МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. Уг ярилцлагаараа "Танхимын тэргүүнийг улс төр дагуулж хүчээр сольж байгаа нь буруу" гэсэн байна.
Сануулахад энэ жил МҮХАҮТ-ын тэргүүнээр сонгогдсон Д.Энхтүвшин МАН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Энэ шалтгаанаар танхимын шинэ тэргүүнийг сонгох сонгууль ирэх сард болох гэж байгаа.
Мөн түүнчлэн Монгол Улсын эдийн засагт хувийн хэвшлийн эзлэх байр суурь, төрийн оролцооны талаар дараах дүгнэлтийг өгчээ.
Т.Дүүрэн:
-"Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт хувийн хэвшлийн оруулдаг хувь нэмэр буурсан. Дэлхий даяараа өсөх хандлагатай байхад эсрэгээрээ манайд буурсан. Төрийн оруулж байгаа хувь нэмэр өссөн гэсэн үг.
Манайх 34 жилийн өмнө төрийн оролцоо хэт ихсэхээрээ улс, эдийн засаг дампуурдаг юм байна гэж ойлгоод зах зээлийн эдийн засагт шилжсэн. Гэтэл буцаад төр томроод бүх орон зайг эзлээд эхлэхээр хүссэн хүсээгүй төрөөс хамааралтай эдийн засаг руу орж байна. Үүнийгээ эртхэн засаж авахгүй бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа шилжчих гээд байна. Үндсэндээ нэг голын усандаа хоёр орох гээд байгаа юм. Үүнийг засахын тулд хувийн хэвшлийнхээ харилцааг зохицуулж байгаа гол хууль болох танхимын тухай хуулиа шинэчлэх ёстой. Ингэхийн тулд танхимын төлөөлөл байх ёстой гэж үзсэн юм.
Харин хуулиа батлуулчихвал танхимын ерөнхийлөгч цоо шинэ аргаар сонгогдоно. Даанч улс төр дагуулж хүчээр сольж байгаа нь буруу гэсэн байр сууриа би цахим орчноор дамжуулан илэрхийлсэн. Улс төр тогтворгүй байж болно.
Харин тогтвортой ажиллаж ирсэн байгууллагыг улс төрөөр дамжуулан самарч байгаа нь түүхэндээ анх удаагийн зүйл болж байна. Энэ хямралд бид 1-2 жилийг алдах гээд байна. Төр нь эрчимтэй төлөвшиж явж байхад бид угаасаа мөнгөгүй, хоцорч явж байж ийм хэмжээний хугацаа алдана гэдэг маш буруу. Биднийг алдаагаа засчихаад гараад иртэл төр чинь тасраад явчихна. Энэ чинь эцсийн дүндээ коммунизмын төвлөрсөн төлөвлөгөөт суурь руугаа очих гээд байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр хортой зүйл" гэсэн байна.