Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барих ажил эхэлжээ. Нийслэлээс гаргасан бондын санхүүжилтээр бүтээн байгуулалтыг “Борхойн зам” ХХК гүйцэтгэж байна.
Замын ажлын явцын талаар “Борхойн зам” ХХК-ийн Ерөнхий инженер Г.Арахад:
-“Тухайн зам нь иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр хааж, авто зам тавих ажлыг хийнэ. Замын суурь хучилтыг аравдугаар сарын 10-нд, өнгөн хучилтыг аравдугаар сарын 20-нд хийж дуусгахаар график төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган замыг тавьж, арваннэгдүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн” гэв.
Энэ жил нийслэл Улаанбаатар хот 500 тэрбум төрөгийн бонд гаргасан. Бондын хөрөнгөөс авто замын салбарт 65 төсөл хэрэгжүүлж байгааг албаныхан мэдээлжээ.