x

Волтэр Айзэксон: БҮГД ЧӨТГӨРТЭЙ НӨХЦСӨН

Волтэр Айзэксон: БҮГД ЧӨТГӨРТЭЙ НӨХЦСӨН

Хувилгаан сахиус магад буй болбоос чөтгөр албины явдал мөн магад юм.

В.Инжаннаши. Хөх судар

Одон тэмдэг ба Волтэр Айзэксон

Ноднин Элон Маскын намтрыг бичсэн Волтэр Айзэксоныг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдэн Үндэсний хүмүүнлигийн медалиар шагнажээ. Элон Маск-ыг бичлээ гэж биш, цаг хугацаа нь тэгж таарч. Жил бүрийн эхээр хүмүүнлигийн салбарт байгуулсан гавьяаг нь үнэлж хувь хүн, хамт олон бас байгууллагад АНУ-ын ерөнхийлөгч олгодог медаль. АНУ төрийн чамгүй одон медальтай. Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль, АНУ-ын Конгрессийн алтан медаль хоёр бол төрийн дээд шагнал. Европын одонгуудтай ижил шагнал ч бий. Жишээ нь, “Хүндэт легионы одон”. “Хүндэт легионы одон”-г Наполеон 1802 онд санаачилж дайн тулаанд гаргасан гавьяаг нь үнэлэн язгуур угсаа харгалзахгүй шагнадаг болжээ. Үүнээс өмнө одон гагцхүү язгууртнуудад л олддог хишиг байв. Удалгүй цэргийнхнээс гадна нийгмийн гарамгай зүтгэлтэн, гавьяатныг одон медалиар мялаах болжээ. Волтэр Айзэксон Америкийн урлаг, шинжлэх ухааны академи; Эзэн хааны урлагийн нийгэмлэг; Америкийн философийн нийгэмлэгийн гишүүн хүн. Мөн United Airlines, Bloomberg Philanthropies-ийн захирлын зөвлөлд багтдаг учир хүмүүнлигийн медалиар шагнуулжээ. 

Оюутан үе ба Волтэр Айзэксон

Энэ жил 72 насны босгыг алхсан Айзэксон Америкийн сэтгүүлзүйн нөлөөтэй төлөөлөгч. Time сэтгүүлийн ерөнхий редактор, CNN-ийн УЗ-ийн даргын албыг хашиж байгаад 2018 оноос төрөлх Шинэ Орлеан хотынхоо Тулэйний Их сургуульд түүхийн лекц уншиж байна. Харвардад сурч байхдаа түүх, уран зохиолын хичээл сонгон суралцаж уран зохиолын Signet бүлгэмийг толгойлж, жилдээ бие даасан таван дугаар хошин сэтгүүл гаргадаг The Harvard Lampoon хагас нууц нийгэмлэгийн гишүүн явжээ. Айзэксон “Уран яруу өгүүллэг, гайхалтай хошигнол бичих авьяасгүй надад The Harvard Lampoon зохиолч болох сонирхол төрүүлсэн. Гэхдээ би сэтгүүлч, нийтлэлчийн амьдрал илүү сонирхолтой гэдгийг ойлгосон” гэж дурсжээ. Волтэр Айзэксон 1974 онд Харвард төгсөөд Оксфордын Пэмбрүк коллежид Родсын тэтгэлгээр сурахдаа философи, улс төр, эдийн засгийн сонгон судалсан байна.

Сэтгүүлзүй ба Волтэр Айзэксон

Оксфордод суралцахын хажуугаар The Sunday Times сониноос сэтгүүлчийн замналаа эхлүүлсэн. АНУ-д эргэж ирээд 1996 онд Time сэтгүүлийн ерөнхий редактор хүртэл дэвшин ажиллажээ. Удалгүй 2001 оноос CNN-ийн УЗ-ийн даргаар сонгогдсон байна. Айзэксон энэ гялалзсан замналаа “гэнэтийн шийдвэр” байсан гэдэг. “Би хэдхэн жилийн өмнө насанд хүрээд ямар мэргэжилтэй болж, ямар хийх вэ гэж бодож явсан. Тэгээд зугаатай болохоор нь сэтгүүлзүй рүү тохиолдлоор орчихсон. Тэгээд тэндээсээ нийтлэл рүү санамсаргүй шилжсэн. Гэхдээ огт төлөвлөгөөгүй” гэжээ. Бие хүний намтраар дамжуулан аливаа нэг үйл явдлыг өгүүлдэг Time сэтгүүлийн арга барил намтар бичлэг рүү хөрвөхөд нь нөлөөлсөн болов уу гэтэл үгүй гэнэ. Харвард, Оксфордод цуг сурч, хамтарч ном бичсэн Эван Томас анх уулзахдаа л хувь хүний амьдрал намтар шохоорхдог талыг нь олж харсан байна. Тэгээд дуртай намтар түүхээ бичиж байхгүй яагаад CNN-ийн ерөнхий захирал болчихов гэхэд “зугаатай” гэж хариулжээ. “Үнэндээ надад контент нь таалагдсан. Одоо эргээд харахад сурвалжилга, нэвтрүүлэг нь илүү таалагдаж байхад CNN-ийн менежер, ерөнхий захирал болдог нь алдаа байсан” хэмээн ярьсан байдаг.

Намтар ба Айзэксон

Айзэксон сэтгүүлчийн хувиар батлагдаж нотлогдоогүй элдэв цуу үгэнд харшилтай. Түүний араншин номынх нь үндсэн дэвсгэр болдог учраас Айзексоны бичсэн намтар зузаардаг биз. Мэдээж тухайн этгээдийн амьдралын эргэлтийн цэгт анхаарал хандуулна. Тэрслүү ч амжилтад хүрсэн баатрынхаа тухай өгүүлэхдээ өөрөө бас тийм байр суурь баримталсан нь харагддаг. Сүүлийн 30 жил намтар дагнан бичсэн Волтэр Айзэксон 1986 онд оюутан насны найз Эван Томастай хамтран The Wise Men: Six Friends and the World They Made номоо анх хэвлүүлсэн. Энэ ном уншигчаа Вьетнамын дайнтай золгуулаад төгсдөг. Зургаан жилийн дараа хэвлүүлсэн Хэнри Киссинжэр нь олон талаараа өмнөх номын үргэлжлэл мэт санагдана. Хэнри Киссинжэрээс хойш 200 жилийн тэртээ амьдарч асан Бэнжамин Франклины намтрыг бичээд залгуулаад Эйнштейн-ээ хэвлүүлсэн. Ийм дарааллыг цэвэр тохиолдол гэхэд хэцүү. Дээрх номуудыг угсруулаад уншвал уялдаа холбоо бий. 

Авьяас ба Айзэксон

Бөмбөрцөг дэлхийн явдлаас өөрөөр барагтаа үг амнаасаа унагадаггүй Хэнри Киссинжэр хамаг амьдралаа Айзэксонд дэлгэж намтраа бичүүлсэн гэхээр Хэнри Киссинжэрийг мэддэг хүмүүс их гайхжээ. Цаад хүн нь хариулах дургүй байсан ч Айзэксон ярилцлага хийхдээ асуулт тавьчихаад таг дуугүй суучихдаг дархан мэхтэй ажээ. Айзэксон “Хэрвээ хүнтэй ярилцахдаа асуултаа тавьчихаад таг дуугүй хүлээвэл цаад хүн маань вакуумд орж удалгүй ярьж гардаг” гэсэн байна. Стив Жобс 2004 онд өөрөө Айзэксон руу ярьж намтраа бичүүлье гэсэн юмсанж. Стив дахиад илүү ихийг хийж бүтээж таарна гэж үзээд хүсэлтийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөн явсаар 2009 онд хавдар туссан гэдгийг нь сонсоод шууд номынхоо ажилд оржээ. Амьд ахуйдаа намтраа бичүүлэхээр шийдсэн Стив номын ажлыг бүхэлд нь хянаж, хөндлөнгөөс оролцох болов уу гэж санатал үгүй гэнэ. Волтэр Айзэксон энэ номын материалыг гурван жил цуглуулж, 100 гаран хүнтэй ярилцлага хийжээ. Удахгүй насан эцэслэх нь нэгэнт тодорхой болчихсон Стивтэй хамтран ажиллах дарамттай, нас барсан хойно нь хэвлэгдэх намтар гэр бүлийнхэнд нь ямар сэтгэгдэл төрүүлэх бол гэдгээс Айзэксон айж байлаа. Гэхдээ технологи, урлагийг хослуулан XXI зуунд амжилтад хүрсэн авьяаслаг бизнесмэний унаж, боссон түүх хэвлэгдсэн даруйдаа борлуулалтаараа amazon.com-д тэргүүлсэн юм. 

Леонардо да Винчи ба Айзэксон

Айзэксон намтрыг нь хүүрнэн өгүүлсэн хоёр ч баатар нэг салбараас нөгөө рүү чадамгай хөрвөж амжилт олсон байдаг. Урлагаас шинжлэх ухаан руу, хүмүүнлигийн салбараас инженерлэл рүү шилжин тухайн салбарынхан нь олж хараагүй юмс, үзэгдлийн уялдааг нээгсэд. Айзэксон Леонардо да Винчи номоо бичихэд 12 жил зарцуулжээ. Уран бүтээлээс нь гадна тэмдэглэлийн дэвтрийг нь нэг бүрчлэн судалж, нэг үгээс нь хэд хэдэн утга, үйл явдлын зангилааг хөвөрдсөн байна. Леонардо ди Ванчигийн намтрыг олон хүн бичсэн, түүн дотроо Мартин Кэмп, Кэннэта Клракын ном олон хүнд хүрсэн. Ер нь намтар зохиол сонирхдог аваас дээрх хоёр номыг Айзэксоныхтой харьцуулж унших нь зүйтэй санагдана. Айзэксон бичсэн намтар Мартин Кэмпийн бичсэнтэй харьцуулбал шугаман бүтэцтэй. Харин Кэннэта Клрак болохоор Леонардог зураач талаас нь харж шинжлэх ухаан, инженерчлэлд цагаа үрсэнд нь битүүхэн халаглаж, хэрвээ ингэж сатаараагүйсэн бол илүү их бүтээл туурвих байсан гэдэг өнцөг гаргасан юм. Айзэксон тэгэхэд чанх эсрэгээр, хэрвээ Леонардо анатоми сонирхоогүй бол Мона Лизагийн хөрөг зурагдахгүй байлаа гэжээ. Айзексон Леонардогоос бүхнийг сонирхдог чанарыг нь өөриймшүүлэхийг хичээсэн гэнэ. Леонардо хөгжмөөс математик, геологиос анатоми, дүрслэх урлагаас оптик гээд нэг салбараас нөгөө рүү чөлөөтэй, дураар шилжин сонирхон судалсан хүн. Энэ бүх салбарын ухаанаар байгалийн гоо сайхныг дамжуулан харах аваас оршин буй бүхний жам ёс, харилцан шүтэлцээ тодорно. Леонардогоос суралцсан эрдмээрээ Эйнштейн, Бенжамин Франклин, Стив Жобсын намтар түүхийг судалжээ.

Чөтгөртэй нөхцөгсөд ба Айзэксон

Бэнжамин Франклин, Леонардо да Винчи хоёрын намтар төстэй. Айзэксон хэн хэнд нь үнэхээр дурласан болов уу гэмээр бичлэгтэй. Хоёулаа янз бүрийн мэдлэг мэдээлэлтэй хүмүүстэй нээлттэй харилцдаг, эргэн тойрныхоо юм бүхнийг сонирхон судалдаг, түүнийгээ хөгжүүлсэн тийм л бодгалиуд. Намтар түүхээ бичүүлсэн олон хүн ганц салбарт хамаг амьдралаа зориулсан бол Бэнжамин Франклин, Леонардо да Винчи хоёр танин мэдэх их хүсэлдээ хөтлөгдсөн. Хүн бүхэн заяадаг чадвар биш шүү дээ. Айзэксон суут зохион бүтээгч, уран бүтээлчээр урлаг, соёлынхны намтраа отголж тэр бүр хүн таньдаггүй Жэннифэр Дауднагийн намтрыг хүүрнэсэн Геномын код тайлагч бүтээлээ хэвлүүлсэн. Тэгсэнээ гэнэт найз нөхөд, Америкийн элитүүд төдийлөн үнэлдэггүй Элон Маскын намтрыг бичжээ. Барууны хэвлэлүүдээр байнга “балбуулдаг” Элон Маск хар аяндаа Айзэксоны хараанд өртсөн нь гарцаагүй. Волтэр Айзэксон сүүлийн ном Элон Маск-аа “Би дэлхийг өөрчилж чадна гэж бодож зүрхэлсэн галзуу юмнууд л дэлхийг өөрчилсөн байдаг” хэмээх Стив Жобсын үгээр эхлүүлжээ. “Бусад хүүхэд тоож хамт тоглодоггүй учраас номын сангийн буланд нуугдан сууж комикс уншин дэлхийг аврах мөрөөдөлдөө умбадаг байсан” гэж Элон Максийг тодорхойлоод “супер баатрын комплекстой” гэсэн буй. Айзэксон энэ намтрыг хоёр жилд бичсэн. Элон Маскын хүн амьтнаас нууж явдаг хэд хэдэн түүхийг олж авчээ. “Та олон хүний намтар бичлээ, таны баатрууд өөр өөр цаг үед амьдарч ажилласан, салбар салбарын хүмүүс. Гэхдээ тэд нарт адил төстэй чанар байна уу” гэж асуухад “Бүгд чөтгөртэй нөхцсөн” хэмээн товчхон хариулсан байна.

Чөтгөр ба суу билиг

Сайн ба саар аль ч үйлийг төвөггүй бүтээдэг бурхнаас доод эрэмбийн шидэт оршихуйг чөтгөр гэдэг ажээ. Өөрөөр нэрлэдэг ч шашин, соёл бүхэн чөтгөртэй, хэлбэр дүрсээрээ ялгагдахын дээр бүр хүйсээр ч ялгана. Шулам гэвэл эм гэж ойлгоно. Демонологи гээд тусдаа салбар ухаан бий. Нидерландын эмч Иохан Вайэр 1588 онд Pseudomonarchia Daemonum бүтээлдээ чөтгөрийг анх машид дэлгэрэнгүй зүйлчлэн ангилжээ. Монголчууд “чөтгөр шиг адтай” гэлцэх бөгөөд чөтгөр шиг самбаа зальтай, ов живтэй гэдэг агуулгатай.

НЕПКО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 12 цаг 22 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 14 цаг 12 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 14 цаг 24 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 14 цаг 29 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 15 цаг 46 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 15 цаг 54 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 16 цаг 15 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 17 цаг 6 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 17 цаг 10 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 17 цаг 20 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 17 цаг 29 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 17 цаг 43 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 17 цаг 51 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top