Ерөнхий сайдын энэ оны нэгдүгээр сарын 12-нд гаргасан албан даалгавраас дурдаж энэ асуудлыг эхэлье. Албан даалгаварт заасан хугацаа, агуулга нь“2024 оны эхний хагас жилд хэрэгжилтийг эрчимжүүлэх төсөл арга хэмжээний тухай” гэснээс нь хэн ч харсан УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой гэдгийг таамаглана. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар учраас хэрэгжих ёстой. Тэгээд ч даалгаврын заалтууд нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улсын хөгжлийн 2023 онытөлөвлөгөөнд тус тус тусгагдсан. Үүнд “Боомтын сэргэлтийн хүрээнд” гээд 1.4-т нь “Цагаан дэл уулын жишиг боомт байгуулах” гэж тодорхой заагаад Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Зам тээврийн хөгжлийн сайд, Гадаад харилцааны сайд нарт нэр заан үүрэг өгсөн боловч огт хэрэгжсэнгүй.
Нэр дурдсан сайд нар үүргээ биелүүлсэн боловч Ерөнхий сайд өөрийн амаар зарлаж түдгэлзүүлсэн боомтоо өөрөө албан бичиг цаасаар шийдвэр гаргаж өгөхгүй байгаа учраас Цагаан дэл уулын олон улсын жишиг гэж тодорхойлсон боомтын ажил гацжээ. Үүнээс гарах арга замыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө л гаргах учиртай. Тэр нь маш амархан. Уг төслийн ажлыг яаралтай үргэлжлүүлж явуулах шийдвэрээ албан бичгээр өгчихөд л төслийн ажил үргэлжлэхэд бэлэн байна.
Энэ бүхэн юунаас болсон бэ гэхээр 2022 оны 5 дугаар сарын 27-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллаж орон нутгийн иргэдтэй уулзалт хийх үеэрээ “Цагаан дэл уулын боомтыг нээх тухай Засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолыг түр түдгэлзүүллээ” гэж мэдэгдсэн. Үүнээс болоод төсөл урагшлах ямар ч боломжгүй болсон.
Ерөнхий сайдыг түдгэлзүүлэх тухай дээрх мэдэгдлийг хийснээс хойш гурав хоногийн дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 30-нд БНХАУ-ын талаас БНХАУ ын ӨМӨЗО-ы Өлзийт боомтын удирдлагын хорооноос Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны харьяа Хилийн боомтын Үндсэн захиргаанд хандан Монгол, Хятадын “Өлзий- Цагаандэл уул” боомтыг нээж байгуулахад идэвхтэй, тогтвортой хамтын ажиллааг зохицуулахад дэмжлэг үзүүлэх тухай захидал ирүүлсэн байдаг.
Дээрх захидал ирсний маргааш болсон Засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 31-ний хуралдааны тэмдэглэлээс нь харахаар энэ боомтоо нээнэ, замаа барина, Ажлын хэсгийг яаралтай байгуулж ажиллая гэсэн зүйл яригдсан ч одоогоор энэ ажил нь гацчихаад байна.
Азаар хэдийгээр сонгууль угтаж уг албан даалгавар гарсан ч байсан гэсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаж, МАН-ынхан олонх болсон болохоор төсөвлөсөн ажлуудаа хэвээр нь үргэлжлэх байх гэж найдъя. Гэвч энэ чинь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн найруулахдаа хэлэлцээ хийж жагсаалтад оруулсан ажил шүү дээ, Ерөнхий сайд аа! БНХАУ-ын тал хоёр улсын төр, засгийн хэмжээнд тохиролцож протоколдсоны дагуу ажлаа хийчихээд, боомт нээх Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна.
Цагаан дэлийн боомтын яагаад чухал вэ? Юуны өмнө энэ төсөлд Монголын төрөөс нэг төгрөгийн хөрөнгө оруулалт ч ороогүй. Хятадын талаас манай улсад 1.6 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь зөвхөн боомтын барилга, гаалийн хяналтын талбайд зарцуулагдсан хөрөнгө. Харин дотоодын ААН-үүд зам, дэд бүтцийн ажилд зарцуулсан хөрөнгө нь 30-аад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гэнэ. Одоо очоод үзсэн ч уг боомтод зориулан тохижуулж автозамаар тогтохгүйшаардлагатай бүх зүйлсийг барьж байгуулаад, зарим байршуулсан байсан хилээр нэвтрэх тоног хэрэгслээ түр буцааж зөөчихөөд хүлээгээд гайхшраад сууцгааж байна. Бүр маш гоё орон сууцны хотхон хороолол,барилга байгууламж барьчихаж. Гэтэл манай тал хов хоосон, нээх эсэх нь ч эргэлзээтэй, замаа ч шалгарсан компаниараа бариулахгүй гацаачихаад байж байна. Концесст шалгарсан компани нь Засгийн газрын тэмдэглэлээр өгсөн үүргийг биелүүлж орон нутгийн удирдлагууд болон нөлөөллийн гурван сумынхаа удирдлагуудтай уулзаж тохиролцжээ. Төслийн ач холбогдол, үр ашгийг малчид, иргэдэд тайлбарлан таниулсан байна. Нөлөөллийн бүсийг хоёр км байсныг нь таван км болгож, нөхөн олговрын дүн 5-15 сая төгрөг байсныг нь өрх бүрт 10 сая төгрөг болгож тухайн газар нутгийн иргэд, малчидтай харилцан ойлголцож гэрээ байгуулсан, Байгаль хамгаалах, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг орон нутгийн иргэд, ТББ-уудтай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Мөн Хүрмэн сумыг Даланзадгад хоттой холбох 60 км хатуу хучилттай автозам барих зураг төслийн ажлыг эхэлж эхний 30 км замаа бариад эхэлж байна.
Ийнхүү хоёр улс хоёр талаасаа боомтоо барих ажлаа бэлэн болгочихоод байхад Монголын Засгийн газар “түдгэлзлээ” татсангүй. Ер нь тэрхүү түдгэлзсэн шийдвэрийн үр дүнд ямар гоё, сайхан, эдийн засгийн хөгжилд хэрэгтэй зүйл болсон юм бэ, Ерөнхий сайд аа? Үүнийг л ойлгохгүй байна. Хэрэв Засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолыг түдгэлзүүлээгүй, өнөөдрийг хүртэл боомтоо бариад ашиглалтад оруулчихсан бол ямар байхсан бол?
Эсвэл “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Боомтын сэргэлт” зэргээсээ хойш сууж, мөн л түдгэлзүүлэх үү?
Малчдад нөхөн олговор өгч тохиролцсон боловч нутгийн иргэд, ТББ-ууд төслийг ойлголоо, Төр, засгийн шийдвэрийг албан бичиг цаасаар авчраад ажлаа хийхэд чинь саадгүй дэмжинэ гээд байдаг. Хятадын тал хөрөнгөө оруулж баахан гоё боомт барьж байгуулчихаад Монголын Засгийн газрын шийдвэрийг хүлээгээд байдаг. Ийм л зүйл болоод байна. Тэгэхээр Боомтыг хэн боомилоод байна вэ?
Ташрамд энэ боомт, автозамыг бариулахгүй байх хэнд ашигтай вэ гэдэг хардлага болон факт дурьдахадБаяннуур аймгийн Ганцмодноос манай Гашуунсухайт боомт хүртэлх тээвэрт гацаа үүсгэн тээврийн зардлыг өсгөж ашиг хонжоо олоод сурчихсан Өмнөговь аймаг дахь нэр бүхий удирдах албан тушаалтнууд тэргүүтэй бүлэглэлүүдийн явуулга боомтыг гацаахад маш их нөлөөлдөг. Үүнийг ковидын үед тэрхүү бүлэглэл нэг тонн нүүрсийг 200 ам.доллароор 30 км зайд тээвэрлэж ашгаа хувааж авдаг байсан хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байсан нь ч нотолдог. Энэ ашгаа санагалзаад байдаг бүлэглэл бол Цагаандэл уул боомтын хөгжлийг ч, автозамын бүтээн байгуулалтыг нь ч гацаахыг л санаархана. Үүнийг анхааралдаа авна гэж найдъя.
Засгийн газрын “мега төсөл”-ийн ерөнхий дүр зурагаас харахад экспорт руу чиглэсэн олон заалт байна. Үүнд монголчууд алга ташна. Харин экспортлох гарцаа хэзээ нээх юм бэ? Тэр гарцууд яагаад мега төсөлд дурдагдахгүй байгаа юм бэ? Нүүрс-хими, кокс-химийнболон гангийн үйлдвэрүүд гэхчлэн бидний хийж бүтээх, барьж байгуулах их үйлсэд алхам тутамд, үйлдэл бүрт мөнгө хэрэгтэй. Энэ бүхнийг экспортын орлогогүйгээр, тээвэргүйгээр яаж төсөөлөх вэ? Энэ онд төлөвлөсөн 32 сая тонн нүүрсээ тээвэрлэхэд дахиад нэг гарц, боомттой болчихсон бол хэчнээн сайхан байх вэ? Боомт нь тэнд бэлэн байна. Авто замыг нь бариг л дээ. Засгийн газрын “мега төсөл” хэрэгжээд эдийн засгийн өсөлт 6 болон түүнээс дээш өсөг, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 8000-10000 ам.долларт хүрч ядуурлын түвшин хоёр дахин буурна гэж заасан бүхэн нь биелэг гэж монгол хүн бүхэн хүсэж байгаа. Гэтэл яаж боомтоо нэмэхгүйгээр, дотоодын ААН-ээ байг гэхэд хөршийнхөө оруулсан хөрөнгийг эргэлтэд орох нь байтугай алхам ч хөдлөхгүй гацааж царцаачихаад байхад хэн хөрөнгө оруулж, төр хувийн хэвшлийн тухай яаж цаашид ярих билээ? Автозамгүйгээр боомт үгүй, боомтгүйгээр экспорт үгүй, экспорт үгүйгээр хөгжил яриад ч хэрэггүйг Танд сануулах нь илүүц биз ээ.
Ийм том асуудал үүсчихээд байгааг “олон том” асуудлынхаа дундаас олж харж, өөрөөсөө шалтгаалах хамгийн амархан шийдвэрийг гаргаж нэгэн сайхан боомтын ажлын боймыг өөрөө тайлж харуулна гэдэгт найдаж байна.
У.Оргилмаа /baabar/.mn