Шатрын 45 дахь удаагийн олимпиад зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Эхний таван тойргийн дараа нэг ч ялагдалгүй явсан манай эмэгтэй шатарчид зургаадугаар тойрогт Гүржийн багтай хүч үзэв. Эхний гурван ширээнд буюу Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул, Д.Номин-Эрдэнэ нар эвийн гэрээ байгуулсан тул хамгийн сүүлийн буюу дөрөв дэх ширээнд спортын мастер Э.Хүслэн, олон улсын мастер Мелиа Салом нарын хэн ялсан нь багтаа хожил авчрах байлаа. Хариуцлагатай тоглолтод Гүржийн тамирчин туршлага зааснаар манай эмэгтэй шатарчид энэ тэмцээнд эхний хожигдлоо авлаа.
Эмэгтэйчүүдийн ангилалд одоогоор Энэтхэгүүд нэг ч хожигдоогүй тэргүүлж, Гүрж, Польшийн баг 11 оноотой удаалжээ. Тэдний араас АНУ, Монгол тэргүүтэй есөн баг 10 оноотой нэхэж байна.
Монголын баг тамирчдыг хожсон Гүржийн баг долдугаар тойрогт тэргүүлэгч Энэтхэгтэй учраа таарсан бол манай шатарчид ижил оноотой яваа Германы багтай нүүнэ.
Харин эрэгтэй шатарчид Болгарын багт 1:3-аар ялагдаж, М.Амилал, С.Чингүүн нар тэнцжээ. Зургаан оноотой хүснэгтийн 70 дугаарт жагссан эрэгтэйчүүд өнөөдөр Ливаны багтай өрсөлдөнө.