x

Зууны шилдэг “нийллэг”

  Зуун найм (гэсэн байхаа) сум 100 жилээ тэмдэглэн наадлаа. Монгол нутгийг, Монгол хүнийг наадамгүйгээр төсөөлөх аргагүй учраас үндэстнээ мэдэрсэн, омогшсон тийм сайхан зун өнгөрлөө. Хуртай байж л зунтай байдаг дүрмээр үер, аадар их байсан ч, төсөөлсөнчлөн Улаанбаатарт хал багатай өнгөрөх шиг. 

    Өнгөрсөн жилийн үерийн сургамжаас болоод хотынхон маань хавар мөс зөөхөөс эхлээд хэрдээ л хөдөлсөн нь нөлөөлсөн ч байх гэвэл “хиамчин” гээч болох тул “Бурхан л биднийг ивээлээ” гэсхийгээд орхисон нь өлзийтэй байх. Харин Бурхан өөрөө хэний талд байгааг та нар өөрөөс нь асуувал дээр буйз аа. 

      Говийн болон зүүн аймгуудаар үер нүүрлэсэн ч тэндхийн зуун жилүүдийг цалгардуулж хүчирсэнгүй. 

      Наадам гэхээр нь хийморь сэргээд, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээсээ үл хамаараад бүүр цаанаасаа шунан дурлах нь манай үндэстний “Ижилсэл” гэсэн ч болно. Мөнөөх, “Үйлийн үрийг ухаарч байвал Буддист болох зам дээр гарлаа гэсэн үг” гэдэг шиг “найр наадмаа хэнээр ч хориулахгүй байвал Монгол мөн” гээд ойлгоход гэмгүй. Монгол хүний наадахыг хэн ч хорьж чадахгүй, дайн дажин, өвөл тахал ч тэр. Ковидын жил бид наадмаа хийсэн л биз дээ? Тэр байтугаа “Путин ирсэн” ч наадмаа хийх л юм билээ.

    Асуудлын гол нь “100 жил”-дээ ч байгаа юм биш. Сум орон нь 100 жил хөгжөөд, тэмдэглэхээс аргагүй болсон ч юм биш. Зуншлага, зудаас үл хамаараад зуун жилдээ ахиад тохиохгүй наадам хийх шалтгаан л юм. Зуун жилийн ой бол Зууны шилдэг нийллэг гэсний учир энэ.

   Манай сум л гэхэд “цэнгэлдэх” барих төсвийг нь аймаг баталж өгөхгүй байсаар, хожигдуулсан ч гэсэн зүлгэн дээр асараа бариад, зүгээргүй сайхан наадаж байна лээ. Хууч ярианд “Тангад, түвд таван хэлийн улс амьтан цугларав” гэдэг шиг "олон сайхан дарга нар" ирсний дотор, нөгөө “тооноор ордог” гишүүн хүртэл оччихсон, гэрийн гаднаас авирахын оронд хаалгаар нь орж гараад, ёс төртэй нь аргагүй намбалзаж байсан гээд бодчих!

   Угаасаа, наадам муухай болно гэж үгүй, харин, наадам хийхгүй өнгөрвөл л муухай байдгаас биш. Ерөнхий сайд асан нэгэн хуучлахдаа “Тэр жил зудад нэрвэгдсэн аймгууд наадмаа хойшуулбал яасан бэ гэсэн санал гаргатал Засаг дарга нар,

-За Ерөнхий сайд минь. Наадмыг нь хийлгэхгүй бол нам чинь дахиад эндээс толгой цухуйлгахгүй шүү. Эд чинь наадмаа хийж байж л зуд болсныг мартаж, сэтгэлээ сэргээнэ гэлцэн эсэргүүцсэн. Тэдний зөв юм билээ” хэмээсэн бүлгээ.

   Харин “Зуун жилийн хөгжлөө дүгнэх ёстой”, “Зуун жилээрээ бүтээн байгуулалт хийсэнгүй”, “Модон жорлонтой байж юун зуун жилсэг юм бэ” гэсэн яриа хөөрөө бол Үндэстнийхээ мөн чанарыг ойлгоогүй хүмүүсийн үг. 

   Сум нь хөгжөөд зуун жил болчихлоо гэж урамшаад, эсвэл Засаг захиргааны социалист хуваарийн зөв мэргэнийг бишрэн тэмдэглээд байгаа ч юм биш. Хамгийн гол нь 100 гэдэг тоонд, зуун жилд нэг удаа тохиох огноонд учир нь байгаа юм. 

    Засаг засаг захиргааны социалист хуваарь зөв мэргэн болсон эсэх ямар ч падлийгүй. Яг нарийндаа бол, “Чингис хааны алтан ургийн ноёдын хошуу засгийг устгасан болох”-ыг хэлбэл наадмын өнгийг бүүдийлгэх тул “Засаг захиргааны хуучин системийг татан буулгасны 100 жил” гэж тодорхойлбол арай эерэг болох юм. Гэхдээ энэ нь наадам хийхэд саад болох юм огоот биш. 

  Дарга, даамлуудаа үнэлэхдээ ч гэсэн, сум орноо хөгжүүлснээр нь биш харин ойн байр, наадмаа хэр хийснээр нь баримжаалах тул тэд эрвийх дэрвийхээрээ хөдлөх бөлгөө. Хот хүрээнийхэн “Сумынхаа ойгоор эзгүй хээр хаалга босголоо, утгагүй баримал хөшөө хийлээ” гэсэн шүүмжлэлийг өрнүүлдэг. Гэтэл ингэхгүй бол иргэд нь “Хажуу сумынхан сайхан хаалга хийлгэж, янзтай гоё морины хөшөө босгосон байхад манай энийг хар” гээд засаг даргаа загнана шүү дээ. Хээр босгосон хаалгыг сумаараа харах боловч сумын эмнэлэгтээ авсан ховор үнэтэй тоног багажийг зөвхөн өвдсөн хүн л мэдээд үлддэг байхад яалтай ч билээ?

   Ер манай хөдөөнийхэн хөгжил, дэвшилд хүрэх, амжиргааны түвшингээ ахиулах гэхээсээ илүү зуд багатай өвөлжөөд, наадмыг нь аятайхан хийлгээд байхад нэг их өөр юм нэхээд байхгүй амар ч улс юм уу даа? 

   Угаасаа, сум орноо хөгжүүлээд мандсан сумын байтугаа аймгийн дарга дуулддаггүй. Ерөөсөө ч тэр нь боломжгүй. Учир нь орон нутгийг хөгжүүлэх мөнгө баялгийг зөвхөн аж үйлдвэржих замаар л босгоно. Аж үйлдвэр гэснээс, Монголд уул уурхайгаас хөгжөөд явчих аж үйлдвэрийн өөр салбар үгүй. Гэтэл уул уурхайгүй, зөвхөн бэлчээрийн мал аж ахуй эрхэлсэн аймаг, сум болох хөтөлбөрүүдээр орон нутгийн сонгууль өрнөдөг. 

   Зуун жил бол зуунд ганц тохиох сум дундын “социалист уралдаан” бас мөн. Сумдыг хөгжлийн төвшингөөр, манайхны энэ яриад байгаа шиг, боловсон жорлонтой дотуур байртай болсон, үйлдвэржсэн зэргээр нь биш, харин 100 жилийн ойгоо хэр зангарагтай тэмдэглэж байгаагаар хэмжинэ. Ойгоо сайхан тэмдэглэж, сумаа зангарагтай явааг харуулах гэж сумынхан гурван үеэрээ мэрийдэг нь ийм учиртай. 

 Юуны өмнө, сумын ойг тэмдэглэх олигтой төсөв өгдөггүй: өглөө ч тэр нь сумууд бие биенээсээ ялгарах юмгүй даржин наадахад тулна. Иймээс жилийн өмнөөс хандивын аянд морддог. Буруу зөрүү ч юм биш, байгаа байдал маань л энэ. 

  Яг л байгууллага, хамт олон салхинд гарах, амралтанд хонохоор дундаасаа мөнгө цуглуулдаг шиг л юм даа. Өөрөөр хэлбэл сумаараа хийх “зууны шилдэг нийллэг”-т зориулан мөнгөө цуглуулах аян өрнөнө. Байгууллагын нийллэгт зөвхөн одоо ажиллаж байгаа нь хамрагддаг бол сумынхад гурван үеэрээ оролцдог. 

   Яруу найрагч Д.Нацагдорж “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” гэж зүгээр нэг хэлээгүй юм. Маш олон хүний хувьд эрүүл саруул байж, сумынхаа 100 жилийн ойд оролцох нь хувь заяа гийсэн явдал болно. 

   Ойгоо сайхан тэмдэглэх нь сумын нэр төрийн хэрэг байдаг бол ойдоо сайхан оролцох нь сумынхны нэр төрийн хэрэг. Иймээс баяр наадамд сайн хандив өргөх, том том бай шагналыг даахаар мэрийнэ. Энэ хэрээрээ наадам дээрээ нүүр бардам очно. Ойн наадмаар хэр зэрэг хандив өргөх, ямархуу бэл бэнчинтэй харагдах гэдэг бол Монгол хүний “престиж” буюу нэр төрийн хэрэг, хэр зэрэг сайн явааг харуулах хэмжүүр, нийгмийн зэрэг зиндааны илэрхийлэл болдог. Тийм учраас, “Байраа зараад Ланд300 авч унаад ойдоо явсан” гэдэг ярианд гайхах хэрэг огт байхгүй. Хүмүүс түүнийг аль хороололд, хэдэн өрөөтэй ямар орон сууцанд амьдардаг болохыг мэдэхгүй. Харин наадам дээр ямар машин унаж ирсэн, 100 жилийн ойгоор ямар бай шагналыг хувиасаа гаргаж байсныг мартахгүй санана. Өвөг дээдэс “Намайг ямархуу явахыг Майдар эргэхэд хараарай” гэж ярилцсаар ирсэн нь одоогийнхоор “Миний “престиж”-ийг наадмаар унасан машин, өргөсөн хандиваар хэмжээрэй” гэсэн л үг шүү дээ. 

     Нүүдэлчний амьдралын чанар нь “олон нийтэд ямар сэтгэгдэл үлдээх” гэдэг хийсвэр хэмжүүрээр илэрхийлэгдэх тул элдэв гавъяа шагналыг чухалчилдагийн учир энд буй. Сумынхаа ойн концерт дээр дуулахдаа “СТА”-гаараа дуудуулах, гавъяатын тэмдэг зүүгээд очих энэ тэрийг бол хэлэх ч юун.

   Наадмын хандив өргөлд өөр утга учир бас бий. Хандив, өргөлийн хэмжээ багадна гэж үгүй. Тэр жил, нэгэн тэгш ойн хандив цуглуулах уулзалт дээр тийм ч царигтай гэхээргүй эмгэн тэтгэврээсээ л илүүчилсэн болов уу гэмээр цөөн хэдэн төгрөг барчихсан гарч ирээд “Хүүхдүүд, ойгоо сайхан хийгээрэй “ хэмээн хандивлаж байж билээ. Тэр хөгшнийг би ойн баяраар очсон байхыг хараагүй. Очлоо гэхэд надад харагдах ч албагүй л дээ. Гэхдээ, очоогүй л гэж бодож байна. 

    Бурханы номоор бол олны буянд даган баясав гэдэг л энэ юм даа. Нутаг орных нь иргэд хэдэн үеэрээ цуглаж, амьд явсны хэргийг гаргах нэгэн тохиол болсон наадмаа хийн цэнгэлдэж байгааг дэмжсэн: хотол олны баяр цэнгэлийг хэр боломжоороо тэтгэсэн: “эх болсон зургаан зүйл хамаг амьтны аз жаргалтай хормуудыг спонсорлосон” өглөг бас мөн болох гээд байна. 

-Олон амьтан зовлонгүй амгалан байг гэж зул өргөх, бас тэд маань сайхан наадан цэнгэж баярлаасай хэмээн өргөл барих ялгаагүй буян л юм даа.

   Харин сүүлийн жилүүдэд тэгш ойг тохиолдуулан төгсөлтөөрөө нийлж анги танхим тохижуулах, сургууль цэцэрлэгийн засвар үйлчилгээг хариуцах болсон нь үнэхээр том дэвшил, шинэ цагийн үзэгдэл юм. Ой далимдуулан цугларсан жаахан хүч хөрөнгийг сумандаа үлдээх зүйлд зарцуулах эрмэлзэл хаа сайгүй гарах болсон.

  Гэвч цугларсан хөрөнгийг зөвхөн нийтийн өмч, дундын хөрөнгө рүү л зарцуулах ёстой гэдэг хөдлөшгүй зарчим үйлчилдэг. Ийм болохоор аливаа хандиваар бүтсэн байгууламж нь үржиж хөгжихөөсөө илүүтэй үрэгдэж элэгдэж дуусах, эзэнгүй орхигдох зам руу ордог. Ингэхгүй бол ой болгоны араас өрнөдөг “Манай дарга нар дундаас нь идсэн” гэх хардлагад сайхан идэш болно гэж айдаг ч байх. 

 Цаашдаа, нийтийн дунд хаясан юм хариуцах эзэнгүй үрэгддэг, нэр бүхий этгээдэд хаягдлагдсан хөрөнгө ургаж төлждөг зүй тогтлыг ч бодох ёстой байх.

З уун жилүүд сайхан боллоо. Монголчууд бид Монголоо мэдэрлээ.

Ингэхэд, ирэх жил эдгээр сумдын 101 жилийн ой болно. Шинэ зууны тоолол эхлүүлсэн анхны ой. Тэмдэглэхгүй өнгөрвөл “Наадмын заяа” гомдохыг хэн байг гэх билээ?

Б.Цэнддоо /2024.09.04/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 12 цаг 5 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 13 цаг 55 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 14 цаг 7 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 14 цаг 12 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 15 цаг 29 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 15 цаг 37 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 15 цаг 58 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 16 цаг 49 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 16 цаг 53 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 17 цаг 3 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 17 цаг 12 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 17 цаг 26 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 17 цаг 34 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top