Ниссан Мотор компани зуны улиралд автомашины дотор салоныг халалтаас хамгаалах технологи туршиж байна.
Ингэхдээ нарны гэрэлд бага халдаг технологитой будгийг ашиглаж байгаа ажээ.
Хэрвээ автомашиныг ийм будгаар буддаг болбол дотор талдаа бага халж, агаар сэрүүцүүлэгчийн эрчим хүчний зарцуулалтыг бууруулах ач холбогдолтой юм байна.
Ниссан компани энэ чиглэлд халдаггүй материал үйлдвэрлэгч Radi-Cool компанитай хамтран ажиллаж байгаа ажээ.
2023 оны арваннэгдүгээр сард Ниссан 12 сарын хугацаатай туршилтыг Токио хотын Ханеда нисэх буудлын талбайд эхлүүлсэн юм.
Ингэхдээ Radi-Cool компанийн гаргаж авсан тусгай будгаар ANA (All Nippon Airways) компанийн нислэгийн талбайд ашигладаг Nissan NV100 автомашиныг буджээ.
Ханеда нисэх буудлын асар том задгай талбайд өдөржин наранд ажилладаг автомашиныг турших нь хамгийн тохиромжтой гэж үзсэн байна.
Хэдийгээр туршилтын хугацаа дуусах болоогүй байгаа ч будгийн үр дүн харагдаж эхэлжээ.
Тухайлбал тусгай будагтай автомашины гадаргуугийн температур ердийн будагтай автомашинтай харьцуулахад Цельсийн 12 хэмээр буурч, дотоод салоны агаарын температур Цельсийн 5 хэмээр буурсан байна.
Radi-Cool компанийн будаг нарны гэрэлд хариу үйлдэл үзүүлдэг хоёр төрлийн бичил бүтэцтэй хэсгийг агуулдаг ажээ.
Нэг хэсэг нь нарны хэт улаан туяаг буцааж ойлгодог байна. Нөгөө хэсэг нь нарны цацрагийг эсэргүүцэх үйлчилгээтэй цахилгаан соронзон долгион үүсгэдэг ажээ. Ингэснээр цацрагийг автомашины гадаргаас агаар мандалд шилжүүлдэг юм байна.
Халдаггүй будгийн технологи шинэ зүйл биш бөгөөд ихэвчлэн байшин барилгад ашигладаг байжээ.
Гэхдээ ийм будаг маш зузаан тул заавал өнхрүүшээр буддаг ба гадуураа тунгалаг өнгөлгөөгүй тул гар хүрэхэд ул мөр үлддэг юм. Халдаггүй будгийн автомашинд зориулсан хувилбарыг гаргаж авахад дээрх асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байжээ.
Ниссан компанийн судлаачид 2021 оноос хойш ажилласны үр дүнд автомашины ердийн будгаас зургаа дахин нимгэн буюу 120 микрон зузаан, давстай ус, механик зураас, химийн урвал зэрэг гаднын нөлөөнд тэсвэртэй хувилбарыг гаргаж авсан юм байна.
“Миний мөрөөдөл бол эрчим хүч зарцуулахгүйгээр сэрүүн байдаг автомашин бүтээх. Энэ нь ялангуяа агаар сэрүүцүүлэгчийн ажиллагаа нь цэнэг хураагуурын нөөцийг ашигладаг цахилгаан автомашины эрин үед чухал ач холбогдолтой юм” гэж Ниссаны Судалгааны Төвийн дэвшилтэт материалын лабораторийн ажилтан, доктор Сусуму Миура ярьжээ.
Эх сурвалж: IKON.mn