Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлтэл Монголбанк үргэлжлүүлэн авч явах тухай Улсын Их Хурал(УИХ)-ын тогтоол өнгөрсөн онд гарсан.
Тиймд Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлж байгаа юм.
Иргэдийн дунд хамгийн хүлээлттэй, эрэлттэй зээлд тооцогддог уг зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "УИХ-ын тогтоол гарахдаа эргэн төлөгдсөн хэмжээгээрээ ипотекийн зээлийн санхүүжилтийг хийхээр заасан. Эргэн төлөлтийн хэмжээ жилдээ 500 тэрбум төгрөг. Энэ бол Монголбанкны эх үүсвэр. Мөн 80/20 харьцаатайгаар ипотекийн зээлийг гаргаж байгаа тул арилжааны банкууд 200-250 тэрбум төгрөгийг жилд гаргадаг.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Хуримтлалын сангийн мөнгийг ипотекийн зээлд ашиглаж болно гэж байгаа. Ингэхээр нийлбэр дүнгээр 1.2 их наяд төгрөг болсон. Өнөөдрийн байдлаар 1 их наяд 50 тэрбум төгрөгийг ипотекийн зээл гаргачхаад байна. Он дуустал 230 тэрбум төгрөгийн зээл гарах эх үүсвэр бэлэн байгаа.
Холбогдох яамдтай ярилцсанаар ипотекийн зээлийг Засгийн газрын Үндэсний орон сууцжуулах хөтөлбөр рүү шилжүүлэх гэж байна. Энэ хүрээнд эх үүсвэрүүдээ хэрхэн нэмэх талаар ярилцсан.
Нийт ипотекийн зээлд олгогдох дүнгийн 50 хувь нь Хуримтлалын сангийн эх үүсвэр гэж ойлгож болно. Үүгээр орон нутагт зээл олгоод, Монголбанкны эх үүсвэрээр нийслэлд зээл олгох гэх мэтчилэн шинэ шийдлүүдийг ярьж байгаа. Аль болох Хөдөөгийн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутагт илүү их орон сууц баривал хотод түгжрэл буурах боломжтой гэж харан бодлогоо хэрэгжүүлж байна" гэв.