Хятадын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг сэргээх арга хэмжээ авч эхэлснээр зэсийн үнэ өсөж тонн нь 10 мянган ам.доллароос давсан бол төмрийн хүдрийн үнэ 100 ам.доллароос давжээ.
Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтыг зогсоох арга хэмжээ авна гэж Синьхуа агентлаг мэдээлсний дараа Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ хоёр хувиар өсөж, сүүлийн гурван сарын дээд түвшинд хүрсэн байна. Хятадын Төв банкнаас төрийн мэдлийн томоохон банкуудад 142 тэрбум ам.доллар нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай “Блүүмберг” агентлаг мэдээлсэн нь үнэ өсөхөд нөлөөлжээ.
“Хятадын эрх баригчид эдийн засагт итгэх итгэлийг сэргээхийг эрмэлзэж байна. Тэд асуудал бэрхшээл тулгарч байгааг, санхүүгийн хязгаарлалтуудыг сулруулах хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа гэсэн дохиог Хятадын иргэдэд илгээж байна” гэж Америкийн “StoneX Financial” компанийн металлын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Майкл Куоко ярилаа.
Түүнээс гадна АНУ-ын эдийн засаг цар тахлын уналтаас таамаглаж байснаас илүү хурдан гарч байгааг харуулсан тоо баримт нь Хойд Америкийн биржүүдийн арилжаанд эерэгээр нөлөөлсөн байна. Холбооны нөөцийн сан, Европын Төв банк зэрэг дэлхийн томоохон төв банкууд бодлогын хүүгээ бууруулж эхлээд буй энэ үед Хятадын эдийн засгийн өсөлтийг сэргээх арга хэмжээнүүдийг танилцуулжээ.
Уул уурхайн компанийн хувьцаанууд мөн огцом өссөн байна. Тухайлбал, “Glencore” компанийн хувьцаа Лондонд 5.8 хувиар, “Freeport-McMoran”-ынх Нью-Йоркт 7.5 хувиар, “Rio Tinto”-гийнх Лондонд 3.6 хувиар тус тус өсжээ.