МУБИС-ийн Багшийн сургуулийн МХНУ-ны тэнхимийн багш, доктор Д.Ганболдтой багш мэргэжлийн талаар ярилцлаа.
-Та боловсролын салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ. Анх багш болсон үеэ дурсан ярьж болох уу?
-Би 1990 онд МУБИС-ийн Багшийн сургуулийг төгссөн. Тэр цагаас эхлээд боловсролын салбарт 34 жил ажиллаж байна. Ингэхдээ боловсролын бүх шатны байгууллагуудад ажилласан. Сургуулиа төгсчихөөд хөдөө орон нутагт бага ангийн багшаар очсон. 1990 онд төрийн бичгийг монгол бичиг болгох нь зүйтэй юм байна гэж үзээд сурагчдад 1 дүгээр ангиас нь эхлээд монгол бичиг заах шийдвэр гарсан. Монгол бичиг заах шийдвэр гэнэт гарсан учраас багш нар бэлтгэгдээгүй байсан. Тухайн үед Багшийн сургуулийн оюутнуудаас шалгалт аваад хамгийн өндөр оноотой 30 оюутныг нэг бүлэг болгоод нэг жил түргэвчилсэн байдлаар монгол бичгийн багш бэлдсэн. Тэдний нэг нь би байсан. Ингээд дөнгөж сургуулиа төгссөн оюутан монгол бичгийн хичээл заах арга зүйн туршлагыг түгээн зуны гурван сар ахмад багш нарт хичээл заасан. Тэгээд 9 дүгээр сарын 1-нээс эхлэн сурагчдад хичээл заахад хүүхдүүд монгол бичгийг маш их сонирхож байсан. Залуу хүний хувьд ахмад багш нарт эхлээд хичээл заасан гэдэг маань нэр төрийн хэрэг байсан.
-Багш мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу байв?
-Би суманд сурдаг байсан. 1986 оны үед 8 дугаар анги төгссөн хүүхдүүдийг Тусгай мэргэжлийн сургуулиудад оноогоор нь жагсааж оруулдаг байсан.
Өндөр оноотой хүүхдүүд энэ сургуулийг сонгох эрхтэй байдаг. Намайг ороход Багшийн сургууль, Анагаахын сургууль, Барилгын техникум зэрэг сургуулиуд байсан. Багш маань чиний сурлага энэ сургуулиудад тэнцэж байна, алийг нь сонгох вэ гэж асууж байж билээ. Энэ сургуулиудаас Багшийн сургууль нь л Улаанбаатар хотод байсан. Ингээд би ямар ч байсан багш болъё гэж бодоод Бадрангуй алдарт Багшийн сургуулийг сонгосон. Энэ нь оносон. Багшийн сургууль бол 104 жилийн түүхтэй суутнуудыг төрүүлдэг эрдмийн өргөө юм. 10 жил бага боловсролын салбарт багш, хичээлийн эрхлэгч хийж байгаад дараа нь МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг төгссөн. Энэ нь бас өөрийгөө нээх, хөгжүүлэх боломжийг надад өгсөн.
-Таныхаар багш мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ. Таны сэтгэлд тод үлдсэн нандин дурсамж бий юу?
-Би бага ангийн багшаар 10, дунд ангийн багшаар мөн 10 жил ажилласан. Энэ хугацаанд олон шавьтай болсон байна. Шавь нар маань одоо нийгмийн бүх салбарт ажиллаж байна. Үүнийг нь хараад шавь нараараа маш их бахархдаг. Сүүлийн жилүүдэд би багш бэлтгэх сургуульд ажиллаж байна. Анхны шавь нар маань одоо багш болчихсон байгаа. Багш хүний хамгийн гол бахархал бол шавь нарынх нь амжилт байдаг. Хаана ч явсан багш аа гэж дуудуулж явах сайхан. Багш хүний үндсэн үүргүүдийн нэг нь нийгмийг соён гэгээрүүлэх явдал. Тиймээс сайн сайхан нийгмийг бүтээхийн төлөө ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байдаг.
-Та шавь нараа тоолж үзэж байв уу. Ер нь ойролцоогоор хэд орчим шавьтай вэ?
-Тийм ээ. Одоогоос 3 жилийн өмнө бага, дунд, их сургуулийн 4500 орчим шавьтай юм байна гэсэн тооцоо гаргаж байсан. ЕБС-ийн багшаар ажиллахдаа 3000 гаруй хүүхдэд Монгол хэл, уран зохиолын хичээл заасан. Багш бэлтгэх сургуульд ирээд 3000 гаруй оюутанд хичээл заасан байна. Ингээд барагцаагаар 6030-аад шавьтай болсон байна, гэхдээ нарийн тоолж үзээгүй.
-Багш хүнд байх ёстой хамгийн эрхэм чанарын тухайд та юу гэж боддог вэ?
-Нэгдүгээрт, онолын өндөр мэдлэгтэй. Хоёрдугаарт, арга зүйтэй. Гуравдугаарт, ёс зүйтэй байх. Багш хүнд хоёр далавч бий. Яг л шувуу шиг. Хэрвээ зөвхөн онолын мэдлэгтэй, эсвэл арга зүйтэй бол нэг л далавчтай шувуу гэсэн үг. Ийм шувуу нисэж чадна гэж үү. Тиймээс онол болон арга зүйн өндөр мэдлэгтэй байвал маш сайн багш болж чадна. Мөн үндэсний хэл соёлынхоо талаар өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Багш хүн соёлын өвийг тээгч байдаг учраас сурагчдадаа үргэлж түүх соёлоо сурталчилж байх шаардлагатай. Багш бүхэн шавь нарынхаа дунд амьдардаг, бүхий л үйл тэдний нүдний өмнө нээлттэй учраас сурагчид багшаасаа үлгэр дуурайл авч байдаг. Тиймээс багшид харилцааны болон ёс зүйн зөрчил гаргах эрхгүй. Багш хүн шавьдаа зайлшгүй байх ёстой мэдлэг, чадвар, хандлагыг цаг тухайд нь өгөх үүрэгтэй. Багшийн ажлаасаа гадна ажиллаж байгаа орон нутгийнхаа ард иргэдийг соён гэгээрүүлэх талаар төрөл бүрийн ажлууд зохион байгуулж болно шүү дээ. Би сургуульдаа номын клуб ажиллуулдаг. Учир нь оюутнууд ном уншсанаараа ихийг сурах хүсэл тэмүүлэлтэй болдог. Би өөрөө ч сэтгэл ханамжтай, шавь нар маань ч сэтгэл ханамжтай байвал сайхан шүү дээ.
-Танай сургуулийн оюутнуудын хүйсийн харьцаа ямар байдаг вэ. Ихэвчлэн эмэгтэй оюутнууд байна л даа.
-МУБИС-ийн хувьд авч үзвэл нийт оюутнуудын 27-30-аад хувь нь эрэгтэй. Харин бага ангийн багш мэргэжлээр сурч буй нийт оюутнуудын 6-7 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Энэ нь нэг талаар бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын ихэнх нь эмэгтэй багш байдагтай холбоотой байж магадгүй. Харин сүүлийн үед эрэгтэй оюутнуудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа.
-Бага боловсролын багш мэргэжлээр төгсөж буй оюутнуудын хэдэн хувь нь цаашид мэргэжлээрээ ажиллаж байгаа вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?
-Сургуулийн хөтөлбөрийн албанаас “Мөшгих судалгаа”-г жил бүр хийдэг. Судалгааны дүнгээс харахад нийт төгсөгчдийн 90-ээс дээш хувь нь мэргэжлээрээ ажилладаг. Арваад хувь нь мэргэжил дээшлүүлэх болон бусад салбарт ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд манай улс багшийн хомсдолд орчихоод байна. Тийм учраас оюутнууд сурах явцдаа дадлагажигч багшаар ажиллаж байна. Төгсөгчдөд маань ажлын байрны хүртээмж маш сайн.
-Багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмж одоогоос хэдэн жилийн өмнөхийг бодоход багасчихав уу даа гэж хардаг. Та энэ талаар ямар байр суурьтай байна. Эсвэл хот хөдөөгөөрөө ялгаатай байна уу. Суманд багшийн мэргэжил нэр хүндтэй ажил хэвээрээ байгаа шүү дээ?
-Монголчууд багшийг үеийн үед хүндэлсээр ирсэн. Би багшийн нэр хүнд унаагүй гэж бодож байна. Яагаад гэвэл сошиал орчинд байгаа зүйл олон хүнийг хамарч чадахгүй байгаа. Би оюутнуудаа дагуулаад дадлагын сургуулиудаар явж байхад нийт эцэг эхчүүд багшид маш их дэмжлэг үзүүлдэг, багшийг хүндэлдэг гэдэг нь ажиглагддаг. Энэ олон мянган багш нар дунд алдаа гаргаж байгаа хүмүүс байж магадгүй. Үүнийг нь олон нийт бүх багш нар ёс зүйгүй болчихсон юм шиг хараад байна. Харин багш мэргэжлийг сонгож байгаа хүүхдийн тоо багассан. Энэ нь олон төрлийн шинэ мэргэжил гарч ирсэнтэй холбоотой байж магадгүй. Залуучууд багшийн мэргэжлийг одоохондоо сон-гохгүй байгаа ч ирээдүйд сонгоно гэдэгт итгэлтэй байна. Дэлхий дээр багшийн мэргэжил мөнхийн мөнхөд байх ёстой. Хүн багшаар л хичээл заалгаж, амьд харилцаа тогтоож байж сурдаг. Багш нар хичээл заахдаа техник технологийг 30 хувь л ашиглаж болно. 70 хувь нь багшийн оролцоо байдаг. Тиймээс багш мэргэжил аль ч цаг үед байх ёстой. Байх ч болно. Хүн төрөлхтөн хуримтлуулсан туршлагаа дараа үедээ өвлүүлэхэд багш хүн л хэрэгтэй.
-Багш нарт олон асуудал тулгамдаж байгаа нь мэдээж. Танай салбарын гол асуудлыг та юу гэж харж байна?
-Хүн амын өсөлттэй холбоотойгоор сургуулиудын барилга байгууламж, орчны асуудлыг яаралтай шийдэж чадаагүйгээс болж хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна, багшийн ачаалал их байна. Багш нь байгаа хэрнээ сургалтын орчин нь муу учраас сургалт явуулах ямар ч боломж байхгүй. Багшийг үе шаттайгаар бэлдэх нөөц боломж байгаа. Хамгийн гол нь сургуулийн барилга байгууламжийг орчин үеийн стандартын дагуу барих шаардлагатай. Дэлхийн хөгжсөн улс орнуудад сургууль нь нэг ээлжээр хичээллэж байна. Ийм тохиолдолд сурагчид өглөө нь хичээлдээ ирчихээд үдээс хойш нь хөгжүүлэх сургалтууддаа ороод явчихдаг. Тэгэхээр хүүхдүүд илүү хөгжиж байна. Гэтэл манай улсад хүүхдүүд хичээлээ дуусгаад л гэр лүүгээ явчихдаг. Орчин үеийн стандартын дагуу сургууль нь номын сан, урлаг заал, спорт заал, хөгжүүлэх төвүүдтэй иж бүрэн байх ёстой. Тэргэнцэртэй хүүхэд орж ирлээ гэж бодоход хаана ч чөлөөтэй явах боломжтой байх хэрэгтэй. Ингэснээр тэгш хүртээмжтэй байдал хангагдана. Ялгаатай байдал бий болчихсон байна. Нэг хэсэг нь дэлхийн жишигт нийцсэн хувийн сургуульд явж байхад нөгөө хэсэг нь багтаж ядсан сургуульд 50,60-аараа суугаад хоёр гуравхан цаг хичээллэчихээд явж байгаа нь харамсалтай. Энэ бүхний цаана хүүхэд хохирч үлдэж байна. Хүүхэд бол ирээдүйн Монгол орны ажиллах хүч, баялаг бүтээгч. Тийм байхад нэг хэсэг нь маш сайн бэлтгэгдээд, нэг хэсэг нь хохирч үлдээд байвал яваандаа улс орны эдийн засагт нөлөөлдөг. Тиймээс сургуулиудыг стандартын дагуу яаралтай барих хэрэгтэй байна.
-Нийгэмд багшийн хомсдол үүсчхээд байна шүү дээ. Та ер нь 45 хоногийн сургалтын талаар ямар байр суурьтай байна?
-45 хоногийн сургалт бүх мэргэжил дээр боломжгүй. Зарим мэргэжил дээр боломжтой байж магадгүй юм. Жишээлбэл, их сургуулийн химийн ангийг төгссөн хүн химийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй байгаа. Хэрвээ тэр хүн дүнгийн голч өндөртэй, ёс зүйтэй, төлөвшилтэй бол тухайн хүнийг маш сайн судалж үзээд түргэвчилсэн багшлахуйн сургалтад хамруулаад багш болгох боломжтой. Энэ хүнд онолын мэдлэг нь байгаад байна шүү дээ. Арга зүйг нь МУБИС-д зааж өгөөд ажлын байранд гаргах боломжтой. Харин хугацаа нь тухайн мэргэжил болон хүнээсээ хамаараад өөр өөр байх магадлалтай. Сайн мэргэжилтнүүдийг багш болгодог туршлага гадны орнуудад байдаг. Их сургуулийн химийн анги төгссөн оюутан багш болох юмсан гэж мөрөөддөг байсан байж магадгүй шүү дээ. Тэр хүнд багшлах арга зүйг нь заагаад өгчихвөл багш болох бүрэн боломжтой. 45 хоног гэдэг бол олон боломжийн нэг нь.
-Багш нарын цалин хангамжийн асуудал үеийн үед л яригдаж ирлээ шүү дээ. Гэтэл дорвитой өөрчлөлт орохгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Төр засгаас багш нарын цалин хөлсийг нэмэхийг л бодож байгаа. Би энэ талаар судлаагүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүх салбарын ажилчдын цалин өндөр баймаар байна. Цалин хөлс хангалтгүй байгаа нь улс орны суурь эдийн засагтай л холбоотой байх гэж бодож байна. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд боловсролын салбартаа анхаарах ёстой. Боловсролтой иргэд л баялаг бүтээнэ шүү дээ.
-Ямар ч мэргэжлийнхэнд нийтлэг дутагдал байдаг шүү дээ. Тэгвэл багш нарт ямар дутагдалтай тал ажиглагдаж байна вэ?
-Нийт багш нарт ийм дутагдал байна гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Бүх хүнд дутагдал байгаа. Хамгийн гол нь ямар ч мэргэжлийн хүн өөрийнхөө алдааг эргэцүүлэн боддог, хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Ингэж чадвал алдаа дутагдал багасаж, ажлын чанар дээшлэх бүрэн боломжтой.
-Сурагчдаасаа бэлэг авчихлаа гэдэг зүйл яригддаг. Манай сонин багш, эмч нар шавь, өвчтөний өгсөн зүйлийг авч болно гэдэгт бат байр суурьтай байдаг. Баярласан сэтгэлээ илэрхийлээд яагаад юм өгч болохгүй гэж. Энэ чинь хүүхдийн сэтгэл шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Шавь нь багшдаа чин сэтгэлээсээ талархаад цэцэг, ном өгч болно гэж бодож байна. Харин сурагчид зохион байгуулалтад ороод, мөнгө төгрөг хураагаад багшдаа бэлэг өгч байгаа бол өөр хэрэг. Ингэж болохгүй. Чин сэтгэлээсээ өгч байгаа зүйл л бэлэг болж чаддаг. Бэлэг гэдэг хэн нэгнээс авч байгаа шан харамж биш шүү дээ. Багш нар сурагчдаасаа бэлэг авч байгааг хүмүүс цахимаар харчихаад бүх багш бэлэг авдаг юм шиг боддог. Монголын багш нарын сайн тал нь их. Үүнийг л олон нийтэд харуулмаар байна. Нэг багшийн алдааг л сэвээд байх нь нийгэмд аюултай.
-Шавь нартаа үргэлж захиж хэлдэг үг байдаг уу?
-Мэдлэг, чадвар, хандлага гурвыг оюутнууд маань эзэмших хэрэгтэй. Харин багш хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол сайн хүн байх явдал. Сайн мэргэжилтэн хэрнээ сайн хүн биш бол хэцүү. Мэдлэг, чадварыг эзэмших амархан. Харин хүнд хандлага төлөвшүүлэх л хэцүү. Өөрөөр хэлбэл, мөсөн уулын ёроол шиг. Хүний үнэт зүйл үйл ажиллагаан дээр л харагддаг. Тиймээс аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүн олшрох чухал.
-Танд нэмж дэлгэрүүлэх зүйл байна уу?
-Мэргэжил бүхэн үнэ цэнэтэй. Хүн мэргэжлийнхээ үнэ цэнийг ухаараад түүгээрээ дамжуулан нийгэмдээ нөлөөлөх нь чухал. Сургалтын хөтөлбөрөө сайжруулах нь багш хүний хамгийн чухал зүйл. Судалгаа их хийгдсэн хөтөлбөр сайн байдаг. Сайн хөтөлбөр маш үнэ цэнэтэй байдаг. Тийм учраас л хөтөлбөрийг магадалдаг. Энэ хөтөлбөрөөр сураад төгссөн хүн маш сайн мэргэжилтэн болдог. Багш бол хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, сайжруулдаг, шинэчилдэг хүн. Хүүхэд 1 дүгээр ангид ордог биш 1 дүгээр ангийн хөтөлбөрт элсдэг.
-Багш нартаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Багш нартаа Дэлхийн багш нарын баярын мэнд хүргэе. Дэлхийн багш нар бүгдээрээ нэг зорилготой. Тэр нь хүнээр хүн хийх явдал шүү дээ. Шавь нар маань биднийг хайрлаж байна, монголчууд биднийг хүндэлж байна. Тиймээс бид боловсролын үйлчилгээгээ илүү сайжруулах ёстой. Ингэхийн тулд бүгдээрээ хүчээ нэгтгээд хамтарч ажиллая. Багш нартаа сайн сайхныг хүсье.
Өдрийн сонин