x

П.Сэргэлэн: Булангийн орнууд манай улсаас долоо хоногт 100 тонн мах авна

Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэнтэй Булангийн орнуудад мал, мах экспортод гаргаж байгаа асуудлаар ярилцлаа.

-Булангийн орнуудад мал, мах гаргах асуудал яригдаж, танай Элчин сайдын яамны оролцоотойгоор ХАЛАЛ стандартыг эх орондоо нэвтрүүлсэн гэж сонслоо. Энэ талаараа та дэлгэрүүлж ярина уу?

-Миний хувьд 2022 оны зургадугаар сарын 1-нд Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Өмнө нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ажлыг хийж байсан хүний хувьд тухайн улс оронд Монголынхоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг гаргах зорилго тавьж ажилласан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгавар ч байсан. Ерөнхийлөгч надад эх орныхоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, аялал жуулчлал зэрэг асуудлыг хөгжүүлж, эдийн засгийг өргөжүүлэх тал дээр хичээж ажиллаарай гэсэн юм. Үүний ч дагуу ажилласан. Ажлаа аваад сарын дараа буюу 2022 оны долдугаар сараас махны чиглэлээр ажиллаж эхэлсэн. Кувейт улсын бүхий л супермаркет, дэлгүүр, захаар явж үзсэн. Махны үнэ ч их өндөр байдаг. Тийм болохоор Кувейтын мах худалдаалдаг 30-40 компанитай холбоо тогтоож байж хэдийг нь сонгож уулзалт хийгээд, үйлдвэр, агуулах, тээвэрлэлтийг нь үзээд Монголоосоо махаа экспортлоё гэсэн зорилго маань улам лавширсан.

Махаа экспортолъё гэхээр зөвшөөрлүүд хэрэгтэй болж эхэлсэн. Кувейт улсын Гадаад харилцааны яамны харьяа Хүнс, хоол тэжээлийн ерөнхий газар гэж байдаг. Эндээс зөвшөөрөл өгдөг юм. Ингээд удирдлагуудтай нь уулзаж, өөрийн зорилгоо танилцуулсан. Гэтэл өөдөөс тэд маань шаардлагаа тавьж эхэлсэн. Ийм бичиг баримтууд бүрдүүлэх, нөхцөл шааардлага нь ийм байсан тохиолдолд танайхаас мах авч болно гэж хэлсэн. Үүн дээр ХАЛАЛ сертификатын асуудал яригдсан. ХАЛАЛ сертификатыг манай улс өмнө нь өөр улсуудаас дунджаар 10 мянган ам.доллар төлж авдаг. Зардал, чирэгдэл ч өндөртэй гэдгийг махны салбарынхан хэлж байсан. Гэтэл энэ өөр улсуудаас авсан ХАЛАЛ сертификатыг зөвшөөрөхгүй гэсэн. Саудын Арабад байрлах Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөр дамжуулан танай улс өөрсдөө ХАЛАЛ сертификат олгодог болчихвол экспортын асуудал яригдана гэдгээ тэд хэлсэн. Ингээд Стандартчилал, хэмжил зүйн газраас ноднин жилийн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлээд бид дотооддоо ХАЛАЛ сертификатаа махны үйлдвэрүүддээ өнгөрсөн сарын сүүлээр албан ёсоор олгож эхэлсэн. Энэ ажлыг манай Элчин сайдын яам анх санаачилж, гардан зохион байгуулсан.

Мөн ХХААХҮЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар, НҮБ-ын аж үйлдвэрийн байгууллага UNIDO гэсэн газрууд хамтран ажилласныг дурдах нь зүйтэй. Энэ олон байгууллага, хүмүүсийн хүчин чармайлтаар өнөөдөр Монгол Улсад ХАЛАЛ стандарт нэвтэрч байгаа юм. Дундад Ази, тэр дундаа муслим шашинтай улсуудад хонины махны хэрэглээ маш өндөр. Тэр утгаараа манай улсын зорилтод зах зээл эдгээр улсууд юм. Энэ долоо хоногт Кувейт улсаас махаа авахаар компаниуд манай улсад ирнэ. Тэдгээр компаниуд нь Булангийн орнууддаа сүлжээгээр тараадаг. Тэгэхээр зөвхөн ганц улсад биш, бүхий л Булангийн орнуудад манай улсаас мах очно гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр ХАЛАЛ стандартаа нэвтрүүлчихсэн манай аж ахуйн нэгжүүд махаа тухайн бүс нутаг, улсад өөрсдөө хүргэж өгөхгүй. Худалдан авагч тал нь өөрсдөө ирж авах юм байна, тийм үү?

-Өөрсдөө ирээд шууд онгоцоор аваад л явна. Ноднин жилийн гуравдугаар сард манай Элчин сайдын яамнаас Кувейт улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулж, манай улсын махны чиглэлийн 11 аж ахуйн нэгж очиж, мах худалдаж авах хүмүүстэйгээ уулзсан. Кувейт улсаас ч гэсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд нь ноднингийн арваннэгдүгээр сард Монголд ирж, нөхцөл байдалтай танилцаад явсан. Харин одоо бол үнээ тохироод гэрээгээ байгуулах л ажил үлдсэн. Үүн дээр нэмээд малын эрүүл мэндийн гэрчилгээ гэж том зүйл бий. Мөн хорио цээр, хил гаалийн асуудлуудтай холбоотой бүхий л бичиг баримтууд цэгцэрсэн.

-ХАЛАЛ стандарт гэж яг юуг хэлээд байна вэ?

-ХАЛАЛ стандарт гэдэг нь ерөнхийдөө тэдний шашны зан үйлтэй холбоотой. ХАЛАЛ гэдэг үг нь зөв аргаар бэлдсэн хоол хүнс, мөнгө гэсэн утгатай. Харин ХАРАН гэдэг нь буруу арга гэж байгаа юм. Бүх зүйл нь ном журмын дагуу л бэлтгэгдсэн байх ёстой. Ер нь энэ муслим шашинтай улсууд шашнаа маш их хүндэтгэдэг.

-Манай улс гадагш нь мах, махан бүтээгдэхүүн гаргахад хамгийн том саад бэрхшээл нь мал, амьтны гаралтай өвчлөл байдаг шүү дээ?

-Үнэхээр тийм. Дэлхийн улс орнууд бүгд гишүүнчлэлтэй Дэлхийн мал эмнэлгийн байгууллага гэж байдаг. Хэрвээ энэ байгууллагын вэб сайтад тухайн улс малын гоц халдварт өвчинтэй гэж бүртгэгдвэл бүхий л импортууд хаагдчихдаг. Манай улс Кувейт, Саудын Араб улсуудад хориотой байсан.

-Энэ хориог цуцлуулахад та бүхэн бас нэлээд анхаарал хандуулсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Энэ асуудлыг бид ярьж, Мал эмнэлгийн ерөнхий газартайгаа, Дэлхийн мал эмнэлгийн байгууллагатай хамтарч ажиллаад энэ хорио цээрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард цуцалсан. Тэгэхээр одоо манай ямар нэгэн хориг байхгүй. Харин цаашдаа ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар малынхаа гоц халдварт өвчин дээр хяналт тавих асуудал яригдана. Хоёрдугаарт, бид цаашдаа махаа тогтвортой гаргая гэвэл эрүүл бүсээ бий болгоод явах нь зүйтэй. Манай махны үйлдвэрүүд ч гэсэн махаа бэлдэхдээ эрүүл бүсээсээ, вакцинаа хийлгэчихсэн, үзлэгт ороод баталгаажсан байдлаар бэлдэх хэрэгтэй. Ингэх юм бол танайд өвчин гарлаа. Тиймээс экспортыг чинь зогсоолоо гэдэг зүйл сонсохгүй ажиллах бүрэн боломж бий. Би ирээд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяртай уулзсан. Бүхий л зүйлийн талаар ярилцсан, дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

Тиймээс энэ аравдугаар сар гэхэд Булангийн орнуудын лангуун дээр Монголын мах худалдаалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Элчин сайдын яам зөвшөөрлөөс нь эхлээд худалдан авагчийг нь олж өгөх хүртэл бүхий л зүйл дээр санаачилга гаргаж, тусалж дэмжсэн. Одоо бол үнээ хоорондоо тохироод л явах асуудал үлдсэн. Элчин сайдын хувьд цаашдаа тогтвортойгоор л гарч байгаасай гэж хүсч байгаа. Эхний удаадаа долоо хоногт 100 тонн мах авна гэж байгаа юм. Цаашдаа манай улсын мах бэлтгэх хүчин чадлаас шалтгаалан хэмжээгээ нэмээд явах боломжтой гэсэн. Зөвхөн орон биш, бүс нутагтаа зарах учраас хэмжээ нэмэх бол асуудалгүй. Хамгийн гол нь бид чанартай, сайн махыг тогтвортойгоор нийлүүлэх юм. Ингэж чадах юм бол манай орны эдийн засагт маш том дэмжлэг болно. Цаашдаа махаас гадна ноос ноолууран бүтээгдэхүүн, хивс, хөдөө аж ахуйн гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг гаргах бүрэн боломж байгаа. Дээрээс нь аялал жуулчлалын салбарт бид өнгөрсөн зургадугаар сард Кувейт, Катар улсуудад аялал жуулчлалын анхдугаар форумыг хийсэн. Шууд нислэгтэй, харилцан визгүй болж байгаа. Тиймээс эдгээр улсуудтай хүнс, хоол тэжээл, соёл, эдийн засаг, бизнесээрээ илүү холбогдоод явна байх гэж харж байгаа. Манай улс Кувейт улстай дипломат харилцаа тогтоогоод 49 жил болж байна. Ирэх жил 50 жилийн ойгоо маш өндөр амжилтаар угтана гэж хичээн ажиллаж байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 6 цаг 35 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 8 цаг 24 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 8 цаг 36 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 8 цаг 41 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 9 цаг 58 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 10 цаг 6 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 10 цаг 27 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 11 цаг 18 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 11 цаг 22 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 11 цаг 32 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 11 цаг 41 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 11 цаг 55 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 12 цаг 3 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top