаагүй
- 38,5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй
- 26 хувь нь шүдээ угаадаггүй буюу заримдаа л угаадаг гэжээ.
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 77,8 хувь нь шүдний цооролтой байсан нь манай улс хүүхдийнхээ эрүүл мэндэд яаралтай анхаарал хандуулж, тэднийг мэдлэгжүүлж, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулсан.
Тиймээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын хэмжээнд анх удаа сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр Боловсролын яамтай хамтран зургаан настнууд буюу ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж эхлээд байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Боловсролын сайд П.Наранбаяр нар өчигдөр нийслэлийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд ажиллаж, үзлэгийн явцтай танилцлаа.
Энэ удаагийн эрт илрүүлгийн нэг онцлог нь илрүүлээд орхих бус оношлоод, эмчлээд, хяналтадаа авах. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийг эрүүл болтол нь хяналт тавихаас гадна эрүүл мэндийн боловсрол олгосноор ирээдүйд Эрүүл монгол иргэн болох суурь нь тавигдах юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ, “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох ажлын эхлэл зургаан настнуудын үзлэгээр тавигдаж байна. Цаашид 10 настайд нь амьсгалын эрхтэн тогтолцоо, 8 дугаар ангид нь мэдрэлийн эрхтэн тогтолцоо, 12 ангид нь шээс бэлгийн замын эртхэн тогтолцооны гэх мэт үе шаттайгаар үргэлжилнэ. Бид тандалт хийх зорилгоор 2 аймаг, 1 дүүрэгт үзлэг хийсэн. Үүнээс нийт хамрагдсан хүүхдүүдийн 11 хувь нь зүрхний өөрчлөлттэй, 21 хувь нь харааны өөрчлөлтэй, 80 хувь шүдний өвчлөлттэй байхаар байна гэсэн тооцооллыг гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн 23 хувь нь нүдний өөрчлөлттэй, 83 хувь нь шүдний өвчлөлтэй гарч байгаа нь хүүхдийн эрүүл мэнд ямар түвшинд байгааг харуулж байна” хэмээн онцлов.
Мөн Сайд П.Наранбаяр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд Боловсролын яамтай хамтран улс орон даяар ЕБС-д суурилсан эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулахаар санаачилсанд талархал илэрхийлээд “Энэ бол хүн амаа эрүүл болгох, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, багш сурагчдад эрүүл аж төрөх ёсыг нэвтрүүлэх гэсэн оролдлого. Сайдын хувьд эцэг эхчүүдэд үүргээ сайн гүйцэтгээрэй, хүүхдүүдээ эрүүл болгох арга хэмжээг нь аваарай гэж уриалмаар байна. Эрүүл боловсролтой иргэн бол Монгол Улсын баялаг” гэлээ.
Зүрхний үзлэгт 2067 сурагч хамрагдсанаас 0.34 хувь нь өөрчлөлттэй, нүдний үзлэгт 5061 сурагч хамрагдсанаас 22.5 хувь нь өөрчлөлттэй, шүдний үзлэгт 815 сурагч хамрагдсанаас 83 хувь нь өвчлөлтэй гараад байна.
Тухайлбал, нүдний үзлэгээр нийт оношлогдсон хүүхдүүдийн дийлэнх нь буюу 88 хувь нь харааны өөрчлөлттэй байснаа огт мэдээгүй байжээ. Тэдгээр хүүхдийн 67 хувь нь холын хараа, 39 хувь нь ойрын хараа, 47 хувь нь стерео харааны өөрчлөлттэй байсан нь эрт илрүүлгийн үзлэгээр тогтоогдсон байна. Энэ нь ирээдүйд олон мянган иргэний нүдний эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн эмч нар нь ярьж байлаа.
Энэ жилийн хувьд эрт илрүүлэгт зөвхөн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн 39 мянган сурагч хамрагдах бол хөдөө орон нутгийн сурагчдыг ирэх жилийн 4 дүгээр сараас хамруулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Эрүүл мэндийн яам