Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2024.09.11/ гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцсэн байна.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-"Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1,000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардал 3,000 төгрөг байгаа. Цэцэрлэгийн хүүхдүүд хоол хүнсээрээ дамжуулан 60 хувийн илчлэг авч байсан бол 80 хувьтай болж өснө. Мөн хоолны чанар сайжирна.
Эхний удаад нийслэлийн төр болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135,000 хүүхдэд дээрх шийдвэр хамаарна. Тодруулбал
- Өдөрт 1,000 төгрөг
- Сард 22,000 төгрөг
- Жилд 190,000 төгрөгийг хоолных нь түүхий эдийн зардалд авахаар болж байгаа.
Хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг улсын төсвөөс үлдсэн 25 хувийг эцэг, эх, асран хамгаалагч нь гаргахаар болж байна.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 20.2-т зааснаар боловсролын дэмжлэг, дэмжих үйлчилгээ шаардлагатай хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлнэ.
2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны түүхий эдийн зардал түрүүн дурдсанчлан 3,000 төгрөг буюу нийт 131.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна.
Цэцэрлэгийн нэг хүүхдэд хоолны үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлын
- 58 хувь нь хоолны түүхий эдийн зардал
- 42 хувь нь тогоочийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, дулаан цахилгаан, тоног төхөөрөмж, ариутгалд зарцуулагдаж байна.
Үүнийг нэг хүүхдээр тооцож үзэхэд хоолны бүрэн өртөг нь нэг өдөрт 5,210 төгрөг болж байгаа юм. Хоолны түүхий эдийн зардалд 3,000 төгрөг, бусад зардалд 2,210 төгрөгийг зарцуулж байна гэсэн үг.
Нийслэлийн цэцэрлэгийн 135,000 хүүхдийн 62 хувь буюу 84,602 хүүхдээс өдөр бүр 1,000 төгрөгийг хурааж авна.
Харин үлдсэн 38 хувь буюу 50,440 хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцаж, даана. Үүнд
- Хагас болон бүтэн өнчин хүүхэд
- Уртасгасан цагийн зохицуулалтаар ажилладаг 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхэд
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багтаж байгаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд багтаж байгаа.
Босго шугамаас доогуур орлоготой өрхийн хүүхэд болон цэцэрлэгийн насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг гурав дахь хүүхдээс нь эхлээд чөлөөлнө. Ингэснээр улсын төсвөөс эцэг, эхчүүдээс жилд 16 тэрбум төгрөг төвлөрүүлж, хүүхэд цадах хэмжээндээ хоолоо идэж эхэлнэ.
Сайн хооллосон хүүхэд сайн унтана, сайн тоглоно. Мөн цэцэрлэгт хандсан эцэг, эхийн сэтгэл ханамж дээшилнэ гэж үзэж байна.
Цэцэрлэгийн хоолны төлбөрийг хэрхэн хурааж авах вэ?
Үүнийг бүрэн цахимжуулах учраас ангийн багш хурааж авахгүй. Тухайн эцэг, эх аппликэйшнээр дамжуулж төрийн санд шууд төлбөрийг тушаадаг болно.
Энэхүү цахим үйлчилгээ орж ирснээр тухайн өдөр хүүхэд нь ямар хоол идсэн буюу цэс, илчлэгийн хэмжээ зэрэг мэдээлэл нь эцэг, эхэд шууд очдог байх зохицуулалтыг хийж байна.
Хүүхдийнхээ төлөө гаргаж байгаа таны хөрөнгө оруулалт хүүхдэд тань очно. Тэднийг илүү өсгөлүүн болгож, чанартай хоол хүнс иддэг болгоно.
Цэцэрлэгтээ хонхолзсон ходоодтой биш, цадсан хүүхэд гэртээ харьдаг сайн жишиг тогтоно" гэв.