x

Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын хувьд ч бидний хамгийн ойрын гуравдагч хөрш

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ажилтан Ц.Баатартай Монгол, Казахстан улсын харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

-Монгол-Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жил өнгөрсөн байна. Хоёр орны харилцааны өрнөл, хөгжлийн жилүүдээс ямар чухал цаг үеийг та онцлох вэ?

-Тийм ээ, 1991 онд ЗХУ задарч БНКазУ тусгаар тогтносны дараа Монгол Улс  Казахстан улсыг хүлээн зөвшөөрч 1992 оны 1-р сарын 22-нд анх дипломат харилцаа тогтоожээ. Энэхүү харилцаанд чухал ач холбогдол өгч, мөн ондоо Элчин сайдын яамаа  Алматы хотноо нээсэн. Сүүлд 2010 онд шинэ нийслэл Астана хот руу нүүж, тэндээ үйл ажиллагаагаа явуулж байна. Харин Казахстан улсын хувьд Дипломат төлөөлөгчийн газраа манай улсад 1997 онд, ЭСЯ-аа Улаанбаатар хотноо 2007 онд нээсэн байдаг.

Хоёр улс хил залгадаггүй ч Монгол Улсын хамгийн баруун цэгээс Казахстаны зүүн цэгийн хооронд 40 км орчим байгаа нь газар зүйн байршлын хувьд ч, түүхэн уламжлалын талаас ч гэсэн бидэнтэй хамгийн ойрын гуравдагч хөрш гэдгийг юуны өмнө тодотгон хэлэх нь зүйтэй байх.

Хоёр орны харилцаанд өнгөрсөн хугацаанд улс төрийн болон хууль тогтоох байгууллагуудын хоорондох харилцаа, хамтын ажиллагаа өрнөн хөгжсөн он жилүүд байлаа гэж онцлон дүгнэж болно.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабанди 1998 онд, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 онд,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд Казахстан Улсад  айлчилсан. БНКазУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Монгол Улсад 1993, 1999, 2008  онуудад албан ёсоор айлчилжээ. Түүнчлэн 2002 оны 8-р сард БНКазУ-ын Парламентын Мажилисийн даргын орлогч Монгол улсад, 2003 оны 12 дугаар сард Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй парламентын төлөөлөгчид Казахстан улсад айлчилсан байдаг.

Хоёр орны төрийн болон хууль тогтоох байгууллагуудын дээд хэмжээний айлчлалууд ийнхүү тогтвортой урагшлан хөгжихийн хэрээр Засгийн газар, яам хоорондын харилцаа хамтын ажиллагаа өрнөн хөгжиж ирсэн гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй. Тухайлбал, 2021 оны 10 дугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстан Улсад албан ёсоор айлчилсан. Энэхүү айлчлал нь 1992 онд манай улс Казахстан улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Монголын талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжүүлсэн анхны албан ёсны айлчлал болсноороо онцлог байлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны яам, Казахстаны Гадаад хэргийн яамны 2021-2024 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Казахстаны Худалдаа, интеграцчиллын яам хоорондын санамж бичгийг байгуулсан. Эдгээрээс гадна манай улсын “Хүннү Эйр”, Казахстаны “СКАТ” компани хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан нь хоёр орны хоорондын агаарын тээврийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Мөн дээрх айлчлалын үеэр хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Монгол Улсаас Казахстан Улсад болон эл бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг бодитойгоор нэмэх, ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг нутагшуулах, судлах, мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, далайд гарцгүй орнуудын хувьд Ази, Европ хоёр тивийг холбосон газар зүйн байршлыг ашиглан дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг хүртэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан байдаг.

Дээр дурдсан дээд хэмжээний олон удаагийн  харилцан айлчлалын үр дүнд хоёр улсын  харилцаа, хамтын ажиллагааны хууль эрх зүйн орчныг зохицуулах 50 орчим Гэрээ, Хэлэлцээр байгуулжээ. Эдгээрээс эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр 1992 онд  Монгол Улс, БНКазУ-ын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон төлбөрийн тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр, Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрүүдийг энд онцлон дурдаж болох юм.

-Манай хоёр орны дипломат харилцааны ижил төстэй онцлог тал нь юу байдаг вэ?

-Манай хоёр орны дипломат харилцаа нь улс орнууд хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх, энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах үндсэн зорилгын хүрээнд ижил төстэй. Хоёр улс хоёулаа 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенцын дагуу дэлхийн бараг бүх оронтой дипломат харилцаатай. Хоёр улс гадаад бодлогын хувьд ч энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулж буй нь ч ижил төстэй гэж хэлж болох юм. Казахстаны хувьд явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь манайхаас асар өргөн  цар хүрээтэй, онцлогтой. Манайх  шиг эн тэргүүнд хоёр их хөрш, гуравдагч хөршийн харилцааны тэнцвэрийг баримтлах бодлогоос илүү өргөн цар хүрээнд бодлогоо тодорхойлдог.

Бүгд Найрамдах Казахстан Улсын гадаад бодлого нь олон талт чиглэлтэй, энх тайванч, тэнцвэртэй, прагматизмаар тодорхойлогддог. Сүүлийн 30 жилийн турш тууштай баримталж, амжилттай хэрэгжүүлж, хоёр том хөрш болох Орос, Хятад, түүнчлэн АНУ, барууны болон Исламын ертөнцтэй сайн харилцаатай байхыг эрхэмлэж ирсэн. Ялангуяа Москва, Бээжин, Вашингтонтой харилцахдаа тэнцвэртэй бодлого баримталж, бүс нутаг, дэлхийн үйл явдалд идэвхтэй төвийг сахисан гадаад бодлогын стратегийг баримталдаг. Энэхүү тэнцвэртэй бодлого нь бүс нутаг, олон улсын тавцанд геополитикийн байр суурийг нь бэхжүүлж байна. Энэ хүрээнд гадаад бодлогын анхаарлын төвд байгаа асуудлуудыг авч үзвэл дэлхийн улс төрд ч хүчээ авах тал дээр дорвитой ахиц дэвшил гаргасныг тэмдэглэх нь зүйтэй. Түүнчлэн Казахстан ЕАБХАБ-ыг даргалсан Төв Азийн анхны орон болж байгаа нь анхаарал татаж байна. 

Тус улс нь НҮБ (НҮБ), Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН), Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ), Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ), Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), Ази дахь хамтын ажиллагаа, итгэлцлийн арга хэмжээний Астанагийн бага хурал, Исламын хамтын ажиллагааны байгууллага (ОАБХ) зэрэг олон байгууллага зэрэг олон улсын чухал тавцанд нэгдэн оролцож байгаа нь геостратегийн байр суурийг нь улам бэхжүүлж байна.

Казахстаны дээрх прагматик олон талт бодлого нь Казахстанд дэлхийн хамтын нийгэмлэгт нэгдэх, үндэсний ашиг сонирхлоо аль болох үр дүнтэй сурталчлах, дотоод хөгжлийн асуудлаа, тэр дундаа эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой гадаад нэн  таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжийг олгодог байна.

-Хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд аль салбарын хамтын ажиллагаа сулавтар байна гэж та үзэж байна вэ?

-Өнгөрсөн 30 гаруй жилд бид энэ улстай  худалдаа эдийн засгийн салбарт хамтран ажиллах өргөн боломж бололцоог ер ашиглаж чадсангүй. Энэ боломжийг харсан ч хараагүй юм шиг тоомжиргүй явсаар өнгөрөөчихөв үү дээ гэж боддог. Наад зах нь шатахууны хараат байдлаас бага ч болов гарах боломж байсан. Баруун бүсийн босоо тэнхлэгийн ачаа, зорчигч тээврийн хурдны замын өгөөжийг нэмэгдүүлэх, Цагаан нуур чөлөөт бүсийг хөгжүүлэх, баруун бүс ялангуяа Баян-Өлгий аймгийн онцлогийг харгалзан аялал жуулчлал хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татах, хамтарсан жижиг дунд үйлдвэр байгуулах зэрэг асар их нөөц боломжийг бид ашиглахгүй явж ирлээ. Дээр өгүүлсэн бүхэн хоёр талын уулзалт яриа хэлэлцээний түвшинд яригдсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл гарт баригдаж нүдэнд үзэгдэх юм алга л байна. Манайх энэ тал дээр нэг л хүчин чармайлт тавихгүй байна уу даа гэж боддог. Хоёр улсын иргэдийн хооронд итгэлцэл, хамтын ажиллагааг өрнүүлэх хөрс суурь, олон сайхан боломж нөхцөл бүрдсэнийг бид харилцан ашигтай ашиглах л ёстой болов уу.

-Казахстан улсын Ерөнхийлөгч манай улсад айлчлах гэж байна. Энэ айлчлалын үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ. Улс төр болон бусад салбарт ямар ач холбогдолтой айлчлал болох бол, та юу гэж үзэж байна вэ?

-Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг өргөн хүрээний түншлэлээс ахиулж, өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэнэ байх гэж бодож байна. Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев өмнө нь Монголд хоёр удаа ирж байсан. Тодруулбал, 2006 онд Гадаад хэргийн сайдын хувьд, мөн 2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн хувьд "Шинэ ардчилал" олон улсын хуралд оролцох зорилгоор Монгол Улсад хоёр удаа айлчилж байсан тул энэ удаа манай орны талаар өргөн мэдлэг мэдээлэлтэй Төрийн тэргүүний хэмжээнд айлчлах нь байна. 

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын энэ удаагийн айлчлалаар талууд ямар хэлэлцээ хийх вэ, ямар асуудлаар санал солилцож ажил хэрэг болгох түвшинд ойлголцох вэ гэдэг нь анхаарал татаж байна. Казахстаны хэвлэлүүдэд бичсэнээр, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг эрэлхийлэхийн тулд Засгийн газар хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх тэр дундаа өнөөдрийн байдлаар манай улс Казахстанаас 100 сая ам.долларын  хэмжээнд эргэлдэж байгаа газрын тосны  бүтээгдэхүүн экспортлох хэмжээг 500 сая ам.долларт хүргэх; Монгол-Казахстаны бизнесийн зөвлөл байгуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх замын зураглалыг батлах, Казахстан, Монголын хооронд агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцон харилцан тохирох магадлалтай байна. Түүнчлэн хамгийн анхаарал татаж буй хоёр улсын хооронд хурдны зам тавих асуудлаар мөн санал солилцох байх гэж бодож байна.

Монгол, Казахстан улс нь  нийтлэг үнэт зүйл, түүхэн язгуур үндэст суурилсан олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой гэдэгт талууд санал нэгддэг. Далайд гарцгүй, газрын баялагтай гэх мэт нийтлэг ижил талууд бидэнд бий.

Казахстанууд биднийг Ази дахь хамгийн чухал түншүүдийг нэг гэж үздэг. Соёл, түүхийн нийтлэг үнэт зүйл уламжлалаар холбогддог энэ харилцааг одоо өргөтгөн хөгжүүлж цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэр, дамжин өнгөрөх боломжийг өсгөх зэрэгт хоёр тал санал нэгтэй байгаа юм.

Энэхүү төрийн дээд хэмжээний айлчлалаар олон жил хуримтлагдсан чухал асуудлууд шийдлээ олж, худалдаа эдийн засгийн салбар болоод бусад олон талт хамтын ажиллагааг хамтран урагшлуулах тухай тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Дахин хэлэхэд, Казахстан улс нь газар зүйн байршлын хувьд ч, түүхэн уламжлалын талаас ч гэсэн бидэнтэй хамгийн ойрын гуравдагч хөрш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Цаашид Казахстан улс нь улс төр, эдийн засгийн хувьд ч гэсэн манай улсын чухал гуравдагч хөрш байх болно гэдэгт итгэлтэй байна. 

Тодруулга:

Төв Ази, Зүүн Европт байрладаг Казахстан улс 2024 оны 10 дугаар сарын байдлаар 20,592,571 хүн амтай (дэлхийн хамгийн бага нягтралтай орны нэг). Хүн амын  70% ислам шашинтан (түрэг, дунган ард). Суннит дэгийг үндсэндээ барьдаг. 26% христосын шашинтан (орос, украйн), 3% шашингүй. 1990 оноос хойш шашин чөлөөтэй болж, сүм хийдийн тоо 4170 болж нэмэгджээ.

Казах хэл, орос хоёр хэл албанд хэрэглэгдэнэ. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 2.724,9 ам км бөгөөд үүгээрээ  дэлхийд 9-р байрт ордог. Нутаг дэвсгэр нь Евразийн төвд Каспийн тэнгис, Доод Волга, Урал, Сибирь, Хятад, Төв Азийн хооронд байрладаг. Хойд болон баруун талаараа Орос (7591 км, дэлхийн хамгийн урт үргэлжилсэн хуурай газрын хил), зүүн талаараа Хятад (1783 км), өмнөд талаараа Киргизстан (1242 км), Узбекистан (2351 км), Туркменистантай (426 км) хиллэдэг.  Дэлхийн далайд гарах гарцгүй хамгийн том газар нутагтай орон. Түүний дараа Монгол Улс ордог.

Казахстан ЗХУ-ын дараа тохиолдсон эдийн засгийн томоохон хямралыг амжилттай даван туулж, 30 жилийн хугацаанд улсынхаа эдийн засгийг 17 дахин өсгөж чадсан. Казахстан улс тусгаар тогтнолоо олж авсны дараа дотоодын нийт бүтээгдэхүүн 11,4 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 194 тэрбум ам.долларт хүрчээ. Судлаачдын тооцооллоос үзэхэд, ДНБ-ий хэмжээ нь 2 жилийн дараа буюу 2026 онд 258 тэрбум ам.доллароор хэмжигдэх аж.

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (66.181.160.97)
    kazakstanaas bid surah yum mash ih baina. yaj ingej usrengui hogjih ve 4saya oros nutag deerin amidardag yaj tednii uchriig oldog yum bol delhiin buh orond amidardag kazakuudiig urij hun amaa osgoson. yaj oros hitad 2toi muudaltsahgui tednii noloonoos garch baigaa geh met ted tun udahgui hogjlooroo 40 d oroh baih bid 100d hezee oroh ve. bidnii aldaa bol aidas huides shunal setehui sotsooroo baina. uuneesee angijrahgui bol hogjihgui yum baina
    2024 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.57.94.161)
    Үгүй гэж бодож байна. Хөгшин коммунист одоо цагаа ойлгохгүй будилж|мангартаж| байна гэж бодож байна. Казахстан Лалын шашины улс. Монголын найз, хөрш алин ч биш.
    2024 оны 10 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 3 цаг 42 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 5 цаг 31 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 5 цаг 43 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 5 цаг 48 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 7 цаг 5 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 7 цаг 13 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 7 цаг 34 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 8 цаг 25 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 8 цаг 29 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 8 цаг 39 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 8 цаг 48 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 9 цаг 2 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 9 цаг 10 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top