Ихэнхдээ номч хүний номхон даруу дүрээр нийтийн өмнө ил гардаг, Стэнфордоос олсон мэдлэг, хандлага, багш нарынхаа тухай, нийгмийн шинэчлэлийн тухай ярьдаг УИХ-ын дарга маань ойрдоо жаахан ааш муутай байна. Өчигдөр (пүрэв гаригийн) чуулганы хуралдаан дээр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг сүрхий өндөр дуугаар загнаж гэх үү, асууж гэх үү байгааг үзвэл. Гол агуулга нь Засгийн газраас шийдвэр гаргаад улсын төсвийн хөрөнгөөр ТЭЗҮ-ийг нь хийчихсэн Байдрагийн УЦС-ыг Унгарчууд хүүгүй зээлээр барьж өгье гэсэн чинь мань Ч.Хүрэлбаатар “Би зөвшөөрөхгүй ээ” гээд гэдийчихсэн тухай.
Уг нь бол Эдийн засгийн хөгжлийн сайдын хэлсэн тэр үг, үйлдлийг Засгийн газар танхим дотроо хэлэлцэх ёстой зүйл боловч танхимдаа багтахгүй болсон учраас чуулган дээр ил ярихад хүрсэн нь энэ байх.
Ерөнхий сайд бол танхимын тэргүүн гэдэг утгаараа шийдвэр гаргахад дангаараа 50 хувийн жин дардаг. Ерөнхий сайд дээр нэмэгдээд салбарын сайд нь гараа өргөхөд л Засгийн газрын шийдвэр болдог дүрэмтэй. Гэтэл Эрчим хүчний сайд ч биш, Эдийн засгийн хөгжлийн сайд нь ганцаараа тэгнэж хэвтээд, улс оронд зайлшгүй шаардлагатай, бүр “хоолой дээр хутга тавьчихаад байгаа” гэж болох эрчим хүчний том төслийг гацааж байна гэдэг яавч эрүүл хүний ухаанд багтахааргүй зүйл. Энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ямар нэг хэмжээгээр гаднын сүүдэр туссан, шуудхан хэлэхэд “гар хөл” нь яваад байна аа л гэсэн үг.
Үнэндээ бол УИХ-ын даргын Засгийн газарт, Засгийн газрын гишүүдэд хандаж хэлсэн хатуу үг анхных нь биш. Гишүүдийн олонхиор түрж, намаараа дарж хэвтэж байгаад гаргадаг улс төрийн олон шийдвэрүүд дээр УИХ-ын дарга л ганцаараа сөрж, үг хэлж харагддаг. Заримдаа бүр сөрөг хүчин ч юм шиг болчихсон явдаг. НӨАТ-ын 2 хувийн буцаалтыг 5 хувь болгох иргэдийн саналыг УИХ-ын дарга л D-Parliament (энэ платформ ч гэсэн түүний санаачлага байсан) дээр байршуулж, 100 мянган хүний гарын үсгээр УИХ-ын хэлэлцүүлэгт оруулсан. Харамсалтай УИХ-ын олонхи Сангийн сайдын хэлсэн “Төсвийн орлого дутчих гээд байна” гэдэг ганцхан үгээр 5 хувийн буцаалтыг унагасан. Араас нь ногоон автобусны сонсголыг явуулахаар Түр хороо байгуулсан, олон ч удаа шахаж шаардсан боловч олонхийн бүлэг, Түр хорооны гишүүд одоог болтол гараа халаасандаа хийчихээд, ширээн доогуураа “хуруугаа гаргаад” сууж байгаа.
Товчхондоо УИХ-ын гишүүд нь хүртэл Засгийн газартаа, тойргийн мөнгөндөө, төсвийн мөнгөөр хийгддэг том худалдан авалтууд, тендер энэ тэрд барьцаалагдчихаад Засгийн газрынхаа өөдөөс үг сөрж чадахаа байчихсан МАН-ын бүлэг дотор Г.Занданшатар гэдэг хүн "олон хар хэрээн дундах ганц цагаан хэрээ” болсон. (Угаасаа намынх нь нэр хүнд нэг эмэгтэй гишүүний хэлсэнчлэн "ул шаланд" уначихаад байхад нэг хүний хувьд үүнээс дээгүүр байх ч боломжгүй юм) Нэгдүгээрт, сүүлийн 20 жил явсан улс төрийн замнал гэж юм байна. Хоёрдугаарт, эрх биш тойрог тэгнэж хэвтсэн том бизнесүүдтай харьцуулахад нэр цэвэр, аваа өгөөний барьцаа байхгүй учир үгээ зоригтой хэлж чадаж байна. Эрх баригч нам, УИХ дахь намын бүлэг дотор энэ дайны боловсролтой, бодлоготой, зарчим ярьдаг улстөрч хуруу дарам цөөн л дөө.
Б.ЗАЯА