ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх айлчлал маргааш эхэлнэ. Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан хийж буй гэх уг айлчлал зарлагдсан цагаасаа эхлэн олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.
Үүн дээр өнгөрөгч баасан гаригт Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийн төсөл, үүнд багтсан III цахилгаан станцыг 1,35 тэрбум еврогоор өргөтгөх тухай мэдээлэл нэрмээс болж, өнгөрөгч амралтын өдрүүдийн хамгийн том дуулиан байлаа.
Энэ төсөл нь 2012-2016 онд АН засгийн эрх барьж байхдаа “Чингис” бондоор /1,5 тэрбум доллар/ хэрэгжүүлсэн бүх төслийн нийт өртөгтэй дүйцэж байгааг ажиглагчид дүгнэж, “Энэ бол цахилгаан станцын өргөтгөл биш, ОХУ-ын Украинд хийж буй дайныг санхүүжүүлэх төсөл байна” хэмээн шүүмжлэв.
Шүүмжлэгчдийн дунд улс төрийн өндөр албан тушаал хашиж явсан МАН-ын зарим лидерүүд, нийгэмд нэр нөлөө бүхий эрхмүүд ч багтсан байна. Тухайлбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр:
-“Английн M Power компани манайд 500+250 МВт станцыг Шивээ Овоод $1,2 тэрбумаар барья гэж 2018 онд хэлж байв. Хамгийн чухал нь 1 КВт-ын үнэ нь 6,9 cent гэдгээ батлаж байв. Одоо манайд хамгийн хямд нь 8,9 cent байгаа гэсэн. Алдагдсан боломж” хэмээн харамссан бол нийтлэлч Б.Баабар:
-“Оросууд энд ямар ч 3-р цахилгаан станц янзлах гээгүй, ямар ч атомын цахилгаан станц барьж өгөх гээгүй, ямар ч хийн хоолой барих гээгүй, ямар ч тусламж өгөх гээгүй, бидний өөр бусад оронтой холбоо тогтоох гэсэн, бие даах гэсэн санаархлыг л таслах гэж тэнэгээр нь далимдуулан шилний цаанаас чихэр долоолгож байна. Сүх далайтал үхэр амгалан гэдэг. Байнга сүхдүүлсээр байтлаа талархаад байдаг хүрэл зүрхтэй ард түмнийг юу гэж нэрлэдэг юм бол?” хэмээн жиргэсэн байна.
Товчхондоо “Оросууд 1,35 тэрбум еврогоор 300 МГВ станцын өргөтгөл хийнэ” гэсэн нь “ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд айлчилна” гэснээс илүү дуулиан, илүү их эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулав. Үнэн хэрэгтээ энэ бол ОХУ манай улсыг эрчим хүчний хараат байдлаас гаргах сонирхолгүй байгаагийн шууд илрэл, нэг төрлийн тулган шаардлага, заналхийлэл гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байна. Айлчлалын талаар дуугарч буй нийгмийн идэвхитэй бүлгийн хувьд шүү дээ.
Гэвч харамсалтай нь төр, засгийн түвшинд эсрэгээрээ, Оросын талыг аялдан дагалдах байдалтай байгааг өргөн барьсан төслөөс харж болно.
Уг нь бол өмнөх парламентын үед баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн тогтолцоогоо өөрчилсөн зэрэг нь хууль тогтоох байгууллагад олон намын төлөөллийг оруулж, хүчтэй сөрөг хүчинтэй болж, нэг нам дангаар ноёлох байдлыг хална. Ингэснээр эрх мэдэл хуваагдаж, иргэдийн хяналт сайжирч, хүн ам цөөн, жижиг эдийн засагтай, хөгжил буурай орны хувьд эдийн засгийн болон улс төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах, хараат бусаар, бие даасан бодлого явуулах боломжтой юмаа гэж тооцож, ийм шалтгаанаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байв.
Гэвч бүх зүйл санасанчлан болсонгүй. Хамгийн түрүүнд парламентад хоёр дахь олон суудлыг авсан АН болон түүний дараа орсон ХҮН эрх баригч намтай хамтарч Засгийн газарт орсноор улс төрийн сөрөг хүчин буюу эрх баригч намын бодлогыг сөрөх хүчгүй болов. Тэгээл шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд дотор хүртэл “Эгийн гол, Шүрэнгийн станцыг Оросын тал хүлээн зөвшөөрөхгүй”, “Хийн хоолой барих ажлыг Засгийн газрын хөтөлбөрт тусгаагүйд Оросууд бухимдалтай байна” гэх мэтээр ил тодоо ярьж эхэлнээс үзвэл Монголын улс төрд Оросын нөлөө байсаар, Оросын талыг баримтлагчид улам олширсоор байна. Шуудхан хэлбэл, өнгөрсөн удаагийн сонгуульд монголчуудаас гадна оросууд нөлөөлөх байдалтай оролцжээ гэсэн үг.
Б.Баабарын хэлсэнлэн “хийн хоолойг Монголоор дайруулах, атомын цахилгаан станц барьж өгөх” гэх мэт нь Оросын талын бодлого биш гэдгийг олонхи нь хүлээн зөвшөөрч байгаа ч эрх барих түвшинд энэ тал дээр бие даасан бодлого явуулах чадамжгүй хэвээр, улам л хараат болсоор байна. ҮАБЗ-ийн гурван гишүүн нь нэг намынх, улс төрийн хамгийн том сөрөг хүчин нь эрх баригч намдаа худалдагдсан байдалтай байгаа нөхцөлд өөрөөр байх ч боломжгүй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд 2023 оны Ерөнхийлөгч Макроны айлчлалын үеэр Франц улстай атомын цахилгаан станц дээр хамтрахаар болсон ч үүний дараа Монголд ирсэн Оросын Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогчийн айлчлал энэ асуудлаар “тэг” зогсолт хийхэд хүргэсэн билээ.
2025 оны төсвийн төсөлд туссан 300 МГВ-ийн станцын өргөтгөлийн ажлыг ч гэсэн Засгийн газар өөрийн санаачилгаар оруулаагүй, Оросын талын шахалт дарамтанд орсон байх магадлалтай юм. Өвгөн зохиолч, нийтлэлч Ц.Дорготовын бичсэнчлэн “У.Хүрэлсүх В.Путиныг урьсан уу, эсвэл цаадах нь уриулсан уу?” гэдэг ч эргэлзээтэй асуулт.
Өмнө нь монголчуудын олонхи нь “МАН-ын одоогийн дарга нар өмнө энэ намыг байгуулж өгсөн Орос “ах” нарынхаа нөлөөнөөс гарч чадаагүй байна, чадахгүй юм байна” гэж шүүмжилдэг байсан бол өнөөдөр АН-тай хамтарч Засгийн газраа байгуулсан, “Улс орны эрх ашгийн төлөө намын эрх ашгийг хойш тавина” гэсэн энэ үед Оросуудын шахалт улам нэмэгдсээр байгаа нь нийгэмд улам их түгшүүрийг бий болгож байна.
Тиймээс ирэх өдрүүдэд намын, төрийн гэхээсээ илүү олон нийтийн дуу хоолой, эсэргүүцэл, шүүмжлэл, хэвлэл мэдээллийнхний оролцоо, чанга тод хашгираан хэрэгтэй болж байна. Путин Монголд ирдгээрээ ирнэ. Ирээд явсны дараа “Монголчууд Оросын нөлөөнд байхыг эсэргүүцэж байна”, “Монгол чинь хараат бус хэвлэл мэдээлэлтэй, иргэд нь эрх чөлөөтэй, ардчилсан улс юм байна” гэдэг баримт, бодит үнэлэмжийг дэлхий нийтэд үлдээх нь илүү чухал юм байна. Тэгж байж дэлхийн хамтын нийгэмлэгийн улсууд бидний талд зогсоно, бидэнд анхаарлаа хандуулна.
Улс төр судлаач О.Чулуунбилэг хэлсэн байна. Хоёр хэт том тоталитар хөрштэй жижиг ардчилсан улс дэлхийд Монголоос өөр байхгүй. Ийм хүнд нөхцөлд геополитикийн дарамтыг төр дангаараа даахгүй, Иргэдтэйгээ, сөрөг хүчнүүдтэйгээ нийлж байж л даван туулна. Тиймээс бүгд дүрээ хуваарилцгаая. Иргэд нь эсэргүүцье. “Манайх ардчилсан улс болохоор иргэд байнга жагсаж байдаг юм” гэж Путинд манай Ерөнхийлөгч хэлэг. Олон улсад ч “Монгол эсэргүүцэлтэй байгаа” гэж харагдаг.
Өмнө нь Оросын төрийнхний хийсэн айлчлалын үеэр Украины дайныг эсэргүүцэж жагссан маш олон залуусыг манай дарга нар цагдаагийн хүчээр барьж саатуулж, хорьж шийтгэж байсан. Гэвч энэ удаагийн асуудал бол Орос, Украины хоорондын биш, Монголын, монголчуудын эрх ашгийн асуудал. Үүн дээр л дээр, дооргүй хүч нэгтэй байцгаая.
Б.ЗАЯА