x

Урив уу, уриулав уу?

Бүх дүрмийг тань ягштал биелүүлнэ гэж НҮБ-д элсдэг байх-ард миний төсөөллөөр бол. Олон улсын эрүүгийн шүүхэд ч тэгж тангараглаж байж элсэх нь мэдээж. Тийм үүрэг хүлээсэн гишүүн улс атлаа В.Путиныг урьдаг нь улсаа зориуд хорлох гэв үү У.Хүрэлсүх. Үгүй ээ! Тэгэх ерөнхийлөгч байтугай тэгэх монгол хүн олдохгүй. Олон улсын шүүхээс баривчлагдах ял сонссон В.Путиныг ирэхгүй хэмээн тооцож уриад ацан шалаанд уначхав уу. ЗХУ-ын цэргийн баазыг бид урьсан уу уриулсан уу гэдгийг тунгаах байж.

Украины дайн эрс хурцадсан нөхцөлд В.Путин Монголд морилох болсон нь Халх голын ойд тийм их ач холбогдол өгөв үү эсвэл өөр учир байна уу. “У.Хүрэлсүхийн урилгаар” гэж ноцтой онцлоод буй нь анхаарал татаад байна. Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн гэх мэтээр ХХI зууны эрх чөлөөгөөр амьсгалж сэхээнээс гарч сүүлээ агссан Монголыг дэлхийн шившиг болгон хашраах гэж хүчээр уриулав уу. Үе үеийн удирдагч нарын маань толгойг залгисан орос жор үнэртэх шиг. Насны хугацалтай тулсан зохиолчийг яавал яа. Болъщевикуудын тулгалтаар ногоон малгатнуудад хүйс тэмтрүүлсэн лам хар эх оронч өвөг дээдсийн минь дэргэд би бол өчүүхэн нэг муу өт. Харин манай ардчилсан төр засагт дээрэлхвэл дэлхий өмөөрнө шүү. Нөхөрлүүштэй хүнлэг, бишрэм ухаантай сайхан оросууд ч бий дээ уг нь. Тэд яагаад чимээ алдрав.

Хазгар хүргэн хадамсаг. 1960 оны эхээр Орос Хятадын ган бат ах дүүгийн найрамдал гэнэт тангараг тасарч нохой гахайдаа хүрэв. Даанч дэндүү нялуурч байсан юм. Дэндүү юм голдуу хуурамч байдаг. Хэрүүлийн захидал Монгол дээгүүр харилцан шидэлцэв. Хоёр их гүрний хэн нэгний талд оролгүй, тэдэнд эвлэрэхийг ерөөгөөд, маргаандаа өчүүхэн мануусыг бүү хавчуулаарай гэж гуйгаад, авдаг жоохон юмаа аваад, өгдөг жоохон юмаа өгөөд, мөрөөрөө амиа борлуулаад гэлдэрсэн бол ядмаг улсад гарз бага тусах байлаа. Тийм шивнээ тэр үед монголын сэхээтний дунд байсан юм шүү. Хятадуудаар ядаж тавиулж буй зам, бариулж буй барилгаа гүйцээлгээд авъя г.м. 

Хоёр их гүрний маниас хамаагүй дээгүүр зөрөлдсөн хэрүүлийн бузрыг МАХН далдганаж нутагтаа газардуулж, нэгийг цусардан өмөөрч, нөгөөг ядмаг доройгоо мэдэхгүй сүржигнэн хараасны гороор хоосорч доройтсоноо зөвшөөрч сургамж авбал зохилтой. Хойшид тийм ацан шалаа учрахгүй гэх баталгаа байхгүй. Би Ю.Цэдэнбалын үеийг муулах гэсэндээ бус “өнгөрсөн зууны алдаа энэ зууны сургамж” гэх үүднээс үүнийг бичив. Жулдардсанаа эргээд шүүх-юу нь илүүдэх вэ. 

Москвад зөвлөлтийн хуулиар буудуулдаг тавилангаас үхтлээ айдаг манай муусайн тойрон хүрээлэгчдийн судас нь хатуурч мунхарсан толгойноос шал ондоо, шаггүй овжин, цоо шинэ тархи тийм эрсдэл дунд Орос Хятадын аль алинтай эвтэйхэн зохицоод хэрүүлийн гадна үлдэх сиймхий байсан гэдэг юм. Жижиг орон өөрөөс ахадсан маргаанд хошуу дүрэлгүй, хоёр хөршдөө эвлэрэхийг ерөөгөөд сажлах байж уг нь-мэдсэн бол. Тэр үед тийм оюунлаг удирдагчид Монголд байсан уу? Харамсалтай нь тийм ухаан гаргах оролдлого бүрийг нам засаг хайр найргүй даржээ. Уян бус муйхар дарангуйллаар сэргэлэнтэх гэсэн ухаалаг нөхдөө цөлөв. Орос дарамтын дор урнаар найрч чадах сачийтай аавын хүү Монголд байсан уу гэвэл “найрч чадах сортоотой гавал бишгүй байсан” гэх хүн цөөнгүй тааралддаг. 

Маогийн солиорол-соёлын хувьсгалыг ямар ч тэнэг зөвтгөхгүй. Хадамсаг Бал Маог сурган хүмүүжүүлээд, соёлын хувьсгалыг нь зогсоож чадах хүн аятай мөн ч их хазганасан. Зүй нь нэг талд хэт бялдуучлалгүй эдийн засгаа өсгөсхийгээд мөрөөрөө сажилсан бол Орос Хятад хоёр эргээд эвлэрэх үед хэрүүлд оролцоогүй Монгол хөгжлөөр арай өөр түвшинд хүрснээ харуулаад маадайж суух байж. Эдүгээ хоёр хөрш биесээ хязгааргүй хайрлана гээд тэврэлдэж буйг хар. 1950-иад оноос мөн л тэгж нялуурч байв. Өнгөрсөн хойно юм бүхэн тод харагддаг хойно. Тухайн эрсдэлтэй нөхцөлд боломжгүй шахам гарц олоход малчны монгол ухаан хүрээгүй нь тодорхой. Тиймээс залуу үе минь мухардлаас гарах зөрөг олох ухаанаа эртнээс хөгжүүл. Цөөн буурай улс нийтээрээ ухаажвал бүхнийг давна. 

Хазгар хүргэн хадамсаг гэх үг бий. Кремлийн тоглоомын этгээд Ю.Цэдэнбал хоёр их гүрний хэрүүлд хүргэн хүүгийн хүчийг үзүүлэх гэж навсганаснаас хожсон хожоо гэвэл өчүүхэн долдой Монгол дэлхий дахины доог л болсон. Балын хэтэрхий долигонуур аяг ааш монголын элитүүдийг ичээж байлаа. Бал дарга Төв Хороо, Засгийн газар болон харьяа байгууллагуудын ажилтан нарыг АИХ-ын танхимд яаралтай цуглуулаад чиглэл өгөв. “Үнэн” сонины харьяа “Тоншуул”-ын сурвалжлагч-бидэнд оролцох завшаан олгожээ. Ордны том танхим дүүрвэл даргад тааламжтай гэсэн биз. Бал дарга онцлохдоо зөвхөн Мао-гоор зогсохгүй Күнз Манжаас эхлээд хятад үндэстнийг монгол хүн үеийн үед үзэн ядах ёстой. Хятад хүний өөдгүйг тод илчилсэн сэдвээр цол хамгаал. Кино жүжиг зохио. Хятад хүний муу санааг харуулсан үлгэр домог аман зохиолыг дэлгэрүүл гэлээ. Даргын энэ үгний тэмдэглэл архивд байх ёстой. Хувь хүн-Маог үзэн ядах нэг асуудал. Харин бүхэл бүтэн ард түмнийг дайснаа гэж үүрд үзэн ядах тухайд-балчир би тэр үед гайхас хийгээд өнгөрөв. Бал даргын заавраар шинэ романууд мэндэлж, кино жүжиг ч цуврав. Хятадыг гарамгай үзэн ядвал энгэр цоолж, цол хамгаалж, эдүгээ тэдний үлдэгдэл үхэхдээ үхэр буугаа тавьсаар. Сонин радио 60-70-80-иад онуудад байдаг хүч дуу хоолойгоо шавхан-муу хүний дуу их гэхчээр Маогийн хятад гээд хятад хүнийг харааж гарсан. 

1949 онд Орос Хятад ах дүүс болон тэврэлдэж, Монголд өөдлөх боломж үүсэв. Хятад бараа хот хөдөөгүй элбэгшиж, Энхтайвны гүүр, 50-120-220 мянгатууд, газар доорх сантехникийн сүлжээ, Улсын их дэлгүүр, засмал зам, Хархорины САА-н тарианы талбайн усалгааны төхөөрөмж шуудуу гэх мэтийг-олноор орж ирсэн хятад ажилчид гялалзуулсан. Тэр эрчээр нь хэдэн жил ажиллуулсан бол овоо юм бүтээх байлаа. Ижилхэн хөх хувцастай хятад ажилчид хотоор дүүрсэн. Тэд өвөл зунгүй амбаар майханд даруухан амьдарч маньд түвэг учруулаагүй. Чанар гэвэл жараад жилийн тэртээ тавьсан Налайхын замын улбаагаар саяхан болтол бид хөлхөв дөө. “Чанартай хийдэг нь бидэнд сайндаа бус алсдаа тэдний юм болох учраас тэр” гэх жинтэй ухуулга монголчуудын ой тойнд гайхалтай нийцсэн. Энэ сэрдлэг одоо ч салаагүй. Хоёр хөрш муудалцан тангараг тасармагц бид Зөвлөлтийг өмөөрч хятад ажилчид гэх ядуу дорой залуусыг барьж байсан барилга, үйлдвэр, замуудыг нь дуусгуулалгүй хөөгөөд гаргачихсан. Зодсон ч байх.

Жолоодогч нар нь юм л бол тэврэлдэн үнсэлдэж асан Орос Хятад ах дүүс зэвсэгт мөргөлдөөнд хүрч цус урсаж амь олноор эрсдэв. Ийм эвгүй нөхцөл үүсмэгц Орос ах Монгол дүүгээ “Манай цэргийн баазыг нутагтаа байршуулахыг биднээс гуйсан хүсэлтээ дэлхийд цац” гэж нууцаар сэм тушаасан гэж би харддаг. Бүх юм Оросын заавраар болдог хазгар хүргэний хадамсаг Монгол зөвлөлтийн цэргийг нутагтаа орж ирэхийг гуйсан хүсэлтээ дэлхий дахинд мэдээж сүржин цацаа биз. Монголын гуйлтыг хангаж буй энэрэнгүй дүр эсгэсээр оросууд орж ирлээ. Монголд Оросын хэчнээн ч цэргийн бааз хаана хаана байрласан юм монголчууд тоо алдсан. Оросууд цэргийн баазаа Монголоор тоолуулах нь бүү хэл хилийн шугам давахдаа бүртгүүлээ ч үгүй биз. 100 мянга орчим цэрэг дарга ирсэн гэх цуурхал тарсан. Тэдний хүнс хоолны зөвхөн талыг даах гэж бяцхан Монгол сунчиндсан. Орос цэргийн анги хүнд зэвсэг техникээр хээрийн сургууль хийж, манай эмзэг хөрсийг улаанаар эргүүлэв.

Аймгийн намын бага хурал дээр төлөөлөгч болсондоо хөөрч юуг ч шүүмжлэх эрхтэй гэх намын дүрэмдээ итгэсэн коммунист малчин Орос цэргийн ангийнхан байгаль сүйтгэж байна гэж шүүмжлээд золтой л буудан авсангүй. Орос цэргийн ангийнхыг яаж ч дураараа дургисан толгойгүй болохоос айсан монголчууд хараад л чив чимээгүй суудаг болсон нь мөн ч гашуун байж билээ. Орос цэргийн дээрэм хулгай зодуур алаан хүчин энд тэндгүй гарч ам дамжин шивнэлдэнэ.

Орос цэргийн анги орж ирээгүй бол биднийг Хятад аль эрт атомдаад зүйл дуусгасан гэх суртлыг ухуулж, хүн амын харанхуй хэсэгт итгүүлж дөнгөсөн. Энэ сурталд гүнзгий автагсад “Хятадын аюул” хэмээн ташаа тулж хаахалзах нь сүртэй. Гудамжинд хөөрхөн алаг эрээн тэмдэг хятадууд хаясан гэнэ. Түүнийг авбал дэлбэрнэ гэж хүүхдэд сургууль ухуулна. Дэлбэрсэн тохиолдол гараагүй. Зуны нэг үдэш хотын гэрэл дагаад баахан эрвээхэй бороо мэт асгарав. Гудамжны гэрлээр явган хүний замыг битүү бүрхэж, хөлд гишгэгдэн няцрах нь эвгүй. Юун эрвээхэй вэ гэж хүмүүс цочирдож эхэлтэл хятадууд онгоцоор цацчих шиг боллоо. Маш сонор сэргэг бай. Хятад биологийн дайнаа туршсан байж магадгүй гэж зөвлөлтөд үнэнч бөгөөд эх оронч ухуулагчид сүржигнэв. Гэтэл биологийн дайн нь ой сүйтгэгч Сибирийн нэг төрөл эрвээхэйн нүүдэл болж таарлаа.

Байсхийгээд л атомын бөмбөгнөөс амиа аврах “үзүүлэх сургууль” хийнэ. Хорогдох байр барих хүч хөрөнгөгүй улс юм чинь Хятадын атомнаас толгой, биеэ цагаан даавуугаар битүү бүтээгээд түрүүлгээ харж хэвтэх сургалт явуулна. Итгэл үл төрүүлэх тийм дасгал байн байн хийх залхуутай. Дан цагаан даавуу атомын бөмбөгнөөс аварна гэхэд нэг л үнэмшилгүй. Бид энэ хичээлд их дургүй оролцоно. Атом дэлбэрвэл цагаан даавуу цацраг идэвхээс хамгаалж үнэндээ чадах бол уу? Юутай ч маанаг монгол тархинд “Хятадын аюул” гэх арилшгүй эмгэг суулгаж дөнгөв. Атомын цацрагаас аврах цагаан даавууны онол ЗХУ-аас хойш мартагджээ. 

М.Горбачев Дэн Сяопин нарын зөөлрөлөөр манайхаас ЗХУ цэргийн баазаа татав. Ажилсаг луу хүчжиж энэ лууны сүвээнд тусгаар улс байх тавилангаа тооцож, Ю.Цэдэнбалын хятадыг эгүрт дайснаа хэмээж бай гэсэн онолыг орхиод төр засаг маань аядуу, ухаалаг, соёлтой, хуулиараа харилцаж эхэлсэн юмсан. Хятад хууч харшилтнууд баллачихгүй бол. БНХАУ-д хэдэн сая ах дүүс минь Оросын буриадуудыг бодвол монгол хэлээрээ яриад, биднийг бодвол худам үсгээ хэрэглээд амьдарч буй. Тэд маань манж-зүрчдүүд шиг уусчихгүйн тулд биднийгээ түшиг тулгуур болох учиртай яс махны тасархай гэж төрөлсөнө. Орос ах, хужаа гэх хэтэрхий ялгаатай мунхаг үзлээр ил задгай хийрхэлгүй аль алинд нь монжуулж дарлуулахгүй, өдөж хатгахгүй, хуулиа яс баримтлаад, хоёуланг ав адил хүндэтгээд, амгалан айлсах-монгол хүн бүрийн дотор ухаан болоосой. Хамгийн гол нь хоёр хөршийнхөө дургүйг хүргэхгүй соёлтой амьдарч сур.

Түүхэндээ хятадууд биднийг яасан, бид тэднийг яасан нь сурвалж бичгүүдэд бий. Манай тусгаар тогтнол Ялтад сэргэх замдаа орсон. НҮБ-д элссэн. Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлагдах ялтай В.Путин тэр байгууллагын гишүүн Монголд айлчлах болсонд сошилоор хужаа эрлийз гэх ой гутам хараал дүүрэн. В.Путины Монголд зочлох болсныг БНХАУ-тай холбох ямар ч үндэс байхгүй. Нүүрс зэс хүдрийг маань авч хэдэн доллартой болгож буй их хөрш маань бас гадны түрэмгийлэлд хаалт болох нигууртай. Энэ таатай ховор өгөгдлөө устгах хорон санаа өвөрлөөд байна уу зоолсон троллуудаа. Өөрсдийн чинь зорилго уу гадны тулгалт уу. Эсвэл хэдэн цаас уу.

Хэт их гүрэн өчүүхэн хөршөө няц цохих гэвэл даяаршлын зуунд шившиг нь тэр дороо дэлхийгээр тарж нэр нүүрээ барна. Манай хоёр аварга хөршийн нэг нь тэгье гэхэд нөгөө нь өмөөрөөд зогсохгүй цаана нь даян дэлхий хамгаална. ХХI зуунд аюулт зэвсгийн сүрдүүлэг олон улсын хууль дүрэмд хазаарлагдлаа гэж горьдном. Цөөн буурай бидэнд бурхны гэлтэй энэ аврал юутай чухал бэ. Нэгийг хэт бялдуучилж, нөгөөг хэт муулдаг ядуу улсын хоёр нүүрт өөдгүй зуршил өнгөрсөн түүх болон алсраасай.

Ц.Доржготов /2024.09.01/ baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (127.0.0.1)
    2 хөрш занавал манайхыг даян дэлхий өмөөрнө гэлээ та, тэгээд энэ 2 дээгүүр давж ирээд хэн нь өмгөөлөх вэ. Тодорхой хэлээч. Ингэж иш үндэсгүй, нотолгоогүй юм бичиж олон түмнийг үймүүлэхээ болиоч
    2024 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 12 цаг 44 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 14 цаг 33 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 14 цаг 45 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 14 цаг 50 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 16 цаг 7 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 16 цаг 15 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 16 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 17 цаг 27 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 17 цаг 31 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 17 цаг 41 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 17 цаг 50 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 18 цаг 4 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 18 цаг 12 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top