30 жил ээсэн нар үүлний цаагуур гэнэт шургавал бид цагийн аятайд юу ч амжуулсангүй гээд амаа барина. Угаасан нүүрс, баяжуулсан зэс, хүдрээ галт тэрэгний урт цуваагаар хил давуулж экспортолсон бол олон арван тэрбум доллар олж, чинээлэг улс болох байв гэж халаглах хүн бишгүй гарна. Хайран өгөгдлийг минь хэн бусниучхав гээд хэргийн эзнийг харанхуй улсдаа хайна. Багануурын ЦС-аа царцаалгүй, Эгийн УЦС-д БНХАУ-ын нэг тэрбум долларын нэн хөнгөлттэй урт хугацааны зээлийг орос олигархиудын шахалтад бууж өгч зогсоолгүй, V ба Таван толгойн ДЦС-аа гүрийсээр барьчихсан бол үүлэн чөлөөний нар далд орсон ч барьц алдахгүй. Цойлсон өсөлтөөрөө тансаг дэд бүтэц сүндэрлүүлж хараат бус чинээлэг улс болсон. Хот аймгаа орон сууцжуулж хорт утаанаас даяараа салсан гээд гаслалдана. Тэгж дөнгөсөн бол эзлэгдэнэ үү, уусна уу жийрэг болох учиртай. Юу юу ч үгүй эзлэгдэх, юу юу ч үгүй уусах-эмгэнэл. Төслүүдээ хөдөлгөөд айдгаа авдартаа хийчвэл нэг улсын хамааралд автахаа хумих тэнхээ сууна.
Үүлэн чөлөөнийх бус үүрдийн нар гээд мангарлаж явтал нээрэн нэг мэдэхнээ хуучиндаа орчихвол яах вэ? Дээд талдаа эрхбаригчид “ганц хатуу гарт чанга атгуулсан нийгэм дуулгавартай агаад захиргаадахад амар” гэхэд доод талдаа улны-шүдтэй тулмууд “баян хоосны ялгаагүй жаргана” гэж хөөрнө. Төгцөг надад гадарлах юм ганц байдаг. Тэр нь хуучин тогтолцоо. Би сайндаа мэддэг юм биш. Өнгөрсөн нийгэм бол миний нүдээр үзэж, биеэр эдэлсэн амьдрал минь юм чинь би мэдэлгүй яахав. 1980 оноос хойш төрсөн, дөч шүүрч яваа ч социализмыг үзээгүй-эх орноо чирэгч ид насныханд би туулсан амьдралынхаа захаас дурсах гэснээ болив. Намайг социализмээ дахиад л муулах нь гэж ад үзэгч олон. Тэдний зөв. Би улиг болсон.
Нийтийн өмчийг хувийнхаа өмчөөс илүү хайрлах, хамт олныхоо эрх ашгийг өөрийн эрх ашгийн дээр тавих онол биелэхгүйг маний үеийн хөгшид гадарласан. Социализмээс шантарсан би хуучин руугаа бүү буц, ардчилал чөлөөт зах зээлийн үнэт зүйлсийг Сингапур, өмнөд Солонгос, Японы жишгээр хөгжил болго гэж хойч үедээ захья. Та нар чадна. Бүү шантар. Бусдын чадсанд монгол гавал элбэгдэнэ.
Манж чин гүрэн унаж, ХХ зууны үүрээр ёлтойсон гэгээг эх оронч-ноёд лам нар ашиглаж дөнгөжээ. Оростой наалдаж тусгаар улс болсон маань их аз. Төлөөсийг нь ч айхтар төлсөн. Одоо ч төлж буй. Оросын ач тусад зуун жил мөргөлөө. Зөв. Цаашдаа ч мөргө. Гэвч дан мөргөлөөр духаа цоолсон ч хөгждөггүйг бид шарын шашнаас ойлгосон. Юу гэх гээв гэвэл Путиндээ, бурхандаа мөргөх ялдамд хөдөлмөр-бизнесээр баяжихаа бүү орхи гэх гэсэн юм. Нар ивээсэн 30 жилийг харамсалтай нь ашиглаж чадсангүй. Эх орноо ядуурлаас суга татах төслүүдээ яагаад гацаав гэвэл орос магнатуудаас айж, тэдэнд долигоноод! Юм нэгээр дуусдаггүй. Оросын ард түмэн Путингээ дэглэвэл Х.Баттулга аль талд орох бол. Удах ч үгүй биз.
Манай эрх баригчдын үнэ цэнэ навс унажээ. Тэд эх орноо сайхан болгоё гэж тэмүүлсэн нь үнэн хөөрхий. Ардчилал чөлөөт зах зээлийг сонгоод зүтгэсэн юм зайлуул. Гэвч 30 жилийн бөгсөнд юу болов? Улс хөгжих сайхан ч явцын дунд өөрөө баяжих бүр гоё нь солиоруулав. Мөрөөдөл ид шид шиг бүтсэнгүй. Өр зээлд унав. Авилга хяналтаас гарч хууль гууль болж хуйвалдагч-монжигчид оодорч баян хоосны ялгаа гаарч танил бус сорилт халиранхай залхуучуудыг шогнойлгов. Өрсөлдөөнөөр баяждаг ганц гарцтай чөлөөт зах зээлийн жамыг эрх баригчид зальдахаар сул олзонд хошуурлаа. Өөртөө хайргүй хүн байдаггүй ч олондоо хайртай нь бас л алга. Улсаа хөгжүүлэх хүслийг хувиа хичээх шунал дийллээ.
Монголд орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй. Нэг үгээр орос ах нар биднийг баруунаас харамлаад сүйд. Бидэнд тийм их хайртай юм бол гаалийн татвар нь аймаар баймгүй еэ. Худалдааны дайнтай Америк Хятадын татвар 12 хувь байхад ОХУ 1990 оноос Монголын бараанд 40-60 хувийн татвар тогтоож, нэг үгээр эдийн засгийн хоригт оруулсныг бид ухаарахгүй орос ахдаа мөргөсөөр маанагтана. Сүүлийн 30 жилд ОХУ-тай хийсэн худалдаанаас манайх 20 тэрбум доллар алджээ. Урд хөршийн худалдаа хэт их, хойд хөршийнх хэт бага байгаа нь удахгүй хужаагийн атганд орох цондон гэж эх орончид онолдоно.
Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх вэ. Нүүрсээ солилцох уу. Хоёул шороо чулуугаа зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад бидэнд төмөр зам тавиулсангүй. Хятадын мангасынх шиг ходоод Монгол, Оросынхоос гадна Австраль, Индонезийн нүүрсийг өлхөн залгидаг тул манай төмөр замыг их Орос гацаах-нэрийн хор уг нь. Ядмаг бидний өмнүүр нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Дорой Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр хорвоог элээх аугаа Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү.
Хятадын ханадаггүй хэрэглээ, тэдний хөрөнгө оруулах бэл бинчингээс олз уутлах гэж Монголоос бусад улс хошуурав. Аварга зах зээл, үсрэнгүй хөгжлөөс хаяа нийлсэн бид л 30 жил зугтав. Мөрөөрөө ч зугтсангүй. Оросод таалагдах гэж 70 жилийн зуршлаараа зүхэж доромжилно. Эдийн засаг голлосон өмнөд хөршийн хаялгыг өндийх гэж ядаж буй бид гарааны бизнес болгож, нэг хэсэгтээ овжноор ахиу хүртэж тамиржмаар. Тэнэгтээд тэгсэнгүй.
Валют олох ховор боломжийн нэг бол “Замын үүд” чөлөөт бүс. Хүн ам цөөн эл хуль нутагтаа зах зээлгүйн хяслангаас бэлжиж чадахгүй мухардсан манай муусайн бизнес эрхлэгч нарт минь ашиг хүртэх үүд энэ. Монголд валют цутгах энэ чөлөөт бүсийг 25 жил УИХ гацаав. Чөлөөт бүсээс хятад цагаачид манай руу бөөнөөр сэм урсана гэж 25 жил дүнхүү олноо айлгаж дөнгөсөн л байгаа юм даа. 25 жил гэдэг хөгжих хангалттай хугацаа. “Замын үүд” чөлөөт бүсэд 60 сая долларын дэд бүтэц 10 гаруй жил элсэнд булагдаж хэвтсэн гээд бодчих. Энэ бол наад захын нэг тэнэглэл. Тяньжин боомтоддоо газар өгч нүүрсээ далайд гаргаж үнэ хүргэх боломж олгосныг өдий хүртэл ашигласан бол мөнгөжих ч тусгаар тогтнолоо алдах байсан гэнэ.
Дэлхийн дээвэр дээр цөөхүүлээ зөдгий төрсөн маньд урд хөршийн хаялгаас ондоо ойр дөхүү боломж заяагаагүй тул тэдэнтэй харьцахаас өөр яалтай. Хэт наалдвал уусна гэж орос ах шордоод байдаг. Олон улсын хууль байна, НҮБ байна. Тусгаар улс шүү юм бол уусахгүйгээр айлсахаа өөрсдөө тааруулахаас ондоо зам алга. Ах араандаа зууна гэх айдас эдгэшгүй эмгэг болсон коммунист боолын сэтгэхүй илааршихдаа ужиг аж. Хөрш Солонгос Япон Хятадын үсрэнгүй хөгжлөөс зүүгдэх завшаан 1990 оноос нээгдсэнийг хулчгартаа Оросоос айгаад ашигласангүй. Бид дээрэлхүүлдгээ нуугаад зогсохгүй дээрэлхэгчээ ад хөдлөм өмөөрдөг мангуунууд. Доромжлуулах тусам ухаажмаар. Ухаажсангүй. Ухаажвал оросууд биднийг мал биш хүн юм байна гэж юу магад. Гэхдээ юун түрүү харийн зэвхийнүүдтэй нөхөцсөн банхруудаа гурван саяул элбэж дэглэ.
Тайваний хятадууд Монголыг алдсан нутгаа гэдэг. Тийм үзэлтэй хятадууд эх газарт нь байдаг л биз. Тэглээ ч Хятад манай тусгаар тогтнолыг 1946 оны 1-р сарын 6-нд, Орос мөн оны 2-р сарын 27-нд 52 хоногийн хойно зөвшөөрсөн. Манай тусгаар тогтнолд маргаан үүсэх үндэсгүйг олон улс хүлээсэн тул зөрчигдөх ёсгүй. Энэ чухал баримт бол үүлэн чөлөөний нар гээд буйд үйлчлэх олон улсын хууль-эрх зүйн хамгаалалт юм. Зөрчигдвөл дэлхий шуугиж НҮБ шүүнэ. Тэгээд ч хар нүүрсэнд шунаж нэрээ хөөдөх гүрэн ХХI зуунд гарахгүй. Хятадаар айлгах геополитик бол угтаа ядуу биднийг экспортоор хожих орос магнатуудын мэх юм.
Оросод 70 жил хөтлөгдсөн БНМАУ хоцрогдож, өрөнд баригдсан нь үнэн. БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И Монголд зочлохдоо, хурд эрчээ авсан манай хөгжлийг аль болох сайн ашигла гэсэн биднийг. Дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон Хятад ядуу хөршөө харамгүй дэмжиж гялс хөгжүүлье гэхэд мануус өөдөөс нь “хужаа” гэж салаавчилдаг. Хамтаръя тусалъя гэвэл манай эх орончид хужаа нар бидэнд сайндаа бус орос ахаас холдуулах өмхий санаа гаргалаа гэж омогшдог. Үүнд өмнөд хөршийн дургүй хүрч бидний голоо зогоодог нүүрс хүдэр зэс махыг авахгүй болчвол орос олигархиуд инээд алдах нигуртай. Учир нь тэд кокс зэс хүдрээр арвин биднийг хуурч экспортын хугацаа хождог ах нар. Оросууд барууны нөлөөг Монголоос хамтарч холдуулъя гэж өмнөд хөршийг ятгасан мэдээ цацагддаг болов. ОХУ-ын Думын дарга В.Володин манайд ирээд “Түүхээ сайн санаж яваарай, мартвал та нарт муу юм болно шүү. Хоёр орны хуулийг уялдуулж хийнэ” гэж диктовальдав.
Кремлийн аварга улаан нударга дор сөхөрч байсантайгаа жишихэд хөгжих зөрөг зурайгаад 30 жил өнгөрөв. Энэ ховор өгөгдлийг монгол хүн бүр үүлэн чөлөөний нар гээд хөгжлөө яаравчлан гялалзуулах байжээ. Хэрэг хартай нь дээр юу ч тохиолдоо билээ гэж яарсангүй. АНУ, Орос, Хятадын дэргэд Монгол улс Тува Якут анзааны хөөрхий орон. Өчүүхэн Монгол их улстөрд хутгалдалгүй эдийн засгаа сэм бөөцийлсөн бол хожих байж-үүлэн чөлөөний наранд. Тэгсэнгүй. Тэнэгийн ухаан үдээс хойш гэдэг. Хэдэн том төслөө хөдөлгөх Төр сонгогдоосой гэх нэг буурайн гурван саяынхаа төлөөх залбирал гэж энэ бичвэрийг минь болгооно уу.
Аврал сүйрэл хоёр хоорондоо өрсөлдөн амдан отож байна. Монгол улсаа “аз”, “эз” хоёрын алинтай золгуулахыг шийдвэрлэх хувьтай иргэн болж төрсөндөө залуус та нар баярла. Эрин зууны түүхэнд эгзэгтэй үеийг олж төрсөн та нар учиртай монголчууд. Бүх юм өнгөрчихөөгүй байна. Яг одоо шиг ийм үнэтэй агшин бидэнд эргэж заяахгүйг ухаар! Боломжоо эгүрт алдчихаад амаа барин харамссаар өлбөрч ядуурснаас алдаагүй, алдах онохыг шийдэх гээд тунгааж буй энэ торгон агшин яасан үнэтэй вэ. Алдвал энэ агшин хоосон дурсамж болно. Аврал уу, сүйрэл үү? Авралд хүрэх боломж дүүрэн байна. Буруу алхвал сүйрэх ангал ёроолгүйг мэд. Дүүрэн боломжийг бүрэн ашиглахад нэг хүний зүтгэл ганцдана. Хүн ам нийтээрээ-нэг хүн шиг нэгдсэн чармайлт гаргавал лусын агуу хишгээр баян орон болно. Энэ бол үлгэр биш. Сүйрэл ч үлгэр биш. Хар цагаан хоёр зам өмнө чинь дурайж байхад үр хүүхэд минь та нар алиугаар нь морилох гээд байна? Онгон догшин лус савдгийн элэнц хулинцаас цээртэй ордуудад гар хүрэх эгзэгтэй түүхэн хариуцлага та нарт тохиов. Гараа, санаагаа сайн ариулаарай*.
Ц.Доржготов /baabar.mn/
Сэтгэгдэл (2)